Б.ГАРЬД
Эдийн засгийн ухааны доктор, профессор, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбатай ярилцлаа.
Pseudo democracy БУЮУ ХУДЛАА АРДЧИЛЛААС БОЛГООМЖИЛ
-УИХ-ын сонгуулиас хойш уулзсангүй. Ямар ажил амжуулж байна вэ?
-“Жонон” технологийн дээд сургуулийнхаа залууст тусалж, америкчуудтай хамтарч ажиллаж байна. “Entrepreneur” судалгааны сургууль Монголд анх удаа үйл ажиллагаа явуулж байгаа юм.
-Энэ хооронд Орон нутгийн сонгууль ч болоод өнгөрлөө. Эрх баригч нам өөрчлөгдсөнөөр улс төрд нэлээд хөдөлгөөн өрнөж байх шиг. Өнөөдрийн улс төрийг хэрхэн харж байна?
-Олон улсын нөлөө бүхий улс төр судлаачдын хувьд аливаа улс орны ардчилал зөв, гольдролоороо явж байгаа эсэх нь тусдаа сэдэв болчихсон байдаг юм байна л даа.
Эндээс дүгнэлтүүд гаргасан байдаг. Хүн нь эдэлдэггүй хүний эрхийн лоозонтой, иргэдийн оролцоогүй иргэний нийгэмтэй, шударга ёс алдагдаж, баян ядуугийн ялгаа хэт их ихэссэн, хуулийг уландаа гишгэж хүчний байгууллагуудыг эрхшээлдээ оруулсан дарангуйлал бий болж байгааг Pseudo democracy буюу хуурамч ардчилал гэж үздэг. Ардчилал гэдэг гоё үг орсон нэрэнд олон нийт хууртаад байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, нэг их гоё нэртэй тааруухан хүн байдаг шүү дээ. Худлаа ардчилал гэдэг бол тэр.
Америкийн улс төрийн хүчнүүд л гэхэд нэрнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг байх жишээтэй. Барак Обамагийн нам бол зүүний нам. Тэгсэн мөртлөө нэр нь Ардчилсан нам. Харин жинхэнэ ардчилсан намынх нь нэр Бүгд найрамдах нам байдаг. Барак Обама дахин сонгогдсоныхоо дараа Америкийг нийгмийн эрүүл мэндийн даатгалтай болгож, бусад улс орнуудыг цочролд оруулсан. Мухар олгойн хагалгаанд ороход 10 мянган ам.доллар, ганц шүд ломбодуулахад 200 хүртэл ам.долларын хөлс төлдөг болчихсон байсан. Дундаж давхаргынхан нь ч дийлэхээ больсон эрүүл мэндийн салбарынхаа төлбөрийн ачааллыг Америк ингэж зохицуулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам гэдэг нэртэйгээр зүүний бодлого гарган хэрэгжүүлж байгаа юм. Тэгтэл манайд иргэний эрүүл мэндийн даатгал яриад суугаад байгаа нь зохимжгүй хэрэг.
Адольф Гитлер хүртэл маш цэвэр ардчиллын зарчмаар сонгогдож, Германы канцлер болж байсан. Гэтэл тэр хүн төрөлхтөнд ямар их гай тарьж, цус урсгалаа даа. Нэг ийм онол байдаг юм байна. Барууны үзэлтэй нам хэт туйлширвал фашизм, зүүний үзэлтэй нам нь коммунизм бий болгодог гэж. А.Гитлер үүний тод жишээ шүү дээ.
Өнөөгийн Монголын төр ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэж, төрд бизнесийнхээ сонирхлыг шургуулах гэсэн олигархи бүлэглэлүүдийн ашиг хонжооны хэрэгсэл болгож байгааг хараад суумааргүй байна. Шинэчлэлийн Засгийн газар гэдэг нэг их гоё нэртэй. Шууд утгаараа худлаа ардчиллын олон элементийг өөртөө агуулчихсан Засгийн газар. Тэдний луйврын сүлжээг таслан зогсоож, төр засгаас иргэдээ хамгаалах шаардлага тулгарч байгаа тухай зарим судлаачдын дүгнэлтийг хаана хаанаа тунгаан бодох шаардлагатай болж байна. Та нар хар. Засгийн газарт байгаа сайд нарыг, УИХ-ын гишүүдийг хар даа. Ардчилал нэрийн дор олигархиуд төрд гараад ирсэн. Энд шургалчихаад хувийнхаа бизнесийг дэмжээд л сууж байна. Ингэхээр бизнесийн шударга өрсөлдөөн гэдэг юм эдийн засгийн орчинд алга болчихож байгаа юм. Өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ талхны зах зээлийг “Талх чихэр”, “Атар өргөө” гэдэг хоёр компани л дангаараа эзэлж байна.
-Ах дүү, гэр бүлийнхнийх нь бизнес болохоор тусдаа зүйл гэж олон нийтэд ойлгогддог шүү дээ?
Ер нь бол ашиг сонирхол гэдэг ардчилалтай нийлдэггүй. Монополь бизнестэй хүн тэр салбарынхаа сайдаар ажиллана гэдэг байж болшгүй зүйл. Өөрөөр хэлбэл, улс төрд шударга ёсыг, бизнесийн салбарт өрсөлдөөнийг бий болгож байж л энэ нийгэм эрүүлжинэ. Тэгэхгүй бол 10 гаруйхан компани бизнесийн бүх салбарыг эзэлчихээд байна шүү дээ. Ямар сайндаа л, ганц шөнийн дотор бүх ШТС зэрэг үнээ нэмж байна гэдэг шударга өрсөлдөөн нь алга болчихсон, импортлогчид биднээр даажигнаж байгаа хэрэг шүү дээ. Энэ мэтчилэнгийн юмнуудыг бүр уг сууриар нь өөрчлөхгүй бол нэмэргүй. Байшингийн суурь ялзарчихаад байхад дээгүүр нь гоё өнгөөр будаад сайжрахгүй шүү дээ. Тэр нурж л таарна. Үүнтэй л адил.
-Монголд байгаа ардчиллын бүх зүйл хуурамч гэсэн үг үү?
-23 жилийн дараа эргээд харахад Монголын ардчилалд их засвар хийх шаардлагатай болсон нь харагдаж байна.
Ашиг сонирхлын зөрчилтэй томилгоонууд гаарч захиргааны зардал, дарга, сайд нар, эрх мэдэлтнүүдийн орон тоо нэмэгдэх нь хэрээс хэтэрлээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаа хязгаарлагдаж албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн зохицуулалт руу гажиж, этатизм бий болох магадлал өндөр байна. Этатизм гэдэг нь хувийн өмчид төр засгаас хяналт тавьдаг систем шүү дээ.
Эрчим хүчний салбарт л гэхэд 1000 шахам төрлийн төлбөр хураамжуудаар иргэдийг ачаалж байгаагийн дотор цахилгааны тоолуурыг харсны төлөө мөнгө авдаг гээд л ийм олон тооны хураамж болж байгаа хэрэг. Харин эрчим хүчний зохицуулах комисст манай “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо”- ны төлөөлөл орж ажилласнаар 50-60 болгож бууруулж байх жишээтэй.
Ардчиллын үнэт зүйлийг хязгаарлаж, эрх мэдэлтнүүдийн засаглал бүхий Pseudo democracy буюу хуурамч ардчилал саад болох нь байна шүү гэдгийг л анхаарах хэрэгтэй.
МАНАЙ УЛС ХЯМДХАН, ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАСАГТАЙ БОЛЧИХОЖ
-Эдийн засагч хүнтэй уулзаж байгаагийнх нэг зүйлийн талаар асуухгүй өнгөрч болмооргүй байна. Оюутолгойн гэрээг та юу гэж үздэг вэ. Дэмждэг үү, эсвэл...?
-Уг нь Оюутолгойг эргэлтэд оруулах нь зөв. Гэхдээ Оюутолгойгоос баялгийг нь аваад оронд нь Монголд ямар капитал бий болж үлдэх вэ гэдгийг тооцох ёстой байсан. Гэтэл зүгээр л гадагш нь зөөгөөд байна. Хамгийн гол нь Монголыг хямдхан, түүхий эдийн засагтай байлгах сонирхол гадныханд байгаа. Үүнийг нь одоо яриад байгаа төрд шургалсан гадныхны гар хөл болсон олигархиуд гүйцэлдүүлж, биелүүлж өгөөд байгаа хэрэг. Тэд зөвхөн бизнесээ л боддог. Үр дүнд нь баялгаа хамгийн хямдаар гадагш нь зөөж байгаа юм. Тэгэхээр Оюутолгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Өөрчлөөсэй гэж хүлээж байгаа иргэдийн нэг нь би.
-Та Монголыг түүхий, хямдхан эдийн засагтай болж байна гэлээ. Энэ юу гэсэн үг вэ?
-Тиймээ, хоёр хөлтэй эмзэг эдийн засаг. Энэ янзаараа эдийн засгийн бүтэц шинэчлэгдэхгүй нь. Өнөөдөр Оюутолгойгоос зэсийн баяжмал 30 сая тн-оор гаргах гэж байна, бүр жил 50 гаруй сая тн баяжмал гаргадаг болно гээд одоогийн сайд нар бахархан ярьцгааж байгааг харж байгаа биз дээ. Баяжмал гэдэг чинь 70-80 хувь нь шороогоор нь гаргаж байгаа гэсэн үг. Бахархах зүйл огт байхгүй, гутамшиг шүү дээ.
Яагаад түүхий эдийн засаг гэвэл экспортыг технологийн агууламжаар нь авч үзэхэд 96 хувийг түүхий эдээр нь хямдхан гаргаж байгаа. Өргөн хэрэглээний барааныхаа 80 хувийг гаднаас импортоор оруулж ирж, хайран мөнгөө гадагш нь гаргачихаж байна гэсэн үг. Хүнснийхээ 70-аад хувийг импортоор оруулж ирнэ гэдэг аюулгүй байдал ноцтой байна гэсэн үг.
-Манай улсад үйлдвэрлэл хөгжөөгүйн илрэл байх л даа. Үйлдвэр, паркийн тухай олон жил ярьж байна. Бүтээсэн бий болсон нь харагдахгүй юм?
-Гадныхны сонирхол ч “хямдхан, түүхий эдийн” эдийн засагтай байлгах, дотоодод ч олигархиуд өөрсдийн хувийн эрх ашгийнхаа дагуу тэдний гар хөл болж түүхий эдэд түшиглэсэн бохир бизнесийн сүлжээгээ хамгаалахыг зорьж байна. Зарим сайд дарга өөрсдийнхөө хариуцсан салбарт давамгайлсан монополь бизнестэй, том компаниуд нь олигополь зэх зээлийг бий болгож, шударга өрсөлдөөнийг хааж, хууль зөрчиж байгаа юм. Албан тушаал эрх мэдлийг бизнес болгож байгаа нь баян ядуугийн ялгааг хэт их болгож байна. Дэлхийн банкны Gini coefficients-оор 039 гэсэн нь Монголд баян ядуугийн ялгаа хэрээс хэтэрлээ гэсэн үг. 040 хүрэхээрээ тэсэрсэн улс орнууд байна. Африкийн улсуудад ийм явдал гарч байсан. Дарга нар нь л хэт баяжаад Англи, америкт том, том хаус, их хэмжээний мөнгөний хуримтлалтай болоод байдаг. Тэгж байгаад ард түмэн нь түлхэн унагасан байдаг. Энэ бол хамгийн аймшигтай, эмгэнэлтэй үзэгдэл.
-Улс төр, эдийн засагтай салшгүй холбоотой юм. Энэ бүхнийг засах ямар арга байна гэж?
-Цөөнхийн үг байхгүй, иргэдийн саналыг хүлээж авахгүй нөхцөлд ардчилал яриад яахав дээ. Сонгуулийг ч гэсэн хэдхэн хүн шийдээд байвал энэ юу болох вэ? Хаана ч хэрэглэхээ больсон цахим машинд программ хангамжийн зохицуулалт хийгээд тэрийг унага, энийг ялуул, чамайг ялуулъя манайд элс гээд программаар зохицуулалт хийгээд байвал сонгууль явуулаад яах вэ дээ. Ингэсэн эсэхийг шалгаж гар тооллого явуулахыг олон нийт шаардаад шаардаад байхад таг дүлий байгаа биз дээ. Хяналтын тооллого явуулахаар шодохдоо санал хураалтын дүн гарахын өмнө шодоод байхдаа ч яах вэ дээ. Программын луйвар хийгээд байгаа юм байлгүй. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулаад Ц.Элбэгдоржид 63.8 хувь гэж саналын дүн гарах ёстой гээд өнөөх машиндаа сануулчихсан бол хэн ч өрсөлдөөд хэрэг байхгүй шүү дээ. Байдал ийм л байна.
Дээрх гажуудал завхралуудыг л рseudo democracy буюу хуурамч ардчилал гээд байгаа юм.
-Засгийн газраас бонд гаргасан. Энэ нь нэлээд хэл ам дагуулж байна. Бонд гаргах нь зөв үү?
-Энэ их хэмжээий бонд гаргана гэдэг аюултай. Бонд гэдэг бол өрийн бичиг. Үнэт цааснуудыг янз бүрээр л нэрлэдэг. Утга нь бүгд адилхан, өрийн бичиг гэсэн үг. Их өрийг арайхийж дарсан. Гэтэл дахиад л, бүр өмнөхийг давсан их өр хийж байгаа юм. Найман тэрбум төгрөгийн эдийн засагтай орон таван тэрбумын өр тавина гэдэг бол маш аюултай. Унтаад өглөө босоход л 300-аад сая төгрөгийн хүүгийн өр бий болж байна. Ядаж энэ авч байгаа мөнгөө юунд зарцуулж, ямар ямар боловсруулах үйлдвэр байгуулах вэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй. Өр нь өсөөд л байдаг. Ер нь бол хэтэрхий том ачаа авчихсан. Эргэж төлөхөд маш хэцүү. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг барьцаанд тавьчихлаа гэсэн үг. Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй зүйл. Хүүгээ төлж чадалгүй нэг хонох юм бол давхар хүү бодогдоод явчихдаг юм байна лээ. Тэгэхээр манай улс аюултай тоглоомоор наадаж эхэллээ гэсэн үг. Одоо буцах зам байхгүй.
-Та Ардчилсан намынхны талаар нэлээд ярилаа. Таны ярьж байгаа олигархиуд, төрд түшиглэсэн бизнесмэнүүд танай намд ч байдаг шүү дээ?
-Би аль алийг нь л хэлдэг. УИХ-д сууж байхдаа ч ярьдаг, хэлдэг байсан. Хүмүүс санаж байгаа байх. Би Монголын төрийг олигархиудаас цэвэрлье гэдэг байсан. Энэ мэтээр болж бүтэхгүй бүх сэдвийг хөндсөн дөө. Хамгийн гол нь худлаа, хуурамч ардчилал үүсгэж, ардчиллын нэр дор олигархиуд төрд гарч ирж, улс төрийг, бизнесийг, эдийн засгийг сүйтгэж байна. Их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар дахиад л эргэлзээ төрүүлсэн машинаар тоолно гэж байна. Уг нь өөр Ерөнхийлөгч гарч ирээд, энэ төрийг цэвэрлэж, өөрчлөөсэй гэж хүсч байна. Яг үнэндээ худлаа ардчиллын нөлөөнд ард түмэн тэсэхээргүй болж байна. Уг нь Засгийн газар энэ алхмыг зоригтой хийж, шударга ёс, шударга өрсөлдөөнийг шинээр тогтоож өгөх ёстой юм. Гэвч тэдэнд тийм сэтгэл байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй харагдаад байгаа юм. Гэтэл шинэчлэлийн гэдэг гоё нэртэй Засгийн газарт нь баахан бизнесийн бүлэглэлүүдийн төлөөлөл орчихсон байна. Ингэхээр л жинхэнэ худлаа ардчилал илрээд байгаа хэрэг.
ХОТЫН ГЭДЭГ БҮЛЭГЛЭЛИЙГ ИЛ БОЛГОЖ, НАМААС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Ардын нам түүхээ яривал улс төрийн хүчнүүдээс хамгийн “ахмад” нь. Харин УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш өмнөх хүчирхэг байдал нь алдагдаж, хүнээр бол сүр сүлд нь алга болсонтой адил болчихсон гэх юм?
-Манай намд шинэчлэл маш чухал шаардлагатай байгаа. Хэтэрхий үлбэгэр, сул дорой байна гэдгийг журмынхаа нөхдөөс сонсож л байна. Энэ үнэн. Уг нь Ардын нам ард түмэнд ихээхэн найдвар төрүүлж байдаг улс төрийн хүчин. Туулж өнгөрүүлсэн түүхээ харвал яах аргагүй том нам. Эрх барьж байсан он жилүүдэд нь Монголын эдийн засаг байнга өсч байсныг судлаачид судлаад, тогтоочихсон байдаг юм. 1996 оноос навс унасан эдийн засгийг 2000 оноос хойш сэргээсэн байх жишээтэй. Ардчиллын он жилүүдэд ийм л түүхтэй явж ирсэн. Харин өнгөрсөн сонгуулиар ард түмэн “Та нар олигтой ажилласангүй” гэсэн зэмлэл өгсөн гэж ойлгож байгаа. Ийм том зэмлэл, сануулга өгчихөөд байхад бид маш хурдтайгаар өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Тиймээс манай намынхан тун идэвхтэй, хурдтай ажиллаж байж нийгмийн энэ олон өвчнийг илааршуулах, худлаа ардчиллыг илчлэхэд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх учиртай юм.
-Бүлэггүй удаан явлаа. Ёстой л, мордохын хазгай гэдэг шиг...?
-Ний нуугүй хэлэхэд намын бүлэг байгуулах хариуцлагыг хэн алдсан. Хэн тэр бичгийг хугацаанд нь аваачиж өгсөнгүй вэ. Хэний буруу вэ. Тэр этгээдийг намаас зайлуулах ёстой. Хамгийн түрүүнд хийх ажил бол энэ. Ингэж эхлэхгүй бол идээ бээр нь ихсээд өвчин улам хүндэрнэ шүү дээ.
-Д.Арвин гишүүний сонголт Ардын намын талаар олон нийтэд нэлээд зүйл хэлж өгөх шиг болсон шүү?
-Д.Арвин руу олуулаа хашгирч дайрах хэрэггүй. Өнгөрсөн зун намын Бага хурал дээр түүний хэлж байсан үгийг санах хэрэгтэй шүү дээ. Нам доторх бүлэглэлүүд миний эсрэг хор найруулах ажлыг Баянзүрх дүүрэгт зохион байгуулалттайгаар хийж байна гэдгийг хэлсэн. Бүр Бага хурлын танхимд, индэр дээрээс, чанга яригчаар хэлээд, протоколд тусгачихсан байсан шүү. Удирдах зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцсэн юм уу. Үүнээс болоод магадгүй хоёр суудал нэмчих боломжтой байсан дүүргээс бүр хоосон хоцорсон. Дахин санал хураалтаар Д.Арвин, Б.Батзориг гээд манай намын хоёр хүний нэг нь л гарах байсан. Гэтэл юу болов. Үүнд энэ намын удирдлага дүгнэлт хийх шаардлагатай байсан. Тэгэхээр Д.Арвинд биш, намын удирдлагад асуудлын гол нь байгаа юм.
-Тэгэхээр яах ёстой гэсэн үг вэ?
-Д.Арвины яриад хэлээд байсан бүлэглэлүүдийг ил болгоод, тэднийг намаас хөөх хэрэгтэй. Их хуралд сууж байгаа нөхдийг нь ч гэсэн хөөх хэрэгтэй. Тэд нараар энэ нам дутахгүй. Хөөчихсөн байхад жагсаалтад бичигдсэн дараагийнх нь чадвартай, сайхан залуучууд зөндөө байна шүү дээ. Тэд нар ороод ирэг. Д.Арвин бол Хотын фракц ч гэнэ үү, тийм бүлэглэл миний эсрэг ажиллаад байна гэж ярьсан. Ингэж хэлээд байхад нь яагаад дүлий байгаад байгаа юм. Тэр Хотын фракц гээд байгаа нь хэн юм бэ? Толгойлогч нь , гишүүд нь хэн юм. Ил болгох хэрэгтэй. Эднийг хөөж байж нам цэвэрхэн болно. Намыг муухай харагдуулж байгаа бүлэглэлүүдээс цэвэрлэх ёстой. Ингэвэл шинэчлэлийн эхний алхмыг зөв хийлээ гэсэн үг. Ер нь намын шинэчлэлийг тодорхой асуудлаас эхлэх ёстой байгаа юм.
-Яг үнэндээ Д.Арвин гишүүний хэлсэн бүлэглэл энэ тэр шинэ зүйл биш шүү дээ. Өмнө нь зөндөө л яригддаг байсан. Танай намыг тэд л муухай харагдуулдаг гэсэн үг үү?
-Хэдхэн бүлэглэлд толгойгоо мэдүүлээд байж болохгүй асар том нам шүү дээ, МАН. Гэхдээ ийм бүлэглэлүүд аль аль намд байгаа. Бүр нам дамжаад хэрчихсэн бүлэглэлүүд байдаг нь нууц биш. Газрын наймаагаар нэрлэгдээд явдаг “Мон Уран”-ы Наранхүү гэж нөхөр аль ч намаас гарсан юм, Их хуралд орчихсон байна лээ. Ийм бүлэглэлүүд л их аюултай шүү.
-Аливаа улс төрийн хүчинд бүлэг, фракц байдаг нь жишиг юм биш үү?
-Албан ёсны фракц гэж байдаг. Байх ёстой. Гэхдээ одоогийн яриад байгаа бүлэглэлүүдээс тэс өөр зүйл.
-Танай намын ийм үлбэгэр, сул болсныг намаа удирдаад, зангидаад явчих лидергүй байгаатай холбож тайлбарлах нь их байна. Саяхан УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө намдаа ирж ажиллах нь гэсэн яриа, сураг их дуулдах юм?
-У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ар гэрийн гачигдлаар гэж гаргасан. Хүнд гачигдал зовлон тохиолддог. Хүмүүс үүнийг ойлгож байх шиг байна. Нөгөөтэйгүүр нам бол лидертэйгээ зайлшгүй холбоотой л доо. Гэхдээ манай нам хамтын удирдлагын зарчмаар ажилладаг учраас Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс эхлээд хариуцлага тооцож, шинэчлэх ёстой. Тэгэхгүй бол шинэчлэх тухай ярьж болохгүй.
-Та өнгөрсөн сонгуульд төрсөн нутаг Хэнтийдээ дахин нэр дэвшээд сонгогдож чадаагүй. Одоо аймаг, орон нутгийнхантайгаа хэр зэрэг холбоотой байна даа?
-Сонгуулийн дүн эргэлзээтэй гарсан. Нутгийнхан ч тэгж үзэж байна лээ. Саналыг дахин гараар тоолно гэсэн нь худлаа болоод өнгөрч байх шив дээ. Мэдээж хэрэг нутагтаа байнга очиж ажиллалгүй яахав. Зөвхөн УИХ-ын гишүүн болохоороо л очдог гэж ойлгож болохгүй. Сар болоод л нэг очдог юм. Эхлүүлсэн ажлууд, дахин шинээр хийж байгаа гээд Хэнтийгүй ажил гэж надад байхгүй дээ.