“Улсын Их Дэлгүүр” ХК-ийн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ 2021 онд тохиож байна. “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн анхны суурь 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа “Хоршоо” нэртэй /жижиг дэлгүүр/ байгуулагдсан нь Сангийн яамны харьяанд ”Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтэс” -ийг байгуулсантай нас чацуу юм. Ардын хувьсгал ялахаас өмнө ямар ч үндэсний худалдаа байгаагүй, зөвхөн гадаадын 524 пүүс, олон мянган хувийн худалдаачид Монголд ноёрхож байлаа.

1923 онд Монгол Зөвлөлтийн Засгийн газрын хооронд худалдааны анхны хэлэлцээрийг байгуулсны үрээр “Хоршоо” нэртэй жижиг дэлгүүрийг “Төв Дэлгүүр” болгон өөрчилсөн. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтай Дарга сургагч, Ахлах, Тооцооны нягтлан бодогч, Дансны сургагч, Барааны сурган боловсруулах мэргэжилтэн, 12 худалдагч зэрэг 20-иод орон тоотой шинэчлэн байгуулснаар жинхэнэ дэлгүүрийн хэв маягт шилжсэн байдаг.

1933 онд шинэ байр /одоогийн Г.Занабазарын нэрэмжит уран зургийн галерей/-нд орсноор түүхэнд Их дэлгүүр буюу “Өндөр хоршоо” гэж нэрлэгдэх болсон. Тэр үедээ хүнс болон өргөн хэрэглээний барааны 5 танхимтай, 40 гаруй ажилтантай болжээ.

“Өндөр хоршоо” нь 1949 он гэхэд үндсэн барааны худалдаа нэмэгдэж импортын барааны хувийн жин өссөнөөр жилдээ 16.5 сая төгрөгийн гүйлгээ хийх болсон нь 1934 оныхоосоо 9 дахин нэмэгдсэн баримт байдаг.

1959 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ардын Хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө улсын хэмжээний худалдааны “Нэгдсэн төв” барьж байгуулахаар 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Хятад улсын зураг төсөл, барилгачдын хүчээр одоогийн байгаа барилга байгууламжийг 1961 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулсан байна. Энэ үеэс “Улсын Их Дэлгүүр” хэмээн нэрлэгдэх болжээ.

“Улсын Их Дэлгүүр” шинэ байранд орох үеэсээ Герман, Унгар, Чех, ЗХУ, Хятад, хожим Бүгд Найрамдах Солонгос улсуудын тавилга, төхөөрөмжөөр тоноглогдож үйлчилгээний соёл эрс дээшилсэн байна. 1960, 1970, 1980 -аад онуудад “Улсын Их Дэлгүүр”-ийн хамт олон төлөвлөгөөт урамшууллын шинэ системийг анх нэвтрүүлж, худалдаалах барааны нэр төрлийг жилээс жилд нэмэгдүүлэх, бригадаар эд хариуцах, зарим тасаг өөртөө үйлчлэх хэлбэрт шилжиж, барааг жижиглэн савлаж худалдаалах, барааны хадгалалт,  барааны нэр төрөлтэй ажиллах дотоодын хяналтыг нэвтрүүлэх, бараа материалын хөдөлгөөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, гологдолгүй үйлчилгээ, үзэсгэлэн, өргөтгөсөн худалдаа гаргах зэрэг үйлчилгээний дэвшилтэд хэлбэрүүд нэвтрүүлж байжээ.

Үүний дүнд 1990 он гэхэд нийт бараа гүйлгээ 1960 оныхоос 5.4 дахин нэмэгдэж, 334.7 саяд хүрсэн байна. Тэр үед ийм хэмжээний гүйлгээ хийдэг дэлгүүр үйлчилгээний газар байсангүй.

1994 онд ажиллагсдын тоо 500 гаруй болж өдөрт 50 гаруй мянган хүнд үйлчилж сард дунджаар 240 сая төгрөг, жилдээ 2.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байв. Зах зээлийн харилцаанд шилжсэн эхний жилүүдэд ч өнгө төрхөө алдаагүй 1995 он хүрсэн байдаг.

Монгол улсын Засгийн газрын 1995 оны 12 -р сарын 12 -ны өдрийн 106 -р тогтоолоор ”Улсын Их Дэлгүүр” -ийг зориулалтаар нь ажиллуулж Их дэлгүүрийн зэрэглэлийн хэмжээнд өөрчлөн шинэчлэхтэй холбогдуулан төсөл шалгаруулах журмаар “Хувьцаат компани” болгон өөрчлөн зохион байгуулж хувьчлах шийдвэрийг гаргасан.

Засгийн Газраас “Улсын Их Дэлгүүр” -ийг хувьчлах шийдвэр гаргасны дагуу 1996 онд төсөл шалгаруулахад “Түшиг” ХХК шалгарч хувьчлан авсан. Гэвч Хувьчлал буруу явагдсан гэх шалтгаанаар буцаасан байна. Дараа нь хэд хэдэн удаа дуудлага худалдаанд оруулсан боловч хувьчлагдахгүй явсаар 2000 он хүрсэн. Учир нь өмч хувьчлалаар иргэдэд үнэгүй олгосон ягаан, ногоон тасалбарын хамгийн сүүлчийн үлдэгдлийг бөөнөөр нь “Улсын Их Дэлгүүр” -ийн хувьцаанд шахан оруулснаас төрийн өмчийн 36 сая 807 мянга 850 ширхэг хувьцаатай, Монгол Улсын хамгийн их 59 мянган хувьцаа эзэмшигчтэй компани болсон юм.

Ийм үед нь “НОМИН Холдинг” ХХК 2000 оны 5 -р сард 16 сая 563 мянга 534 ширхэг хувьцаа /45 хувь/, 2021 оны 9 сард нэмж 5 сая 521 мянга 178 ширхэг хувьцаа /15 хувь/-г тус тус дуудлага худалдаагаар  төрөөс хувьчилж авсан юм хэмээн Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан,    Амарбаярын Шагдарсүрэн Их дэлгүүрийн өмнөх Арслангийн хөшөөний талаар ингэж бичсэн байна.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2021.7.29 ПҮРЭВ № 147 (6624)