Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэг дэх бүх шашны бүлгүүдийн гишүүдийн эмэгтэйчүүдийн төрөлт буурсныг “Pew” судалгааны төвийн судлагаа харуулжээ. Энэ нь 1951 оноос хойш хүмүүсийн шашны үзэл санаанд өөрчлөлт орсны илрэл юм. Тус улсын 1.3 тэрбум хүн амын 94 хувь нь Хинди болон Исламын шашны бүлэг байдаг. Үлдсэн зургаан хувийг Христ, Будда болон бусад шашны бүлгүүд эзэлдэг. Дээрх судалгаа гарах хүртэлх хугацаанд тус улсын шашин шүтэгчдийн тоо жил бүр нэмэгдсэн байна. Тухайлбал, Хинди шашны бишрэгчдийн тоо 304 саяаас 966 сая, Исламын сүсэгтнүүд 35 саяас 172 сая, Христийн шашинтнууд найман саяаас 28 сая болж өсчээ. Ингэхдээ 60 жилийн хугацаанд Исламын шашинтнуудын тоо дөрвөн хувиар өссөн бол Хинди шашинтнууд дөрвөн хувиар буурчээ.Гэвч ямар шашин шүтдэг байх нь төрөлтөд нөлөөлсөн хэмээн бат хэлэх боломжгүй гэж тус судалгаанд мөн дурджээ.Учир нь эмэгтэйчүүдийн боловсролын түвшин гэсэн өөр хүчин зүйлүүд бий. Тухайлбал, ихэнх эмэгтэйчүүд анхны хүүхдээ төрүүлээд боловсролдоо анхаарч эхэлдэг байна. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд Энэтхэгт төрөлтийн тоо буурч эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn