Б.ТӨГС

“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Энэ жил нийслэлд борлуулалтын 600 цэг ажиллах бөгөөд эхний ээлжинд 200 цэгээр борлуулалт хийх юм байна. Борлуулагч нартай гэрээ хийх ажил үргэлжилж байгаа тул цэгүүдийн хаяг байршил одоогоор тодорхой болоогүй байгаа аж. 
Сайжруулсан түлшний борлуулалт эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа айл өрхүүд түлш худалдан авах эрхийн “Сайн” картаа баталгаажуулж, өрхийн бүртгэлдээ бүртгүүлэх ёстой. Учир нь, Засгийн газраас 2021-2022 оны галлагааны улиралд “Нэг өрх- нэг карт” зарчмыг баримталж, сайжруулсан түлшний борлуулалтыг хийхийг тус компанид үүрэг болгосон. Тиймээс айл өрхүүд гэртээ байгаа картаа өрхийнхөө бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай юм байна. Хэрэв бүртгэлгүй карттай бол түлш олгохгүй. 
Мөн гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүйгээр олгосон. Уг төхөөрөмж нь эвдэрсэн бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж засуулах боломжтой бөгөөд засвар авахааргүй гэмтэлтэй бол зайлшгүй шинээр худалдан авах шаардлагатай. Угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш худалдаалахгүй, мөн картыг нь идэвхжүүлэхгүй гэв. 

“Сайн” картаа хэрхэн бүртгүүлж, баталгаажуулах вэ?
Алхам 1: 

“Тавантолгой түлш” компанийн 7011-9400 дугаарын утсанд хандаж картаа идэвхтэй байгаа эсэхийг шалгуулна. Хэрэв идэвхжүүлэх шаардлагатай бол харьяа дүүргийнхээ ХҮТ-д очно. 
Алхам 2: 
Харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд очиж картаа идэвхжүүлэх болон шинээр авахдаа иргэний үнэмлэхний хуулбар, угаар мэдрэгчийг заавал авч очих шаардлагатай. 
ХҮТ-ийн байршил: 
Баянгол дүүрэг: 3-р хороолол “Номин” худалдааны төвийн ард VIP төвийн 5 давхарт 508 тоот 
Баянзүрх дүүрэг: Моннелийн уулзварын зүүн хойно Хаан банктай байрны 3 давхарт 301 тоот 
Сүхбаатар дүүрэг: 16-р хорооны Тоосгоны үйлдвэрийн эцсийн 33-5-41 тоот
Сонгинохайрхан дүүрэг: Толгойтоос уруудаад Хуучин Цэргийн хотхон 4-37 тоот
Хан-Уул дүүрэг: Вива Сити хотхон М-10-р байр 
Чингэлтэй дүүрэг: 7 буудал явах замд Завсрын буудал “Кольцо-2” барилгын урд хоёр давхар улаан хүрэн байшин. 


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.27 ДАВАА № 189 (6666)