Б.БЯМБАЖАРГАЛ

ЦУОШГ-ын долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хэсгээр дулаан байхыг мэдээлсэн. Тэгвэл тааламжтай цаг агаарыг ашиглаж алтан шаргал намрын өнгийг мэдрээрэй. Энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг сонирхолтой аяллуудын мэдээллийг хүргэе.

ХЭТ ХӨНГӨН ОНГОЦООР АЯЛАХ БОЛОМЖТОЙ

Хэт хөнгөн онгоц буюу дельталёт болон автожираар байгалийн сайхныг агаараас харах боломжийг “X team” компанийн “Нислэг” төв олгож байна. Тухайлбал, “Нислэг” төвөөс санал болгож буй 10-12 минутын болон 20 минутын нислэгээс сонголтоо хийж нисэх боломжтой. 10-12 минутын богино маршрутын нислэгийн үнэ 125 мянган төгрөг байна. Нислэгийн хугацаа, маршрутаас хамаарч үнэ нэмэгдэнэ. Богино маршрутын нислэг нь Нислэгийн төвөөс хөөрөөд Цонжинболдогийн Чингисийн хөшөөг үзэж, цааш Соёмботой даваа, Уу булан, Туул голын байгалийн үзэсгэлэнг үзэж Баяндаваагаараа өгсөөд төв дээрээ газардана. Хэт хөнгөн онгоц нь нэг нисгэгч, нэг зорчигчийн багтаамжтай байдаг. Нисгэгчид нь олон жилийн дадлага туршлагатай, доод тал нь мянга гаруй нислэгийн цагтай мэргэжлийн нисгэгч нар байгаа аж. Мөн аяллын гол түлхүүр автожир нь аюулгүй байдлыг бүрэн хангасан хөнгөн агаарын хөлөг юм.
Нислэг төв нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард Цонжин Болдогоос гурван километр зайд байрладаг. Амралтын өдрүүдэд 8-19 цаг хүртэл бүтэн ажилладаг тул Нислэг төвийг хэзээ ч зорьсон хаалттай хаалга мөргөхгүй аж. Харин цаг агаарын тааламжгүй нөхцөлд буюу бороо, цас орсон, хүчтэй салхитай үед нислэг үйлдэхгүй. Мөн 14 нас хүрээгүй, эцэг эхийн зөвшөөрөл аваагүй хүүхэд, тархи болон зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эх, 120 килограммаас дээш жинтэй хүмүүс нисэх боломжгүй гэдгийг нислэгийн төвийнхөн хэлж байна. 

МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛИЙГ АГААРЫН ХӨЛГӨӨР ТОЛЬДОНО

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас агаарын тээврийн зах зээл хүнд байдалд орсон. Энэ үед олон улсын иргэний агаарын тээврийн компаниуд зах зээлээ хамгаалах, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шинэ нислэгүүдийг санаачилж байгаа. МИАТ ч мөн адил өнгөрсөн онд шинэ аяллын хөтөлбөрийг боловсруулсан. Тухайлбал, Монгол Улсын үзэсгэлэнт байгалийг 5000 метрийн өндрөөс тольдох туршилтын нислэгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард амжилттай хийж байв. Гэсэн хэдий ч цар тахлын хүнд нөхцөл байдал, хөл хорионы улмаас шинэ аяллын хөтөлбөр үргэлжлээгүй ч нөхцөл байдал дээрдвэл хэрэгжих магадлалтай юм. Тиймээс та бүхэнд үзэсгэлэнт байгалиа мөнгөн хөлгөөр тольдох аяллын хөтөлбөрийн мэдээллийг хүргэж байна.  “Монголын сайхан орон мөнгөн хөлгийн цонхоор” агаарын аялал нь манай улсын дотоодын аялал жуулчлалд төдийгүй гадаадын жуулчдын сонирхлыг татах аяллын хөтөлбөр юм. Монгол орны үзэсгэлэнт байгалийг агаарын хөлгийн цонхоор тольдох энэ аялал нь дөрвөн цагийн туршид долоон аймгийн үзэсгэлэнт газруудыг дээрээс үзэх боломжийг олгоно. Асралт хайрхан, Бурхан халдун хайрхан, Хөвсгөл далай, Хорьдол Сарьдагийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт  газрыг онгоцны цонхоор харах боломжтой аж. 

ШҮХРЭЭР ЖИГҮҮРЛЭН НИСЭЭРЭЙ

“Mongolian Air Paragliding Club” нь шүхрээр нисэх сонирхолтой иргэдэд зориулсан мэргэжлийн нисгэгчтэй хамт болон ганцаарчлан нисэх боломжийг олгодог клуб юм. Ганцаараа шүхрээр нисэхийн тулд “Mongolian Air Paragliding Club”-ийн мэргэжлийн сургалтад хамрагдана. Харин сонирхогчид мэргэжлийн шүхэрчинтэй хамт нисэж намрын өнгийг тольдох боломжтой. Уулын шүхрийн сургалт 1.5 сая төгрөг байна. Харин тандем буюу Чулуутын амын зорчигчтой нислэг нэг хүн 90 мянган төгрөг, Баянзүрх хайрханы зорчигчтой нислэг 110 мянган төгрөг аж. 
Налайх дүүргийн Ургах наран хорооллын замын урд болон хойд талаас шүхрийн нислэг үйлддэг. Учир нь салхины чигээс хамааран нислэг үйлдэх газар өөрчлөгддөг байна. Шүхрээр нисэж үзэхийг хүссэн хүмүүс “Mongolian Air Paragliding Club”-ийн цахим хуудас болон утсаар холбогдож урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Шүхрийн нислэгийн хуваарийг цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээлэл, салхины чигээс хамааран тогтоодог байна. Ойрын өдрүүдэд буюу есдүгээр сарын 25-27-нд шүхрийн нислэг үйлдэхгүй. Харин ирэх долоо хоногийн мягмар гараг буюу есдүгээр сарын 28-нд нислэгтэй гэдгийг мэдээллээ. Шүхрээр хэт мэдрэг, өндрөөс айдаг, тулгуур эрхтэний гэмтэлтэй, нурууны өвчтэй, жирэмсэн эх болон 100 килограммаас дээш жинтэй хүмүүс нисэхийг хориглодог байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.24  БААСАН  № 188 (6665)