П.Пүрэвбазар:  Дижитал бүтээгдэхүүний дэд бүтэц нь үүлэн технологи

0
хуваалцах
505
үзсэн

Б.БЯМБАЖАРГАЛ

Энэ удаагийн “Start-up” буландаа Монгол Улсад үүлэн технологийг хөгжүүлэгч “Fibo cloud” компанийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазарыг урьж ярилцлаа.

-Шинэ бизнес эхлүүлж компани байгуулна гэдэг нэг өдрийн ажил биш учраас бодож, төлөвлөж эхлүүлсэн байх. Яагаад энэ чиглэлд ажиллахаар болсон бэ?
-Технологийн чиглэлээр сурч төгссөн залуус дотооддоо 5-6 жил ажиллаад үнэ цэн бүтээх чадвартай болсны дараа сонголт хийх шаардлагатай болдог. Тухайлбал, гадаад орон руу явах уу, Монгол Улсдаа үлдэх үү гэсэн сонголттой тулгардаг. Мэргэжилдээ сайн, чадвартай, англи хэлний мэдлэгтэй бол гадаадад жилдээ 200-400 сая төгрөгийн цалинтай ажиллах боломж бий. Гэхдээ бид Монголдоо үлдэхээр шийдсэн. Гэхдээ бид монгол залуусын цаг заваа гарган хийж, хөгжүүлж байгаа чиглэлийн араас дахин ажиллах нь төдийлөн шинэлэг биш учраас үнэ цэн бий болгож чадах шинэ салбарыг хайсаар үүлэн технологийн чиглэлээр ажиллахаар болсон. Яагаад гэвэл бүтэн дижитал бүтээгдэхүүн бий болгоход үүлэн технологийн дэд бүтцийг орхигдуулж энэ чиглэлээр ажилладаг компани тухайн үед байгаагүй. Тйимээс бид энэ чиглэлд эрэлт хэрэгцээ байгааг харж үнэ цэн бий болгохоор 2018 оноос хойш ажиллаж байна. Бүгд нэг салбарт яг адилхан зүйл хийхээс илүү төрөл зүйл, чиглэлээрээ ялгарах хэрэгтэй гэж үзсэн учраас компаниа байгуулсан. 


-Эрэлт хэрэгцээ байгаа гэхээр зөвхөн энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг технологийн компани танайхаас өөр байхгүй гэсэн үг үү?
-Цэвэр үүлэн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани манайх л байна. Энэ чиглэлд эрэлт хэрэгцээ маш их байгааг өнгөрсөн гурван жилд харсан. Байшингаар төсөөлвөл суурь нь физик төхөөрөмж, дээд давхарын бидний мэдэх аппликейшнийг монгол залуус бүтээж чадаж байгаа ч дунд талын хэсэг болох үүлэн технологийг орхигдуулж байсан. Бид технологийн “дэд бүтцийг” олон улсын түвшинд яаж шийдэж байна түүнтэй адилхан түвшинд л хийнэ. Тэгэхээр технологийн компаниуд дэд бүтэц дээрээ хүн хүч, цаг хугацаа зарах шаардлагагүй.


-Эхлэлийн хөрөнгөө хэрхэн шийдэж байсан бэ?
-Технологийн компанийн хамгийн гол давуу тал нь эхлэлийн хөрөнгө бага шаарддаг. Оффис, интернет, компьютер л шаардлагатай болдог. Бид компаниа гурвуулаа байгуулсан. Анх гурван талаасаа компьютерээ барьж ирээд л эхлүүлж байлаа. 


-Үүлэн технологийг энгийн үгээр тайлбарлавал?
-Үүлэн технологи нь тухайн дижитал бүтээгдэхүүний найдвартай ажиллагааг хариуцдаг. Зөвхөн аппликейшн дээр жишээ дурдвал тухайн аппликейшнд их хүн хандвал аппликейшнийг томруулж, бага хэрэглэгч орж ирвэл жижигрүүлдэг, үүнээс хамаараад төлбөр төлөх боломжийг үүлэн технологи олгодог. Үүлэн технологи гэдэг нь дижитал бүтээгдэхүүний амьдрах орчинг түрээслэх маягаар ашиглахыг хэлдэг. Олон улсад Dropbox, Uber зэрэг том компаниуд үүлэн технологи хийдэг компаниудад “дэд бүтцээ” бүрэн даатгаснаар хурдан хөгжсөн. Тэгэхээр манай хамтрагч компаниуд “дэд бүтцээ” бидэнд даатгаад зөвхөн аппликейшнаа хөгжүүлэх, олон нийтэд хүргэхдээ анхаардаг. 


-Үйл ажиллагаагаа явуулж эхлүүлснээс хойш ямар ажлуудыг хийж гүйцэтгэв. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар танилцуулвал?
-Манай үндсэн хэрэглэгчид бол технологийн компаниуд байдаг. Гурван жилийн хугацаанд 300 гаруй дам хэрэглэгч байгаа. Энэ нь бидний бүтээсэн үүлэн технологийг IT компаниуд ашиглаж цааш аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдэд хүрдэг. Тухайлбал, “Eclinic” компани нь бидэнд дэд бүтцээ даатгасан. Аппликейшний үүлэн технологийг бид бүтээж, бидний бүтээсэн үүлэн технологид суурилсан апплилейшн болох “Eclinic”-ийг 200 гаруй эмнэлэг ашигладаг. Манай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх үнийн мэдээллийг цахим хуудсаас нээлттэй харж болно. Жишээлбэл, хамгийн энгийн, танилцуулга вэб сайт байршуулах багц нь 80 мянган төгрөгөөс эхэлдэг. 


-Компанийнхаа онцлогоос дурдвал?
-Манай компанид “ICT group”-ээс хөрөнгө оруулалт хийж ирэх жилийн есдүгээр сард шинэ дата төв ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ дата төв нь 6000мкв талбайтай, “tier 3” шаардлагыг хангасан байна. Нийтдээ 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтын эхний үе шат хэрэгжээд явж байгаа. Ирэх жилийн есдүгээр сараас ашиглалтад орсноор бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөн хүрээнд хүргэх боломжтой болно. Бидний нэг онцлог, давуу тал бол дэлхийн хамгийн том үүлэн технологийн компани болох “Amazon web services”-тэй хамтардаг хоёр компани байдаг. Нэг нь “Itzone”, нөгөө нь манай “Fibo cloud”. Тэгэхээр нэг талд том үүлэн технологийн хамтрагч компани байна. Тийшээ орох хүсэлтэй олон компаниуд бий. Нөгөө талдаа бид дотооддоо үүлэн технологио хөгжүүлэх зорилготой учраас балансаа тэнцвэржүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Гадаад, дотоодын зах зээлд зэрэг хөл тавьсан нь бидний том онцлог. Мөн бидний хамгийн гол давуу тал бол чадварлаг баг хамт олон. 


-Технологийн салбар асар хурдтай хөгжиж байна. Тэгэхээр энэ салбарт ажилладаг залуус бас өөрсдийгөө хөгжүүлэх шаардлагатай байдаг байх?
-Старт-ап компанийн гол үнэт зүйл нь баг. МУИС-ийн нийт төгсөгчдийн 1.7 хувь нь IT чиглэлийн мэргэжилтэн төгсдөг. Тэгэхээр хүний нөөцийн өрсөлдөөн өндөр байдаг. Манайд орохыг хүссэн шинэ IT инженерүүдэд бид нээлттэй. Манай шалгалтыг давсан хүүхэд бүрт карьерын төлөвлөгөө боловсруулж өөрийгөө хөгжүүлэхэд нь анхаардаг. Жишээлбэл, зургаан сараас нэг жилийн хугацаанд олон улсын сертификат авах шаардлага тавьдаг. Ингэхдээ эхний шалгалтын төлбөрийг компаниас хариуцаж, сертификат авсан туршлагатай хүмүүс нь туслаад явдаг.  Одоогоор манайд хөгжүүлэлтийн, системийн гэсэн үндсэн хоёр баг ажиллаж байна. Нийтдээ 24 хүн ажилладаг. Манай инженерүүд Улаанбаатарт үүлэн технологийн олон улсын чанартай сертификатаар тэргүүлдэг. 
-ЖДҮ эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн хөнгөлөлттэй зээл байдаг.  Технологийн салбарын старт-ап компанид төрөөс олгох дэмжлэг ямар байдаг вэ?
-Старт-ап компаниудад олгох дэмжлэг бага. Старт-ап компаниуд хоёр жил ажилласны дараа ашигтай ажиллаж эхэлдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр дөнгөж гарч ирж байгаа байгууллагуудад татварын хөнгөлөлт төдийлөн дэмжлэг болдоггүй. Харин старт-ап компаниудад төр оролцохоос илүү том групп, компаниудтай хамтарч ажиллахад анхаарвал илүү үр дүнтэй. Тухайлбал, том групп нь жижиг старт-ап компанитай хамтарч ажиллавал старт-ап компанийнх нь биш хамтарсан группынх нь татварыг бууруулж өгвөл бодит дэмжлэг болно. Мөн төрийн худалдан авах ажиллагаанд бүтээгдэхүүнээр нь өрсөлдүүлэхээс илүү компанийн үйл ажиллагаа, орлогын шаардлага тавьдаг нь старт-ап компаниудын өрсөлдөх боломжийг хязгаарладаг. Олон улсад бол тендерийн өрсөлдөөн нь бүтээгдэхүүний чанараараа өрсөлддөг. 


-Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Бидний ойрын хугацааны төлөвлөгөө бол Монгол Улсад үүлэн технологийг нутагшуулах. Үүний дараа бид Зүүн өмнөд Азид үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөтэй байгаа. Учир нь Зүүн өмнөд Азийн эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй байна. Технологийн том компаниуд дэлхий даяар 100 гаруй дата төвтэй ч Зүүн өмнөд Азид хоёр дата төвтэй байдаг. Дэлхий нийтийн дижитал маркетингийг харвал Европ, Өмнөд, Хойд америкт технологийн хөгжил тулчихсан. Сүүлийн технологийн “тулаан” Зүүн өмнөд Азид болно гэж таамаглаж байгаа учраас үйл ажиллагаа тэлэх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.21  МЯГМАР № 185 (6662)