С.УЯНГА

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа ээлжит зочноор Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Ч.Баянжаргалыг урьж ярилцлаа. 

Сонгодог нотариатын үйлчилгээ дэлхийн маш олон оронд  үүсэж хөгжөөд 800 гаруй жил болсон гэж үздэг. Монголд нотариатын чиг үүргийг журамлаад 99 жил, бүтэц зохион байгуулалт тогтоод 96 жилтэйгээ золгож байна.

-Монголын Нотариатын байгууллага 96 жилтэйгээ золгож байгаа нь энэ салбарын ач холбогдол, цар хүрээг харуулж байна л даа. Энэ урт хугацаанд нотариатын байгууллага түүхийн ямар зам туулж ирэв? 
-Сонгодог нотариатын үйлчилгээ дэлхийн маш олон оронд  үүсэж хөгжөөд 800 гаруй жил болсон гэж үздэг. Тэр ч утгаараа нотариатын ач холбогдол, хууль зүйн чиг үүрэг цаашид ч байсаар байхыг түүх гэрчилж байна гэсэн үг. Харин Монголын Нотариатын байгууллага ардчилсан хувьсгалын үетэй нас чацуу гэж хэлж болно. 1922 онд Гадаад яам, Сангийн яамтай харилцан тохиролцож аливаа дотоод гадаадын пүүс хоршоо, ард иргэдийн “Харилцан тогтоосон гэрээ бичгийг данснаа гэрчлүүлэн тэмдэглэх тухай дүрэм” боловсруулж баталсан байдаг. Нотариатын чиг үүргийг анхлан тодорхойлсон эрх зүйн акт бол энэ. Үүний дараа Ардын Засгийн газрын 1925 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 38-р хуралдаанаар батлагдсан Шүүх явдлын яамны дүрмэнд “Гэрээ зэргийг гэрчлэх хэргийг эрхлэх санаа” нэртэйгээр нотариатын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хамгийн анх эрх зүйн хувьд журамласан түүхтэй. Нотариатын чиг үүргийг журамлаад 99 жил, бүтэц зохион байгуулалт тогтоод 96 жилтэйгээ золгож байна. 
Өмнөх нийгмийн үед нотариатын дүрмүүд үйлчилж байсан бол анхны Нотариатын тухай хууль 1985 онд батлагдсан. Энэ хууль нэлээн системчилсэн өргөн хүрээтэй болсон ч 1990 оны өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээнд үйлчлэлийг нь зогсоосон байдаг. Социализмын үед нотариатын чиг үүргийг төрийн албан тушаалтан хэрэгжүүлж байсан бол шинэ Үндсэн хууль тунхагласнаар хувийн хэвшилд шилжүүлэх нь тохиромжтой гэж үзсэн. 1992 онд анхны хувийн нотариатч ажиллах журам гарч, түүнийг томилж таван жил ажиллуулж туршсан нь төрийн алба хэрэгжүүлэхээс илүү үр дүнтэй байсан тул 1997 онд Нотариатын тухай хуулийг баталж нотариатчийн эрх зүйн байдлыг тогтоохоос гадна удирдлага болгох зарчим, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, гэрчлэх үйлдлийн төрөл, үйл ажиллагаанд оролцох Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх хэмжээ, зөвшөөрөл олгох, сахилга хариуцлагыг зохицуулсан юм. 
Харин 2011 онд Нотариатын тухай гурав дахь хууль батлагдсан нь нотариатчдын эрх зүйн байдлыг бэхжүүлж, үйл ажиллагааг олон улсын жишигт ойртуулсан гэж хэлж болно. 
-Нотариатч гэж хэн бэ. Ямар мэдлэг боловсрол, ур чадвартай байх ёстой. Улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулдаг, үнэ цэнэтэй хүмүүс вэ гэдэг ойлголт нийгэмд бүрхэг байдаг л даа. Энэ талаар яривал? 
-Манай улсад 280 орчим нотариатч ажиллаж улс орны өнцөг булан бүрд иргэдэд үйлчилж байна. 
Нотариатч нь эрх зүйн дээд боловсролтой, бакалавраас доошгүй зэрэг цолтой, мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажиллаж, хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хуульч байх ёстой. Үүний дараа нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн мэргэшсэн хуульч байх ёстой. Өөрөөр хэлбэл, нотариатын үйлчилгээг мэргэшсэн хуульч үзүүлдэг учраас хуулийн зохих шаардлага хангасан байна гэсэн үг. Төр иргэдээ хууль зүйн баталгаагаар хангах чиг үүргээ төрийн байгууллага, албан тушаалтнаар дамжуулан хэрэгжүүлдэг. Гадаад улсад Консулын газар, зарим суманд Тамгын газрын дарга, хуулийн мэргэжилтэн нотариатын үүргийг гүйцэтгэж байгаа. Харин нотариатын байгууллага бол хуульд зааснаар төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг үндсэн субъект юм. Бид иргэддээ хүртээмжтэй, шуурхай үйлчлэх, алслагдсан сууринд орон тоо нэмэх зорилгоор удахгүй нотариатчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах гэж байгаа. Энэ сонгон шалгаруулалтаар шинэ залуу боловсон хүчин нэмэгдэнэ.
Нотариатч бол тухайн эрх зүйн харилцаанд оролцож байгаа үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу зөвлөгөө өгөх, гэрээний төсөл боловсруулах, эрх зүйн үр  дагаврыг тайлбарлах замаар тухайн үйлдлийг гэрчилж өгдөг. Гэрчилсэн баримт нь хэрэг маргааныг шийдвэрлэх үндсэн нотолгоо болдог хууль зүйн ач холбогдолтой баримт. Мөн нотариатын баримт бичиг шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгүүлэх онцлог зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл, нотариатын гэрчилсэн баримтыг үндэслэн шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана  гэсэн үг. Энэ нь иргэдэд зардал бага, улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй, гурван шатны шүүх дамжиж цаг хугацаа алдахгүйгээр эрх ашгаа хамгаалуулах боломжтой маш чухал ач холбогдолтой. Тиймээс “Нотариатчийн мэдэгдэх хуудас”-ыг иргэд сайн ойлгож нотариатчтайгаа зөвлөж гэрээ, хэлцэлдээ тусгаж өгвөл хэрэгжих боломжтой юм.
Нотариатчид нэгэнт төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас гэрээ хэлцэл гэрчлээд зогсохгүй төрийн байгууллагууд жишээлбэл,  Улсын бүртгэлийн байгууллага, Авто тээврийн үндэсний төв, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт нийлүүлэх үүрэг хүлээдэг. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн дагуу сэжигтэй үйлдлийг гэрчлэхээс татгалзах, гэрчилсэн тохиолдолд мэдээлэх замаар түүнтэй тэмцэх тодорхой чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Гэрчилсэн баримт нь хэрэг маргааныг шийдвэрлэх үндсэн нотолгоо болдог хууль зүйн ач холбогдолтой баримт. Мөн нотариатын баримт бичиг шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгүүлэх онцлог зохицуулалт байдаг.

-Таны хувьд танхимын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд салбартайгаа хэр ойр байв? 
-Би эрх зүйч мэргэжилтэй. 21 насандаа нотариатчийн мэргэшлийн шалгуурыг хангаж, нотариатын үйл ажиллагаа эрхлээд 19 жил болж байна. Их, дээд сургуулиудад эрх зүйн чиглэлээр багшилж ирсэн. Мөн өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаад хуулийн дагуу 2011 онд түдгэлзүүлж, нотариатын ажлаа сонгосон. Нотариатын эрх зүйн асуудлыг онолын талаас нь анх авч үзэж судалсан “Нотариат” номоо 2005 онд хэвлүүлсэн. Үүндээ тулгуурлаж нэлээдгүй эрдэм шинжилгээний бүтээл бичиж, 2021 онд “Нотариатын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгааллаа. Миний энэ судалгаа бол салбарынхаа эрх зүйн зохицуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх анхны суурь судалгаа болж байгаа. Үүн дээр үндэслээд олон чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх, хөгжүүлэх боломж нээгдэж байна.  
-Нотариатчдын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олгодог. Танхим 280 нотариатчын эрх ашгийг хамгаалах, ёс зүй, сахилга хариуцлагад хэрхэн хяналт тавьж, ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ? 
- Нотариатын тухай хуульд 2019 онд орсон өөрчлөлтөөр  Монголын Нотариатчдын танхим нийтийн эрх зүйн статустай болсон. Танхим гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд анхаарч, нотариатчид ажиллах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, үйлдсэн гэрээ хэлцэл нь хууль ёсны бол мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой эрхийг нь тууштай хамгаална гэсэн үг. 
Нотариатчид бусад хуульчдын адил хариуцлага хүлээдэг. Энд нэг зүйлийг онцлоход, танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Нотариатчдын танхим, шүүхийн байгууллагын төлөөлөл багтдаг. Энэ бүрэлдэхүүнд шүүгч оролцон шийдвэр гаргах нь эрх зүйн онолын хувьд учир дутагдалтай гэж ажиглагддаг. Сахилгын зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргадаг. Сайдын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана. Гэтэл зөрчил, маргааныг шийдвэрлэхэд оролцсон шүүгч тухайн шатны шүүхийн бүрэлдэхүүнд байхыг үгүйсгэх аргагүй. Сахилгын зөвлөлд мэргэшсэн хуульч байж болох ч шүүгч оролцоход шүүмжлэлтэй хандаж байгаа. Шүүхийн тухай хуулиар ч шүүгч нарыг хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрахыг хориглосон байдаг. Энэ мэтчилэн 2019 онд оруулсан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт нь бусад хуультай зөрчилдсөн заалт орсноос гадна нотариатчдын эрх зүйн байдлыг дордуулсан заалтууд орсон. Жишээлбэл,  сахилгын шийтгэлийг ёс зүйн болон хуулийн хэм хэмжээ гэж зааглахгүйгээр оногдуулахаар, мөн хөөн хэлэлцэх хугацаа нь бодит байдалтай нийцдэггүй гээд нэлээд шүүмжлэлтэй хандах заалтууд бий. Хууль хэрэглэх явцад засагдах байх аа. 

Иргэний үнэмлэхний хуулбарыг заавал нотариатаар гэрчлүүлэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

-Танхим удирдаж байх хугацаандаа гишүүдийнхээ ур чадварыг өсгөх, хөгжүүлэхэд  хэрхэн анхаарах вэ. Ойгоо ямар амжилт бүтээлээр угтаж байна? 
-Манай Нотариатын байгууллагын өдөр жил бүрийн аравдугаар сарын 16н-ы өдөр тохиодог. Зах зээлийн нийгэмд зохицож амьдрахын тулд ямар ч төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн мэргэшиж, хөгжиж байх ёстой. Энэ утгаараа нотариатчдаа хөгжүүлэх, мэргэшүүлэх асуудалд онцгой анхаарч байна. Энэ ажил олон жилийн өмнөөс системтэй, тасралтгүй явж ирсэн. 
Хуульчид бүгд жилд дөрвөөс доошгүй кредит цагийн хичээл үзэж давтан сурдаг. Нотариатч  мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг учраас нэмээд тусгай нарийвчилсан сургалт захиалж судалдаг. Тухайлбал, миний бие “Нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үндэслэл болох нь” гэсэн сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулж, Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлсэн. Энэ сургалтыг нотариатчид судалж, практикт хэрэглэж байгаа нь их үр дүнтэй болж байгаа.  Мөн нотариатч нь ажил үүргийн онцлогоосоо шалтгаалаад иргэний болон хуульчийн, нотариатчийн ёс зүйг баримтлах нарийн хэм хэмжээг зохицуулж өгснөөрөө онцлогтой. Тиймээс нотариатчийн мэргэжлийн ёс зүйд тулгарч болох саад бэрхшээлийг даван туулах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсээс сургалт авдаг. 
Энэ жил 96 жилийнхээ ойг угтаж бүх нотариатчид “Хувь хүний харилцаа хандлагын чиглэл”-ээр хичээл судлахаас гадна ажлын байраа тохижуулахад анхаарч байна. Мөн нотариатын ач холбогдлыг нийгэмд таниулах ажлуудыг хийж, ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. 
Манай байгууллага олон улсын түвшинд, тэр дундаа Азидаа нэлээн идэвхтэй хамтын ажиллагаатай явж ирсэн. 2013 онд 100 орчим орны нотариатын байгууллага нэгдсэн Олон улсын нотариатын холбооны гишүүн болсон. Холбооны журмын дагуу 2019 онд манай улс Азийн хэрэг эрхлэх комиссыг хариуцаж, Ерөнхийлөгчөөр сонгогдож, эх орондоо олон улсын томоохон хурлыг хийсэн. Танхимын гадаад хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөн. Цахим системээс эхлээд хөгжлөөрөө ч нэлээн дээгүүрт ордог.  
-Нотариатчид гэрчилж болохгүй зүйл гэж байх уу. Иргэдэд үйлчилж буй үнэ тариф их, бага байх уу? 
-Гэрчилж болохгүй зүйл бий. Хууль тогтоомж, олон улсын гэрээнд харшилж байвал тухайн бичиг баримтыг гэрчлэхгүй. Мөн төрөөс тусгай зөвшөөрөл авдаг үйл ажиллагааг хувь хүн юм уу зөвшөөрөлгүй этгээд эрхлэхтэй холбоотой асуудал байвал гэрчлэхээс татгалзах ёстой. Нотариатч төрийн гэрчлэх үүргийг гүйцэтгэж байгаа учраас олон нийтэд үзүүлж буй үйлчилгээний үнэ тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тогтоодог. 2011 онд төрөөс тогтоосон тарифыг дагаж мөрддөг учраас үнэ хөлс их, бага байх гэсэн ойлголт байхгүй. Арван жилийн өмнөх жишгээр л ажиллаж байна. 
Ер нь хүн болгон нотариатаар үйлчлүүлэхгүй. Зөвхөн өөртөө шаардлага бий болсон үед буюу орон сууц, газар худалдах, худалдаж авах, автомашинтай болох, үл хөдлөх хөрөнгөө өөрчлөх гээд хэрэг болсон үедээ л нотариатаар ордог. Тэгэхээр нотариатчдыг тамга дараад мөнгө олоод суудаг гэж харах нь өрөөсгөл юм. Нотариатчийн үйлчилгээний  цаадах эдийн засгийн үнэ цэнэ, хариуцлагыг  юутай ч жишиж боломгүй өндөр байдаг учраас бахархалтай ажил юм л даа. Иргэд нотариатаар үйлчлүүлээд олон эрсдэлээс өөрийгөө хамгаалж, хууль, эрх зүйн зөвлөгөө авч, эрх зүйн харилцаанд оролцдог. 


 

Нотартиатчид иргэний үнэмлэх шаардахгүй, хурууны хээг нь уншуулаад хувийн байдлыг тогтоож, үйлчилгээ үзүүлээд хоёр жил болсон. 

Хүслээр болдог бол цахим нотариат системийг хөгжүүлэхэд гарч байгаа зардлыг төрөөс нэг удаа санхүүжүүлж өгвөл маш том дэмжлэг болно. Олон нийтэд ч тустай. 

-Олон нийтийн шүүмжлэлд өртөж буй нэг зүйл бол иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлдэг явдал. Ямар нэг гэрээ, хэлцлээ нотариатаар батлуулахгүй бол ямар үр дагавар үүсэх бол? 
-Хүний суурь эрхтэй холбоотойгоор эрх зүйн үүднээс үүсэж болох эрсдэлийг тайлбарлаж, гэрчлэх эрхийг төрөөс нотариатчдад олгосон байдаг. Нотариатч үйлчлүүлэгчийн хүсэлтээр тодорхой үйлдлийг гэрчилж болно гэсэн ерөнхий агуулгыг томьёолж хуульчилсан байдаг. Гэхдээ тухайн үйлдлийг заавал гэрчилнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэхний хуулбарыг заавал нотариатаар гэрчлүүлэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр үйлчлүүлэгчийн өөрийнх нь хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар гэрчилдэг. 
Нийгэмд өөрөө биечлэн зогсч байхад миний иргэний үнэмлэхээр юу нотлоод байгаа юм гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тухайд нэг зүйлийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тухайн хүний иргэний үнэмлэхний хуулбарыг баталгаажуулж байна гэдэг нь энэ хүн мөн гэдгийг баталж байгаа хэрэг биш. Монгол Улсын ийм регистрийн дугаартай, овог, нэртэй иргэний үнэмлэхний хуулбарыг л гэрчилж байгаа гэсэн үг юм. Ер нь үйлчлүүлэгч иргэний үнэмлэхээ гэрчлүүлж буй практикийг харахад хоёр зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, тухайн хүн бичиг баримтаа хууль ёсны байх итгэл төрүүлэхүйц, баталгаатай хүчин төгөлдөр байлгах боломжтой гэж үзэж байгаа хандлага байна. Ялангуяа, гадаад улс руу явуулж байгаа бичиг баримтыг нотариатаар батлуулах нь илүү хууль ёсных гэж үзэх үндэслэлтэй. Хоёрдугаарт, тухайн хүн өөр бусад этгээдтэй бизнесийн ч юм уу ямар нэг байдлаар эрх зүйн харилцаанд оролцоход гуравдагч этгээдээс хууль ёсны бичиг баримт авчирч өгөхийг шаардаж байна. 
Энгийнээр хэлэхэд, хоёр хүний хооронд байгуулсан маш чухал хамтын ажиллагаа, өмчлөх эрхтэй холбоотой бичиг баримтаа алдах, үрэгдүүлэх, хэн нэгэн нь байхгүй болоход ямар асуудал үүсэхийг урьдчилан мэдэхгүй. Магадгүй нотариатаар гэрчлүүлсэн бол чухал бичиг баримтаа үрэгдүүлэх, нөгөө тал өөрт ашигтай хэлбэрээр мэдүүлэх эрсдэлийг хаах бололцоо нээгдэнэ. Нотариатын архивт таны бичиг баримт хадгалагдаж байна гэсэн үг. Мөн нотариатаар батлуулснаар хоёр талд хууль зүйн хувьд үүрэг хүлээлгэх, үүргээ сайн дураар биелүүлэх нөлөөллийг ухамсарт нь суулгаж өгдөг ач холбогдолтой. 
-Бид улсаараа цахимд шилжих үйл явц эрчимтэй өрнөж байна. Нотариатын байгууллага дижитал шилжилтийн хаана нь явна вэ? 


 

-Монгол Улсад гэлтгүй дэлхий нийтээр  хөгжлийн нэгэн шинэ үе давлагаалж байгаа нь цахим шилжилтийн эрин үе юм. Нотариатч нар цахим шилжилтийг нэлээн дээрээс урьдчилж харж, хэрэгжүүлж эхэлсэн. Бид 2012 онд танхимдаа “Цахим нотариат” ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь би томилогдож тэр жилээ Эстони улсад очиж туршлага судалж, бодлогын хувьд цахимд шилжихээр зорьж ажилласны үр дүнд хоёр жилийн өмнө цахим системийг нэвтрүүлснээр үйлчилгээгээ хялбарчлах, төрийн байгууллагатай мэдээлэл солилцох, иргэдээс олон төрлийн бичиг баримт, тодорхойлолт шаардах чирэгдлийг арилгаснаараа маш том ач холбогдолтой. Одоо бол иргэний үнэмлэх шаардахгүй, хурууны хээг нь уншуулаад хувийн байдлыг тогтоож, үйлчилгээ үзүүлээд хоёр жил болжээ. Мөн нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийг заавал төрийн байгууллагад аваачиж өгөх биш шууд илгээдэг байх боломж гарч байна. 
Цар тахалтай холбоотойгоор нотариат дээр заавал ирж үйлчлүүлэх боломжгүй нөхцөл үүсэж байгаатай холбоотойгоор дэлхий нийт зайн гэрчлэлтийн үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс бидний цахим шилжилтийн дараагийн үе шат нь нотариатын зайн гэрчлэлтийг нэвтрүүлэх асуудал юм. Үйлчилгээ авч байгаа хоёр хүн хамт ирэх боломжгүй буюу хоёр өөр газар байлаа гэхэд нотариатын цахим системээр видео уулзалт хийж, царайгаа харж харилцан ярилцаад холбогдох гэрээ хэлцлээ батлуулах боломж олгох юм. Ийм өндөр түвшинд хүрэх боломж ойрхон байна. Зайн гэрчлэлтийг нэвтрүүлэхээр судалж байна. Нэг асуудал байгаа нь иргэд тоон гарын үсэг хэрэглэх үйл явц жигдрээгүй байгаад гол бэрхшээл болж байна. Төрөөс бүх иргэдэд тоон гарын үсэг эзэмшүүлсний дараа цахимаар уулзалт хийгээд, тоон гарын үсгээр илгээснээр зайнаас гэрчлэх боломж нээгдэнэ.
-Салбараа таньж мэдсэн, бусдыг манлайлах үүрэг хүлээсэн хүний хувьд саад бэрхшээл, тулгамдсан асуудлыг юу гэж харж байна вэ? 
-Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулах үндсэн нөхцөл бол төсөв санхүүгийн асуудал байдаг. Хуулийн салбарт төсөв хангалтгүй байдгийн нэг нь нотариатчдад бас хамааралтай. Төрийн зүгээс дэмжээд, санхүүжүүлээд явсан төсөл хөтөлбөр байдаггүй. Хүслээр болдог бол цахим нотариат системийг хөгжүүлэхэд гарч байгаа зардлыг төрөөс нэг удаа санхүүжүүлж өгвөл маш том дэмжлэг болно. Олон нийтэд ч тустай. Цахим нотариатын системийн ТЭЗҮ-г гаргаад хөлсөөр хийлгэх юм бол маш өндөр үнэтэй юм билээ. Бидэнд тэр хэмжээний мөнгө байхгүй учраас олон жилийн хамтын ажиллагааны гэрээ, сар бүр төлбөр төлөх байдлаар зохицуулах гэж хичээж байна. 
Гэтэл Европын холбооны төслийн санхүүжилтээр Эстони улс цахим системээ иж бүрэн хийлгэсэн байдаг юм. Төр нэг удаа дэмжих юм бол ирээдүйд гарах зардлаас илүү их мөнгө хэмнэх бололцоо бүрдэнэ. Цахим системийнхээ талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам зэргээр гадаад, дотоодын олон байгууллагад хандаж тайлбарласаар л явна. Төрийн дэмжлэг олдоно гэж итгэж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)