Ө.ХYY

Арын сайхан хангай нутгийг дөрвөн жил удир­дахаар томилогдсон шинэ­хэн Засаг дарга Довдон­нямын Бат-Эрдэнэ гэж хэн бэ.

90 гаруй мянган  хүн амтай Архангайн засаг  ноёны тухай товч танил­цуулгыг эхэнд нь хүргэе. Д.Бат-Эрдэнэ 1970 онд  төрсөн,  эхнэр, гурван хүүх­дийн хамт амьдардаг гэж намтрынхаа эхэнд бич­жээ.

Тэрээр 1978-1988 онд Батцэнгэл, Цэцэрлэг су­мын 10 жилийн сургууль, 1988-1993 онд МУБИС-ийг математикийн багш  мэргэжлээр төгссөн бай­на. Хожим төгссөн сур­гуу­лийн­хаа магистрантыг  дүүр­гэж, Удирдлагын ака­демид менежерийн эр­дэмд суралцан төгссөн  гэж боловсролынхоо түү­хийг өгүүлжээ.

Харин ажлын  туршлагын тухайд Д.Бат-Эрдэнэ 1993-2007 оныг хүртэл аймгийнхаа  багшийн  коллежийн багшаас  захирал  болтол дэвшин  ажиллаад 2008 оноос хойш аймгийн АН-ын  даргаар томилогдож  улс төрийн сонгуульт ажил  хийж иржээ. Тус аймагт өнгөрсөн  орон нутгийн сонгуулиар  ИТХ-ын 27 мандатын 20-ийг нь АН, зургааг МАН, нэгийг нь “Шударга ёс”  эвсэл  авч Засаг баригч нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэгээд л  сайн, муу нэрний  алийг нь ч  зүүж  амжаагүй байсан нутгийн хүү  Д.Бат-Эрдэнэ  Засаг дарга болох  зам  нь  шуударсан  ажээ.

Уг нь  орон нутгийн сонгуулийн өмнө С.Ламбаа аймгийн Засаг дарга болохоор ажиллаж  байгаа  тухай бор  шувуу нисээд байсан  юм.  Тэрээр орон нутгийн сонгуульд  менежерээр  ажилласан нь  үнэн.  Харин АН ялалт  байгуулсны  дараа  С.Ламбаа  УИХ-ын  даргын дэргэд  зөвлөхөөр  болж, харин Д.Бат-Эрдэнэ ямар ч өрсөлдөгчгүйгээр ганцаараа  Засаг даргад нэр дэвшээд, олонхи гар өргөн томилсон нь түүний зам ойлгомжтой  болсных байжээ. Д.Бат-Эрдэнэд хувийн ямар  нэгэн бизнес, элдэв  лиценз  юу  ч байхгүй гэнэ. Олон жил  сургуульд  ажиллахдаа , дараа нь  дөрвөн жил сонгуульт  ажил  хийхдээ ч  түүний  тухай элдэв  хар, цагаан хэл  ам цөөн  гарч  байсан бололтой. Нөгөөтэйгүүр  яалт  байхгүй Архангайн хүү  учир Засаг дарга болгох  шалтгаанууд нь  байж. Харин тус  аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбатын хувьд мөн л  архангайн хүү бөгөөд “Хасу холдинг”  компанийн захирал юм. Түүний  мэдэлд эмнэлэг, худалдааны төв, рашаан сувилал, газар  тариалан  гээд л овоо юм  байдаг ажээ. Өөрөөр хэлбэл аймгийн тэргүүн  баян гэж  хэлж  болохоор  хүн  Д.Бат-Эрдэнэтэй  хавсран Архангайн төлөө  дөрвөн жил  зүтгэхээр шулуудсан  гэнэ.

Д.Бат-Эрдэнэ шинэ  оны  өмнөхөн Засаг даргаар томилогдсон.  Зарим эх сурвалж  “АН хөдөө, орон нутагт боловсон  хүчин муутай  учир Д.Бат-Эрдэнэ  шууд томилогджээ” гэх яриа ч гаргасан  байна  лээ. Томилогдсоноосоо  хойш  тэрээр ИТХ-ын дарга Ч.Мөнхбаттай  хослон иргэдтэйгээ  уулзаад  тун  завгүй яваа ажээ. “Ирэх дөрвөн жилд  юу хийхээ  иргэдээсээ  асуух хэрэгтэй” гэж  тэр байнга хэлж  яваа  гэнэ. Түүний  хувьд  элдэв тодорхой­лолтгүй, орооцолдсон  хар юмаар  бага хүн  гэдгийг дээр  дурдсан. Тиймээс  архангайн иргэд  түүний  юу  хийхийг анхааралтай  ажиглаж байна. Дам  сон­соход аймагтаа хуримын ордон барихаас  эхлэх бүтээн байгуулалт  болон  байгаль  орчин хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүү­лэхэд ирэх жилүүдийнхээ  гол  бодлого болгохоо ярьж  яваа  гэнэ.

Д.Бат-Эрдэнийн гэр­гий мөн л аймгийнхаа ерөнхий  боловсролын сургуульд математикийн багш  хийдэг. Гэр  бүлээрээ  математикчид  юм байна. Архангайг ирэх дөрвөн  жил математикийн  ухаанаар авч явсны дараа  түүнийг  ямар хүн байсныг нутгийнхан нь  таньж авах  бололтой. Дахин  хэлэхэд  Д.Бат-Эрдэнэ  бол  элдэв чимэггүйгээрээ  байгаа Засаг дарга гэнэ. Гэхдээ аймгийн АН-ын дарга хийх, Засаг дарга байх хоёр огт өөр гэдгийг тэр ойлгож буй байх. Харин ирээдүйд  ямар чимэг зүүх нь түүний  хэрхэн ажил­лахаас  л  хамаарах  ажээ.