Т.БАТСАЙХАН

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж,  Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-ны өдрийн 11:40 цагт тангараг өргөнө.  Тэгвэл өчигдрийн чуулганаар  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хэрхэн журамласныг хүргэе.

 

-Уг журамд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байхаар, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар зохих бэлтгэлийг хангасан байхаар тусгажээ.


-Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно. Үүний дараа УИХ-ын дарга гишүүдийн ирцийг мэдэгдэж, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж, “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.


-Тангараг өргөсөн Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ. Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэхээр заажээ.


-Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгагджээ.


-Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зарлахаар журмын төсөлд тусгасан байна.

Ийнхүү журмыг өчигдөр парламент хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр батлагдсан юм.

 

Салбарын сайд нар нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулав

Мөн чуулганаар Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлэв.  Мөн салбарын сайд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-273 сургууль, 200 цэцэрлэгийг ирэх дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулна гэж Засгийн газрын үйл ажиллагаа хөтөлбөрт суулгасан. Харин уг хөтөлбөрт 2022 онд хэдийг барих нь тодорхой тусаагүй. Нэг сая жуулчинг дөрвөн жилийн хугацаанд авдаг болно гэж байгаа. Тэгвэл хэдэн жуулчин авах нь тодорхой тусаагүй байдаг. Ийм байдлаар явбал хэрхэн яаж хэрэгжих вэ. 2.2 их наядын гадаадын зээл тусламж авна гэжээ.

 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:

-Нэг жилийн төлөвлөгөөний тухайд хуулийн дагуу анх удаа гарч ирсэн баримт бичиг. Цаашдаа сайжруулна. Жишээ нь сая жуулчин оруулах ёстой гэсэн асуудал гарч байна. Энэ жил бүх улс орон хөл хорионд орчихсон байж байхад сая жуулчны асуудал ярихад хэцүү. Цаашдаа жилийн төлөвлөгөөг ямар хэлбэрээр гаргана гэдэг нь өөрөө асуудал болчихоод байна. Эх үүсвэрийн тодорхойлоод Үндэсний хөгжлийн газартай нэгтгэсэн хуулийн төслийг оруулж ирж байгаа юм.

 

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-2020 онд нийт УИХ-д батлагдах гэж буй төлөвлөгөөнд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байрыг төлөвлөсөн. Үүний санхүүжилтэд 83.2 тэрбум төгрөг төлөвлөсөн. Гэхдээ энэ жилээс төсвийн шинэчлэлийн хүрээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын шинэчлэлийг хийх ёстой юм байна гэж харж байгаа. 330 сум, Улаанбаатар хотод сургуулиудын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай болжээ.

 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

-Ядуурлыг 2030 он гэхэд тэглэнэ гэх зорилтыг дэлхийн бүх улс орон дэвшүүлсний адилаар Монгол Улс энэ зорилгод нэгдэн 2030 он гэхэд ядуурлыг аль болох тэг рүү болгохыг чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Бидний хувьд ядуурлыг бууруулахад эрүүл мэнд болон боловсролын салбарт илүү түлхүү анхаарч хөрөнгө оруулалтыг оруулах ёстой гэсэн зарчмын дагуу явна.

 

УУХҮ-ны сайд Г.Ёндон:

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2021-2024 онд Асгатын ордын техник эдийн засгийн үзүүлэлтийн шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж хөрөнгө оруулагчийг тодруулна гэсэн хөтөлбөртэй. Өнөөдрийн байдлаар АНУ-ын компанитай уулзалт хийсэн. Уг хөрөнгө оруулагчдын төлөөлөл Улаанбаатар хотод ирсэн. Дээрх хүмүүстэй уулзалт хийгээд эхний байдлаар санамж бичгийг байгуулах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компанитай зөвшилцлийн түвшинд хүрсэн. Асгатын ордыг ашиглахын тулд дэд бүтцийн зураг төсвийг хийх ажлыг 500 сая төгрөгийн өртөгтэйгөөр 2021 онд Барилга, хот байгуулалтын яамны төсөвт суулгасан.

 

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар:

-Нутгийн зам төслийг хэрэгжүүлэх ажил жишиг зураг төсөл хэрэгжүүлэх ажил дээр явж байна. Нутгийн зам хөтөлбөрийн онцлог нь одоо байгаа олон улсын замаас арай хөнгөвчилсөн байдлаар хийе гэдэг дээр мэргэжлийн байгууллагатай зөвшилцсөн. Бүх сумдыг нэгэн зэрэг холбоно гэдэг хүнд. Жайкагаас бүх сумдад тооцоо хийхэд 86 сум хөл хөдөлгөөний эрчимжилт ихтэй гэсэн тооцоо гарсан. Одоо зэрэглэл тогтоох ажил дээр явж байна. Нутгийн зам төслийг хэрэгжүүлэх гол үүсвэр нь улсын төсөв гэсэн төлөвлөгөөтэй.

 

БХБ-ын сайд С.Мөнхбаатар:

-Цар тахлаас үүдэн барилгын материалын үнэ өссөн. Ялангуяа арматур. Өнгөрсөн жил цементийн үнэ өсөхөд манай яамнаас арга хэмжээ авсан хэдий ч дэлхийн зах зээл дээр үнэ өссөн. Олон шалтгааны улмаас үнэ өсч байгаа нь үнэн. Монгол Улс барилгын материалыг үйлдвэрлэдэггүй.

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Манай улс ДЭМБ-д бүртгэлтэй дөрвөн төрлийн вакцин хийж байгаа. Зөвшөөрөгдсөн нь гурав. Нийт хүн амыг хамарсан вакцин бол БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Синовак вакцин юм. Уг вакцин ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн. Халдвар ихсэж буй шалтгаан нь хөл хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Өнөөдрийн нас барсан арван нэгэн хүнээс ес нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байлаа.

 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Тендерийн хуулин дээр ажиллаж байгаа. Зуны турш хэлэлцүүлэг хийж намрын чуулганы өмнөхөн хэлэлцүүлэг хийж дуусгаад УИХ-д өргөн барина. Тэр үед их хурал тендерийн тухай хуулийг дэмжиж өгөөрэй. Нэлээд судалгааны үндсэн дээр дорвитой өөрчлөлт хийнэ. Олон жил тендерийн тухай хуульд гар хүрээгүй. Концессын хуулийг мөн өөрчилнө. Концессын одоо байгаа хуулийг хүчингүй болгоод шинээр төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гэсэн хууль оруулах санаа бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.18 БААСАН № 122 (6599)