Ц.БАТБОЛД
Хүний эрхэд санаа зовнисон төрийн түшээд өчигдөр хорих ангиудад ажиллав. Ажилласан гэхээс илүү сэтгүүлчдийг дагуулж сүр үзүүлснээс биш хүмүүжигчдийн эрх яаж зөрчигдөв, тэдэнд юу хэрэгтэй байгааг нь дорвитойхон асуусангүй. Зөвхөн албаны тоо мэдээллийг ангийн дарга нараас нь сонссоноос өөр гавьяагүй. Үүнээс өөр мэдээлэл өгөхийг ч шийдвэр гүйцэтгэгчид нь хүссэнгүй. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү болон Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн яамны төлөөлөл гишүүдтэй хамт ажилласан юм.
Тэд хорих 401, 407, 411 дүгээр анги буюу эмэгтэйчүүдийн, насанд хүрээгүйчүүдийн болон нэгдсэн хорих эмнэлгээр зочилсон. Шийдвэр гүйцэтгэгчдийн хэлж буйгаар эмэгтэйчүүдийн хорих ангид 300 гаруй хүмүүжигч ял эдэлж байгаа юм байна.

Тэднийг нийгэмшүүлэхийн тулд хэд хэдэн ажил зохиосны нэг нь оёдлын үйлдвэрүүдтэй хамтарч байгаа явдал. Харин хүүхдийн хорих ангид 39 хүмүүжигч хоригдож буй. Тэдний 21 нь хүндэвтэр, найм нь хүнд, 10 нь онц хүнд гэмт хэргээр шийтгүүлжээ. Орон нутгийн харъяаллаар хамгийн олон хүмүүжигчтэй аймаг нь Хөвсгөл гэнэ. Хөвсгөлөөс тав, Дархан-Уул, Дорнод аймаг тус бүр дөрөв гэхчилэн аймаг бүрээс гэмт хэрэг үйлдээд ирсэн хүүхэд байдаг тухай ангийн захирагч З.Батхуяг дарга тоочино лээ. Хүүхдийн хорих ангийн онцлог нь хүмүүжигчдийн сурч боловсрох орчныг чадах хэмжээндээ шийдэхээр хичээж буй зүтгэл. Тэднийг ерөнхий боловсролын хэддүгээр ангиас гарснаас нь хамаарч бага, дунд, ахлах ангид сургаж байна. Ингэхдээ тоо, монгол хэл, түүх, биеийн тамир гээд бүх хичээл ордогоо дуулгаад цаашид энэ орчныг боловсронгүй мэргэшсэн болоход төсөв мөнгө шаардлагатайг хэллээ. Өнөөдрийн байдлаар хорих ангиудаас олон улсын стандарт хангасан байр нь урьдчилан хорих 461 дүгээр анги. Бусад нь соц нийгмийн үед баригдсан шаардлага хангахгүй байрууд гэнэ. Үүнд эмэгтэйчүүдийн хорих ангийн хэд хэдэн байр болоод хүүхдийн хорих байр хамаарч байгаа юм байна. Үүний дараа түшээд МАХН-ын дарга Н.Энхбаярын хоригдож байгаа Зайсан дахь хорих ангийн эмнэлэгт очсон. Ингэхдээ сэтгүүлчдийг түүнтэй уулзуулахыг хүссэнгүй. Шалтгаан нь “Н.Энхбаяр хүнд өвчтэй байгаа. Тэр өөрөө хэн нэгэнтэй уулзахыг хүсэхгүй байна” гэсэн хариултыг шийдвэр гүйцэтгэгч нар өглөө. Түшээд түүнтэй цаг орчмын хугацаанд уулзсаны дараа сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгсөн юм. Тухайлбал, Д.Ганбат дарга “Хүний эрх хорих байгууллагад ямар байгааг судлах зорилготой ажиллалаа. Бодит нөхцөл байдалд ялтны тоо хэт өндөр байна. Армийн цэргүүдээс илүү тооны ялтан хүмүүжиж байгаа. Үүнийг цэгцлэх цаг болсон. Ялангуяа, хүний эрхийг эрхэмлэн дээдлэх өнөө цагт хорих ангид ч гэсэн ялтан эрх чөлөөтэй, сурч боловсрох, хөгжих эрх нь нээлттэй байх ёстой. Дээрээс нь ая тухтай орчинд хүмүүжих шаардлагатай. Тэгвэл одоогийн хорих ангиудад энэ эрх нь хаагдсан гэж хэлж болохоор байна. Хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Цаашдаа хүний эрхийн дэд хороог байнгын хороо болгох ёстой” гэв. Харин хорих 401 дүгээр ангид хүмүүжиж байгаа Н.Энхбаярын биеийнх нь байдлын талаар тус хорих ангийн ерөнхий эмч Т.Доржсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр “Н.Энхбаяр манай хорих ангийн эмнэлэгт өнгөрсөн сарын 21-нд ирсэн. Ирснээс хойш ямар ч эмчилгээ хийлгээгүй. Өөрөө хийлгэхийг хүсэхгүй байгаа. Бид удаа дараа эмчилгээ хийлгэхийг нь хүсч байна. Үр дүн гарсан юм алга. Одоогоор түүний биеийн байдал хүнд гэхэд болно. Даралт тогтворгүй, бие нь зовиуртай байгаа. Дээрээс нь өлсгөлөнгийн дараах үеийн эрхтэн сиситемийн тогтолцоо өөрчлөлтэй, хордлогын хүнд хэлбэртэй, стрессийн улмаас биеийн байдалд өөрчлөлт орсон байна. Биеийнх нь байдал тогтворгүй байгаа учраас түүнийг өмнө нь эмчилж байсан хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн удирдлагад хандаж “Н.Энхбаярт эмчилгээ хийгээч” гэж хүссэн. Гэвч тэд эмчилгээ хийх тухай тодорхой хариу хэлэхгүй өдөр хоног өнгөрөөж байгаад өнөөдөр /өчигдөр/ ирлээ. Түүнийг ийн ярих үед О.Баасанхүү гишүүн дундуур нь орж “Хоёрдугаар эмнэлгийн эмч нар яагаад хариу өгөөгүй гээч. Эмчилж байсан хүнийг нь албадан аваад явсан учраас дургүйцсэн хэрэг. Хэрэв амь насанд нь аюул тохиолдвол авч явсан хүмүүс хариуцлага тооцох ёстой гэж тэд үзсэн юм” гэсэн тайлбар хийлээ.Тэрээр “Н.Энхбаярын эрүүл мэнд хутганы ирэн дээр байгааг хүн бүр ойлгох ёстой. Зайсангийн хорих эмнэлэгт 2011 онд 11, 2012 онд 10 хүмүүжигч эрүүл мэндийн улмаас амиа алдаж байсан гашуун үнэн бий. Ийм үед нэгэн цагт төрийн өндөр алба эрхэлж байсан Н.Энхбаяр гэдэг хүнд хүний ёсоор хандаж эмчилгээ хийлгэх нөхцлийг нь бүрдүүлээч” гэсэн хүсэлтийг холбогдох хүмүүст нь тавьсан юм.