Р.ОЮУН 

Монголын Үндэсний музейгээс анх удаа санаачлан хэрэгжүүлж буй “Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй” арга хэмжээ боллоо. Тус музейн гадна тайз засаж, уламжлалт тоглоом наадгай болох алаг мэлхий, үйчүүрээс гадна эрхлэн гаргадаг ном, танилцуулга, мэргэжил арга зүйн зөвлөмж, гарын авлага, эрдэм шинжилгээний номнууд мөн шилэн хоргон дотор археологийн малтлагаар Хориг уулнаас илрүүлсэн ваартай өрөм, шар тос, алтан эдлэл болон Ховд аймгаас олдсон XIII-XIV зууны үеийн “Алтайн ятга”-ыг дэлгэж тавьсан байв. Мөн музейн ажилчид монгол угсаатнуудын хувцасыг өмсөж танилцуулсан нь нүд хужирлаж байсан юм. Энэ арга хэмжээнд Соёлын дэд сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, соёл, урлагийн төлөөлөгчид болон иргэд оролцлоо. 

Соёлын дэд сайд М.Батбаяр: Өглөөний музей шинэ өнгө төрхийг бий болгоно

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас музейн хөгжлийг дэмжих, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг өсгөхөд чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ оны эхээр анх удаа музейн хуультай болсон. Чингис хаан музей, Үндэсний археологи, угсаатны музей, Байгалийн түүхийн музей болон орон нутгийн таван музейн барилга угсралтын ажил өрнөж байна. Музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг нь хангах олон ажил хийж байгаа. Цаашид ч энэ үргэлжилнэ. Гол зорилго нь хүн бүр музейгээс шинэ мэдлэг боловсрол, ур чадвар, амьдрах ухааныг олж авах, тийм боломжийг бүрдүүлнэ.
Соёлын яамнаас музейн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нэр төрлийг олшруулах, шинэлэг агуулгаар баяжуулахад онцгой анхаарч, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Ялангуяа, цар тахлын энэ амаргүй цаг үеийг даван туулахад хүмүүст урам зориг өгөх, сэтгэл санааг нь өргөх, шинэ мэдлэг түгээхэд чиглэсэн арга хэмжээг түлхүү зохион байгуулахаар зорьж байна. “Өглөөний музей” бол хүмүүсийн амьдралын хэв маягт шинэлэг өнгө төрх, дурсамжийг бий болгон, эх түүх, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэгч, хүн бүхний хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болж чадна гэдэгт итгэж байна” гэлээ.

Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал: Ирээдүй, хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилготой

-“Эртэч монгол” хөтөлбөрийн хүрээнд “Өглөөний гудамж” үйл ажиллагаагаа эхлээд нэг сар боллоо. Үүний дагуу бид өв соёл, түүхээр аялуулж ирээдүй, хойч үедээ энэ сайхан өвөө үлдээх зорилгоор “Өглөөний музей-Эх түүхээрээ аялахуй” үзэсгэлэнгээ нээж байна. Өнөөдөр бид алдарт Алтайн ятга, Хоригийн 700 жилийн цэвдэгт байсан шар тос мөн тухайн үеийн олдворуудаас олдсон алтан эдлэлүүд, Гэрлээр бичсэн нэгэн зуун буюу Ардын хувьсгалын 100 жилд зориулсан “Гамма” агентлагтай хамтарч гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхуулна. Мөн боловсролын хөтөлбөрийн дагуу монгол наадгай гэж юу юм, үйчүүр, алаг мэлхий, хорол гэсэн мартагдсан тоглоомыг хүүхэд багачууддаа толилуулж, тоглуулна. Мөн манайх эрдэм шинжилгээний байгууллага. Энэ утгаараа эрдэм шинжилгээний бүтээлүүдийг гаргадаг. Эрдэм шинжилгээний каталоги, номоо та бүхэндээ харуулна” гэв. 
Засгийн газрын уриалга, бодлогын хүрээнд “Эртэч, эерэг, эрүүл Монголын төлөө хамтдаа” уриан дор нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс, соёлын өвийг сурталчлах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих “Өглөөний гудамж” төслийг Монголын Үндэсний музей дэмжин соёл, урлагийн байгууллагуудаа уриалан түүчээлж энэ удаа “Өглөөний музей” арга хэмжээгээ “Эх түүхээрээ аялахуй” сэдвийн хүрээнд хийж, жил бүр цувралаар зохион байгуулах боллоо.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.22  ЛХАГВА № 186 (6663)