М.ГАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн Б.Цогоогийн томилгооны талаар хэлэлцэн дэмжлээ. Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар Б.Цогоог Төрийн албаны зөвлөлийн даргаар томилох асуудлыг хэлэлцсэн боловч түүний төрийн албанд ажилласан талаарх зарим лавлагааг тодруулах үүднээс уг асуудлыг түр хойшлуулсан юм. Нэр дэвшигчийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ж.Батзандан, М.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Төрийн албыг мэргэшүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах, орон зай, үзэл баримтлалын хувьд улам боловсронгуй болгоход анхаарч ажиллахыг гишүүд захисан бөгөөд төрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд энэ албаны үүрэг их гэдгийг гишүүд онцолж, аливаа улс төрийн шахалт, дарамтаас ангид ажиллахыг Б.Цогоод зөвлөсөн. Түүнчлэн төрийн албанд тогтвортой байдал нэлээд чухал гэдгийг дурдаж, зарим жишээ, баримтыг ч хэлж байлаа. Ингээд санал хураахад Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогоог томилохыг дэмжсэн юм. Энэ тухай чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.