Б.ОД

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод байсан Монголын хамгийн том  олон улсын уул уурхай, газрын тосны “Mongolia Mining 2021” үзэсгэлэнг арав дахь жилдээ энэ сарын 22-24-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Беларус, Бельги, Чех, Япон, БНХАУ, Солонгос, Швед, Их Британи болон Унгарын компаниуд багтсан 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно. 

 Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниуд илтгэл тавьдаг. Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болж байгаа билээ.

Эх сурвалж:www.polit.mn