Б.БЯМБАЖАРГАЛ

БНХАУ болон ОХУ-д суралцдаг Монгол оюутнууд өнгөрсөн оноос хойш сургуульдаа явж чадалгүй, үргэлжлүүлэн сурахад асуудал үүсчээ. Учир нь өнгөрсөн оны нэгдүгээр сард цар тахал анх дэгдэж эхлэхэд Монголд ирсэн оюутнууд одоог хүртэл буцаж чадаагүй байна. Учир нь Хятад, Оросын талаас Монгол оюутнуудыг хүлээн авах тодорхой шийдвэр гаргаагүй байгаа юм. Хятадын тухайд өнгөрсөн тавдугаар сараас бүх сургуулийн хичээл танхимаар эхлээд байгаа бол Орос улсад халдварын тархалт буураагүй байгаа ч мөн танхимаар хичээллэж эхэлсэн байна. Энэ талаар Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр “Сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаадад сурдаг Монгол оюутнуудын суралцах эрх хөндөгдөж байна. Учир нь ОХУ болон БНХАУ-д суралцдаг оюутнууд одоог хүртэл сургуульруугаа явж чадаагүй байна. ОХУ-д одоогийн байдлаар 4000 орчим оюутан суралцдаг. ХЧМЗ-ын төлөөллүүд Гадаад харилцааны яамны дипломат албаны төлөөлөгчидтэй уулзалт хийж, ГХЯ-ны сайд Б.Батцэцэгт албан бичгийг хүргүүлсэн. Албан бичигт БНХАУ, ОХУ-д суралцдаг Монголд байгаа оюутнуудын асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэж өгөхийг дурдсан. Одоогоор хариу ирээгүй байна. Мөн ГХЯ-ны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан айлчлал хийх гэж буйтай холбоотойгоор БНХАУ-д суралцдаг Монгол оюутнуудын асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хүсэж байна” гэв. 
БНХАУ-ын мэдээллийн систем гадны улс орнуудаас хандахад хаалттай байдаг учир оюутнуудад хичээлээ давтахад шаардлагатай унших, судлах мэдээлэл хомс байгаа учир цахим хичээлээ ойлгохгүй, олон бэрхшээл тулгарч буйг тэд хэлсэн юм. БНХАУ-ын Яаньжөү их сургуулийн оюутан Г.Даваасүрэн “Хятадын өвлийн амралтын үеэр буюу Монгол оюутнууд гэртээ ирсэн байх үеэр коронавирус дэгдэж, улс орнууд хилээ хаасан. Үүнээс хойш Хятадад суралцдаг Монгол оюутнууд сургуульдаа явж чадаагүй, ихэнх нь жилийн чөлөө авсан. Албан бус тоогоор 10 мянга гаруй Монгол оюутан Хятадад сурдаг. Зарим төгсөх ангийн оюутнууд сургууль дээрээ очиж судалгаа, дадлагаа хийгээгүйн улмаас төгсөж чадалгүй жил алдаж байна. Мөн өнгөрсөн онд шинээр элссэн оюутнууд Хятадруу очиж үзээгүй, хятад дугаар байхгүй учир сургуулийн болон мэдээллийн сайтад нэвтэрч чадахгүй зэрэг олон асуудал үүсч байгаа. Хятадын засгийн газраас Монгол оюутнуудыг хүлээн авахгүй байгаа ч Солонгос оюутнуудыг хүлээн авсан. Тиймээс бидний зүгээс нарийн мэргэжлийн, заавал танхимаар хичээлээ үзэх шаардлагатай, төгсөх ангийн оюутнуудыг үе шаттайгаар явуулж өгөхийг хүсэж байна” гэсэн юм. 
Мөн Москвагийн их сургуулийн хуулийн ангийн оюутан Б.Анужин “ОХУ-д суралцдаг 4000 орчим оюутнуудын 90 хувь нь Монголд гацсан байгаа. Бид сайн дураараа нэгдэж 1100 оюутнаас судалгаа авсан. Үүнд 21 хотын 64 их сургуульд суралцдаг оюутнууд хамрагдсан. Шинээр элссэн оюутнуудыг биечлэн ирж сурахгүй бол сургуулиас чөлөөлөх, Монголын их сургуульруу шилжүүлэх санал тавьсан. Мөн дадлагаа заавал ОХУ-д ирж хийх шаардлагатай, хийгээгүй тохиолдолд дараагийн улиралд сурах боломжгүй болж байгаа оюутнууд байна. Судалгаанд хамрагдсан бүх оюутнууд коронавирусын эсрэг дархлаажуулалтанд бүрэн хамрагдсан шууд явахад бэлэн байгаа” гэв. 
Тэд өөрсдийн сайн дураар бүлгэм үүсгэж МУ-ын ерөнхийлөгч  асан Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ГХЯ-ны сайд Б.Батцэцэг, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нарт өнгөрсөн оноос эхлэн албан бичиг хүргүүлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Оюутнуудын зүгээс бүрэн вакциндаа хамрагдсан очоод тусгаарлагдах зардлыг өөрсдөө гаргаад явахад бэлэн гэдгээ мөн хэлсэн юм. Тиймээс эдгээр 14000 гаруй оюутнуудын асуудалд холбогдох яамдууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Эх сурвалж: www.polit.mn