Одоогоос 100 жилийн өмнө буюу 1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан Ардын Засгийн газрын VI хурлаар Цагдан Сэргийлэх байгууллагын эх суурийг “Сэргийлэх цэрэг” нэрээр цэргийн яамны харъяанд байгуулсан нь Монголын Цагдаагийн байгууллагын үүсч хөгжсөн түүхийн эхлэл юм.
“Сэргийлэх цэрэг”-ийн гүйцэтгэх үүрэг нь хуулийн биелэлэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн хэв журам хамгаалахад чиглэж байжээ.
Гэхдээ түүхийн хуудсыг урагшлуулан сөхвөл Монголын цагдаагийн түүх 1911 онд Богд хаант улс байгуулагдсан үеэс гэдгийг мэдэж болох аж. 
Энэ нь манай улс Манжийн захиргаанаас гарч тусгаар тогтнолоо тунхагласан үе юм. Тухайн үед Богд Жавзандамбыг хаан ширээнд залахад цагдаагийн хамгаалалт гарч байв. Бас таван яамны тамгыг цагдаа нар хүргэн өгч байсан түүх байдаг.
Тэгвэл бас 1916 онд Богд хааны зарлигаар “Нийслэл хүрээний Цагдан сэргийлэх албаны газар”  гэж байгуулж бүрэлдэхүүнд нь цэргийн хороо, суман хэлтэс, тасаг салааны зохион байгуулалттай болж өргөжсөн.
Ардын Хувьсгалын дараа 1926 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий газрыг байгуулсан байна. Уг газрыг Улаанбаатар хотын захиргаанд харьяалуулж 51 хүний орон тоотой болгосон юм билээ.

Тэр үед нийслэл хотод Англи, Америк, Германы 62, Хятадын 1440, Оросын 166, Төвдийн 19 пүүс, хоршоо ажиллаж байв.
Мөн нийслэлийн хүн амын бүртгэлийг харвал албан ёсны бүртгэлтэй 433 хүн байж, харин худалдаа наймааны ажлаар орж гардаг 200 хүн нэмэгддэг байсан юм билээ. Явуулынхан гэж тэднийг нэрлэдэг.
Иймээс нийслэлд дээрэм, хулгай, танхайрах хэв журам зөрчих явдал тасардаггүй байсан гэдэг.
Түүнчлэн хөдөөгийн нийслэлд ирж мах, сүүгээ зардаг. Үүнийг дагаад дамын наймаа дэлгэрэх нөхцөлтэй болсон учир цагдаагийн байгууллагын чиг үүрэг өдрөөс өдөрт өргөжиж байжээ.
Удалгүй хөдөө аж ахуй, уул уурхай, барилга болон батлан хамгаалах салбарт автомашин өргөн ашиглах болсноор машин тэргэний хөдөлгөөнийг хянан зохицуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хариуцах мэргэжлийн байгууллага шаардлагатай болов. 
Тиймээс 1936 онд Сайд нарын зөвлөлийн тогтоол гаргаж Улсын Цагдан Сэргийлэх газрын дэргэд “Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс” гэж байгуулагдсан юм.
Ер нь Монголд автомашинтай болсон түүхийн эхлэлийг сонирхвол Орос, Хятадаар дамжиж наймаа эрхэлдэг, монголчуудаас түүхий эд авдаг гадаадын пүүс хоршоодбн эздийн машин анх орж ирсэн. 
Бас Богдхаан болон Сайнноёнхан Намнансүрэн, Түшээ гүн Лувсан, Бэйс Лувсанцэрэн зэрэг хүмүүс машинист байсан гэдэг. Хэд хэдэн машинтай ч байж л дээ.  Тухайлбал 1913 оноос Чита хотод суурьшиж байсан Германы худалдаачин Вейнерман нийслэл хүрээнээс Хиагтын хооронд автотээвэр хийж байв. 
Өндөр Гонгор морьт цагдаа байсан түүх бий. Монголд автомашин олширохын хэрээр гудамж замын хөдөлгөөнийг зохицуулах шаардлага ч бий болсон учир БНМАУ-ын хил хязгаар  дотор хэрэглэх түр журам гэдгийг 1925 онд гаргасан байдаг.
Энэ нь улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн эх суурь нь юм. Түүнээс хойш замын хөдөлгөөний дүрэм журам улам боловсронгуй болж Монголын нутаг дэвсгэр, хотын гудамж талбайд авто хөсгийн аюулгүй байдлыг хангах ажил бүрэн дэг журамд орж замын цагдаагийн үйлчилгээ, үйл ажиллагааны стандарт бий болжээ.
Замын цагдаагийн байгууллага, ажилтан эрхэм зорилготой. Түүндээ заасан “Бид замын хөдөлгөөнд оролцогчдын найдвартай туслагч, итгэлт түнш байх болно” гэсэн зарчмыг чанд баримтлан ажилладаг болсон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.15 БААСАН № 203 (6680)