Б.БЯМБАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.  Энэ удаа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг  урилаа.

НИЙГМИЙН ТҮҮЧЭЭЛЭГЧ, САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭГЧ БАЙХ ТОМ ЗОРИЛГО ТАВЬСАН 

Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радиогийн 87, телевизийн 54 жилийн ой тохиож байна. Тэгэхээр хагас зуун жилийн түүхтэй телевиз, 100-аад жилийн түүхтэй радиогийн хувьд хөгжлийн тун эгзэгтэй цаг үед ирээд байгаа юм. Тухайлбал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэр хүнд өнгөрсөн хугацаанд төсөв, санхүү, гадаад, дотоодын олон асуудлын улмаас төдийлөн сайн байсангүй. Ялангуяа өнгөрсөн нэг жилийн хугацаанд тун амаргүй үеийг тууллаа. Тэгэхээр ойн өдрийг баярын хурал, шагналын арга хэмжээ болгож өнгөрүүлэхээс илүү шинэ медиа корпораци болохоор томьёолсон. Корпорацийн зарчмаар явна. Өөрөөр хэлбэл, засаглалаа шинэчилнэ гэсэн үг. Учир нь бид олон жил төсвийн байгууллага шиг ажиллаж ирсэн. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз бол төсвийн байгууллага биш улсын төсвөөс хуулийн дагуу тодорхой хэмжээний дэмжлэг авдаг олон нийтийн статустай байгууллага. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нийгмийн түүчээлэгч, салбарын тэргүүлэгч байх том зорилго тавьсан. Үүний төлөө ажиллана. Ойн өдрөөрөө шинэ төслүүд хэрэгжиж шинэ менежментээр явах гэж байгаагаа олон нийтэд зарлана. 

УЛСЫН ТӨСВӨӨС ХАРААТ БАЙДЛЫГ ХАЛАХ ЁСТОЙ

Цар тахлын нөхцөл байдал медиа зах зээлд илүү нөлөөлж байна. Жишээлбэл, хувийн болон төрийн олон секторууд санхүүгийн хомстолд орсон учраас рекламын орлого буурч, Засгийн газрын шийдвэрийн дагуу цахилгааны мөнгө тэглэсэн учраас сарын хураамж зогссон. Мөн төсөв танагдсан. Нөгөө талдаа, Монголын үндэсний олон нийтийн телевиз бол үйлдвэртэй адил. Гэтэл цар тахлын улмаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Энгийнээр бол бидний бүтээгдэхүүний чанар буурч, тоо багассан. Гэхдээ коронавирус арилж үгүй болохгүй тул дасан зохицож зэрэгцэн амьдрах шаардлага үүслээ. Тэгэхээр бид шинэ менежментийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, “New media project” эхлүүлсэн. Санхүүжилтээ өөр хувилбараар шийдэхээр ажиллаж байна. Үеийн үед улсын төсвөөс санхүүждэг, хараат байдаг байдлыг хална. Гэхдээ улсаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн хуулийн заалт бий. Мөн үйл ажиллагааны орлогоороо санхүүжих ёстой байдаг. Тэгэхээр орлогын эх үүсвэрийг хайх чиглэлд ажиллаж үүнийгээ тодорхой болгосон. Хараахан зарлах болоогүй. Өөр орлогын эх үүсвэр бүрдүүлэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийж Санхүү, хөрөнгө оруулалтын газрыг байгуулсан. Үүгээрээ хөрөнгө оруулалтыг татаж том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Блиц 

Боловсрол:

  • 1989-1999 онд Өвөрхангай  аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр бүрэн дунд сургууль, Нийслэлийн СХД-ийн 67 дугаар дунд сургуулийг төгссөн 
  • 2001-2005 онд “Түгээмэл” дээд сургуулийг Олон улсын сэтгүүлч
  • 2018 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент
  • 2019 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг Бизнесийн удирдлагын Магистр

Ажлын туршлага: 

  • 2021 оноос МҮОНРТ-ийн Ерөнхий захирал
  • 2018 онд МҮОНТВ-ийн “Нээлттэй” хэлэлцүүлэг, “Нээлттэй хором” ток шоуны хөтлөгч редактор
  • 2017 онд МҮОНТВ-д “Цаг үе Үзэл бодол” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор “Цэлмэг” өдрийн хөтөлбөрийн санаачлагч продюсер, “Олон нийтийн цаг” нэвтрүүлгийн продюсер
  • 2015- 2017 оны Монголын анхны хэт өндөр нягтаршил бүхий 4К телевизийг санаачлан “4KMG медиа групп”-ын гүйцэтгэх захирал
  • 2014-2015 онд  “Монгол ТВ” Телевизийн Бодлого төлөвлөлтийн албаны дарга
  •   
  • 2010-2014 онд  “Монгол ТВ” Телевизийн Мэдээний албаны дарга  
  • 2009-2010 онд “Монгол ТВ” Телевизийн мэдээний албаны сэтгүүлч
  • 2007-2009 онд Япон улсад “Niibori” компанид дадлагажигч
  • 2005-2007 онд “Түгээмэл” дээд сургууль, “Харцага” дээд сургуульд сэтгүүл зүйн багш
  • 2001-2005 онд ММ агентлагт дагалдан
  • 1999-2001 онд “Тин Фар Гармент” компанийн цехийн чанар шалгагч

 

ЭКСПОРТЫН “БҮТЭЭГДЭХҮҮН” ГАРГАНА

Монгол Улс бол соёл, үүх түүхийн асар их баялагтай ард түмэн. Соёлын яамны бодлого, Ерөнхий сайдын гаргасан 2050 хөтөлбөр зэрэгт Монгол Улсын өв соёлыг дэлхийд сурталчлах зорилт бий. Монголын үндэсний олон нийтийн телевиз ч экспортын бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бид XXI зууны шинэ монгол иргэнийг бүтээлцэнэ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшихдээ гаргасан мөрийн хөтөлбөрт энэ зорилт бий. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд шинэ захирлуудын зөвлөл, удирдлагын баг томилогдсон. Цаашдын бидний хөгжлийн чиг хандлага медиа салбарын тэргүүлэгч болох ёстой. Дэлхийн улс орнуудын олон нийтийн статустай байгууллагууд салбараа “чирч” явдаг. Жишээлбэл, BBC Английн киноны салбарыг “тэжээдэг”. Гол захиалагч, үйлдвэрлэгч нь байдаг. Үүнтэй адил ажиллана. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн нэрээр дэлхийд хурдан гарч болно. Учир нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн холбооны гишүүн. Мөн бидний хамтарч ажилладаг гадаадын олон нийтийн статустай телевизүүд бий. Энэ боломжуудыг ашиглаж, дэлхийд гарахад амархан. Бидэнд маш том ирээдүй байгаа. Дэлхийд өв соёлоо таниулах, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн гаргахад хамгийн их боломжтой, потенциалтай, боловсон хүчний нөөцтэй байгууллага бол Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз. Нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглана. 
Үүний хүрээнд “Нүүдэлчин зөн” олон улсын төсөл хэрэгжиж Унгар, ОХУ, Казахстан гэсэн хэд хэдэн улсуудад бүтээлээ гаргахаар хэлцэл хийж байгаа. Хэрэв энэ төсөл амжилттай болбол дараагийн төслүүдээ хэрэгжүүлнэ. Мөн цар тахлын хүнд үед “Монгол бахархал-100” төслийг хэрэгжүүлж ТОП-100 аж ахуйн нэгжийг алдаршуулах контент хийж байгаа. Мөн “New media project” төслийн хүрээнд шинэ подкаст хийж, амрангаа хэл сурах төслийг эхлүүлсэн. Контент үйлдвэрлэх үйл явц удаан явагддаг төдийгүй цар тахлын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учраас хэдэн сарын дараагаас үзэгчдэд хүрнэ. Медиа салбар бол асар их ирээдүйтэй салбар. Бид нэг контентыг дэлхийд гаргаж чадвал түүгээр дамжуулан шууд бусаар орлого олох боломжтой. 

МОНГОЛЫН МЭДЭЭ СУВГИЙГ МЭДЭЭНИЙ БИЕ ДААСАН СУВАГ БОЛГОХ ШИНЭ ХӨТӨЛБӨР БАТЛАГДСАН

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз иргэдийн мэдэх эрхийг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна. Олон нийтийн статустай цор ганц байгууллага. Бие даасан хуультай. 2005 онд батлагдсан хууль үүргээ хангалттай биелүүлж байгаа. Өв соёл, түүх, зан заншил, уламжлал, танин мэдэхүй гэсэн нийгмийн бүх категориудад таарсан контентыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үйлдвэрлэдэг. Арилжааны телевизүүд бол эдгээр бүх категориудад нийцүүлэн контент үйлдвэрлэх нь ашиггүй учраас үйлдвэрлэдэггүй. Харин Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хүлээсэн үүрэг, хуулийнхаа дагуу ашиг харалгүй үйлдвэрлэдэг. 
Мөн үүн дээр иргэдэд тайлбарлах шаардлагатай нэг ээдрээтэй асуудал байгаа юм. Энэ нь “Телевизүүдийн холбоо” ТББ байгууллага Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлуулсан. Үүгээрээ үзэгчдээс хураамж авдаг. Тэр нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн сарын хураамж болох 1200 төгрөгөөс гурав дахин үнэтэй. Үүнд үзэгчид төөрөлдөж тэр мөнгийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз авж байгаа гэж ойлгоод байгаа. Түүнчлэн олимпийн шүүмжлэл байна. Олимп шууд дамжуулах эрхийг хагас жилийн дотор хөөцөлдөөд авдаг асуудал биш. Намайг томилогдож ирэхээс өмнө бүх яриа хэлцэл хийгдчихсэн байсан. Гэхдээ манайх паралимпид сэтгүүлч, зураглаачаа явуулж албан ёсны мэдээллийг өгч байсан цор ганц телевиз байсан. Энэ нь ч бидний үүрэг. 
Цаг үеийн болон хөндөх сэдвүүдийг үргэлж мэдээлдэг. Ногоон шошго нэвтрүүлгийн “Тэрэлжээс өмхий ханхалж байна” хоёр дугаарыг бэлтгэж хэлэлцүүлэг өрнүүлснээр тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа.Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр цаг үеийн бүхий асуудлыг мэдээлдэг. Дэлхийн 10 гаруй улс, 21 аймагт манай сурвалжлагч нар ажилладаг. Ийм өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг мэдээллийн хөтөлбөр Монгол Улсад байхгүй. Тиймээс мэдээллийг шуурхай хүргэх, хүртээмжийг сайжруулахын тулд Монголын мэдээ сувгийг албан ёсоор мэдээллийн бие даасан Мэдээ,мэдээллийн телевиз болгох хөтөлбөр баталсан. Ирэх сараас 17 цагийн мэдээллийн урсгал явдаг том суваг болгон өргөжүүлнэ. Мөн Монголын үндэсний олон нийтийн радиогийн хүртээмжийг 95 хувь хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Радио бол мэдээллийг зах хязгааргүй дамжуулж чадах мэдээллийн хэрэгсэл. Тиймээс радиогийн хоёрдугаар сувгийг нээж энэ сувгаараа түүх, өв соёлын бүтээлийг түгээнэ. 

ЗУУ ШАХАМ ЖИЛИЙН САН ХӨМРӨГӨӨ ҮНЭЛНЭ

Сонсогч, үзэгчдийн хүртээл болж амжаагүй асар их архив бий. Үүнийг эргэлтэд оруулах чиглэлд ажиллаж байна. Бүх архиваа үнэлгээжүүлнэ. Одоогийн байдлаар бидэнд үнэлгээний систем байхгүй. Албан ёсны байгууллагаар бүх архиваа үнэлгээжүүлчихвэл Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндсэн хөрөнгийн үнэлгээ төдийгүй үнэ цэн өснө. Үүнийг стратеги, бизнесийн шинэ гарц гэж харж байгаа. Энэ талаар оюуны өмчийн газар, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч ажиллаж байна. Архиваа үнэлгээжүүлээд эргэлтэд оруулна. Эргэлтэд оруулна гэдэг нь бүгдийг нь зарж борлуулна гэж ойлгож болохгүй. Үүнийг олон нийтэд үзүүлнэ. Хагас зууны өмнөх Улаанбаатар хотын дүрсийг сонирхсон хүнд үнэлгээний дагуу цааш хуулбарлаж зарах эрхгүйгээр зөвхөн өөртөө хадгалах нөхцөлтэйгөөр борлуулах боломжтой. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГОЛ ХҮЧ НЬ ХҮНИЙ НӨӨЦ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн гол хүч нь хүний нөөц. Гэвч өнгөрсөн хугацаанд боловсон хүчний бодлого тодорхой хэмжээнд алдагдсан байна. Тиймээс хүний нөөцийг чадавхжуулах, шинэ боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, ОХУ-ын Элчин сайдтай уулзалт хийж Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нягт хамтарч ажиллана. Мөн Унгар улсын төв телевизтэй хамтран бүтээл хийхээр тохирсон. Түүнчлэн, “Russia today” “Россия” сувагтай хамтарч экспертүүдийг урьж, хүний нөөцөө чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллана. Энэтхэгийн Засгийн газартай оюутан солилцооны хөтөлбөр, ОХУ-ын телевизүүдтэй мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажил хэрэг болгоод явж байгаа. Түүнчлэн, ерөнхий захирлын дэргэдэх ахмадын зөвлөх баг залуу мэргэжилтнүүдэд сургалт хийж байгаа. 
Мөн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бүтээл гаргахад техникийн шинэчлэл хийх шаардлага бидэнд бий. Гэхдээ маш сайн техниктэй студитэй хамтарч ажиллаж болно. Олон нийтийн статустай төв телевизүүд салбараа “чирдэг” гэдгийн жишээ нь энэ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз шударга, хамтарсан зах зээлийн зарчмыг баримталж ажиллана. Бидэнд дэлхийд гарах маш том боломж байна гэж хардаг. Боломжийг ашиглах чадамж Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд байгаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.27 ДАВАА № 189 (6666)