С.САРУУЛ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 21-24-нд зохион байгуулахаар болжээ.  Цар тахлын үед болох гэж байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр төлөвлөн зохион байгуулалтыг хийж байгааг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга "Энэ удаагийн цэрэг татлага нь цар тахлын үед болж байгаагаараа их онцлог байх юм. Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлагын байрыг бэлдсэн бөгөөд хүн хоорондын зайг бариулах, амны хаалт зүүсэн эсэхэд хяналт тавих гэх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлнэ. Зарлан дуудах мэдэгдлээ авсан иргэд харьяа дүүргийнхээ цэрэг татлагын байранд очиж, сахилга баттай байх учиртай. Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчдын эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу өмнө нь их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдыг суралцах хугацаанд нь түр чөлөөлдөг байсан. Харин одоо мөрдөгдөж буй Цэргийн албаны тухай хуулиар оюутныг чөлөөлөх заалт байхгүй. Иймд цэрэг татлагын байранд очиж, эрүүл мэндийн үзлэгтээ орох ёстой. Оюутан байлаа гээд цэрэгт явахгүй гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ ар гэрийн гачигдалтай, гадаадад суралцахаар явсан, албан томилолтоор яваа болон цэрэг татлагын өдөр очих боломжгүй болсон хүмүүсийг Цэргийн штаб дээр хүлээн авч уулзаж байгаа" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn