Б.БЯМБАЖАРГАЛ

Энэ сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон буюу нийт 8300 тонн АИ-92 шатахууныг БНХАУ-аас импортлохоор болжээ. Тухайлбал, Хятадын тал Монгол Улс руу АИ-92 шатахуун тээвэрлэх 200 вагоныг төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж байгаа юм. Үүний дагуу есдүгээр сарын 26-28-ныг хүртэл өдөрт 50 вагон Замын-Үүд боомтоор орж ирсэн. Харин дөрөв дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос ачигдан өчигдөр Эрээн боомтод ирсэн байна. 
Мөн ОХУ-ын “Роснефть”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд есдүгээр сард 1500 тонн шатахуун нийлүүлэхээр тохирсон. Үүний 1210 тонн нь Монгол Улсад ирсэн бол үлдсэн 300 орчим тонн АИ-92 шатахуун  үйлдвэрээс ачигдан замдаа явж байгаа талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газраас мэдээллээ. Хятад улсаас импортлох 724 вагон шатахууныг төмөр замын хуваарьт оруулах, шуурхай гүйцэтгэх, татан авах ажилд ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, УБТЗ, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.30 ПҮРЭВ № 192 (6669)