Б.ГАРЬД

 

“Наадмын дараа намар” гэж жил бүр ярьдаг. Гэвч, наадам өнгөрөнгүүт намартаа бэлдэх нь бараг л орхигдсон. Намар оройхон өвөл ярьж эхэлдэг зуршилтай л болоод байна. Тиймээс, малчид, тариаланчид, мөн эрчим хүч, ус дулаан хариуцдаг салбарынхан өөрсдөө л эхлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр, төрийн амыг хараад суувал өвөл их л ядарна.

Энэ жилийн тухайд, “төр” наймдугаар сарын дунд хавиас өвөлжилт яриад эхэлсэн. “Ирэх өвлийн өнгө ихээхэн тааруу байна” гэсэн прогноз гарсан байна. Үнэхээр ч, өнгөрсөн зун нийт нутгаар гандуу, хадлан тариа тааруу, малын тарга тэвээрэг сайнгүй өнжлөө.

Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 54 хувьд хэвийн, нутгийн 46 хувьд гантай болон гандуу байв.

Эндээс үүдээд, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Баруун таван аймаг, Төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилт хүндрэх эрсдэл шууд үүсжээ.

Тухайлбал, Баруун бүсийн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь гантай байгаа бөгөөд энэ жил 14.8 сая тоо толгой мал өвөлжих тооцоо гарсан. Баруун аймгууд өвс тэжээл импотроор худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэх тал дээр хүндрэл үүссэн байна. Үүний зэрэгцээ, бэлчээрийн даацын асуудал зайлшгүй яригдана. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 39.8 хувь нь “Бэлчээрийн нөөцтэй”, 19.0 хувь нь “Бэлчээр хүрэлцээтэй”, 24.6 хувь нь “Даац 1-3 дахин хэтэрсэн”, 6.3 хувь нь “Даац 3-5 дахин хэтэрсэн”, 0.3 хувь нь “Даац олон дахин хэтэрсэн” гэсэн судалгааны дүн гарчээ.

Нийт нутгийг бодвол зүүн бүсийн аймгууд буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатараар зуншлага сайтай өнгөрөв.

Ямартай ч, яг одоо зуншлага сайтай байсан аймгуудад өвс хадлангийн ажил ид өрнөж, тэр хэрээр хадлангаар авсан өвсний дийлэнх нь гантай аймгууд руу ачигдаад эхэлжээ. Ялангуяа, Дорнод, Сүхбаатар аймагт нэлээд хэмжээний хадлан авч бусад аймаг руу шууд тээвэрлэж байна.

Зүүн бүсийн аймгуудад хэдий хэмжээний өвс хадлан аваад, хэр ихийг нь гантай аймгуудад зарж борлуулах замаар явуулж байгаа тухай явцын мэдээлэл төрийн албаны ямар ч түвшинд байдаггүй юм байна. Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч л “Сумдын аюулгүйн нөөцөд өнгөрсөн жилийн үлдэгдэл 1578 тн өвс, 399 тн тэжээл, иргэдийн гар дээр 69 мянган боодол өвс байгаа. Өнгөрсөн жил бэлтгэсэн өвс нэг боодол нь 5000 орчим төгрөгийн ханштай байна. Энэ онд аймаг сумдын аюулгүйн нөөцийг Засгийн газраас тогтоосон хэмжээнд бэлтгэх, малчин өрх бүрийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулахаар сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Эхний ээлжид Асгат сум 1500 га, Дарьганга сум 3000 га, Эрдэнэцагаан сум 30 мянган га талбайд хадлан хадуулахаар шийдвэрлэсэн. Хадлан хадах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан” гэж мэдээлжээ.

Харин, олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, албан бус бусад эх сурвалжуудаас авсан мэдээллээр, гантай аймгийн малчид зүүн бүсийн аймгуудаас нэг боодол өвсийг газар дээрээс нь 6-7 мянган төгрөг, ачуулж хүргүүлээд 11-14 мянган төгрөгөөр авч байгаа аж. Гантай аймгийнхан өвсийг малаар, машинаар ч бартердаж авч байна. Энэ нь өчигдрийн үнэ өртөг бөгөөд өдөр ирэх тусам нэмэгдэнэ гэдгийг эх сурвалжууд хэллээ.

Ер нь бол, наймдугаар сарын дунд хавиас ойр ойр хуралдаад эхэлсэн улс аймгийн Онцгой комиссууд нэг л зүйлийг давтан давтан хэлж байна.

Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан “Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим суманд гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна” гэжээ. Одоогоос 20 орчим хоногийн өмнөх мэдээгээр Баян-Өлгий аймгийн 67.6 хувь, Увс 75.3, Ховд 72.2, Завхан 35.7, Говь-Алтай 49.1, Баянхонгор 34.9, Төв 47.3, Сэлэнгэ 30, Дархан-Уул 72, Өвөрхангай 35, Дундговь 59, Өмнөговь аймгийн 30 орчим гантай болон гандуу байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн байна. Тиймээс Улсын онцгой комиссоос өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

Салбарын яамны удирдлагууд бас наймдугаар сарын сүүлчээс эхлээд аймаг орон нутагт ажиллаад эхэлжээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Хэнтий, Сүхбаатар аймгуудад томилолтоор ажиллаад буцсан байна. Хэнтий аймаг энэ жилийн хувьд цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалж, нийт ургацын 11.5 хувийг алдаж байгааг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь танилцуулжээ. Тэрээр “Хэнтий аймаг энэ хэмжээний нөөц, бэлчээрийн өнөөгийн даацаа ашиглан дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Гэвч зуншлага оройтож ургамлын гарцаа муу байгаагаас шалтгаалан өөр аймаг, сумаас хадлан бэлтгүүлэх, отор нүүдэл хүлээн авах боломж хомс байгаа” гэсэн байна.

Сүхбаатар аймгийн тухайд “Нийт нутгаар ургамлын ургалтын байдал хэвийн, ургамлын дундаж өндөр 8-20 см байна. Нутгийн 90 хувьд бэлчээрийн ургамлын гарц хэвийн, 2025-2026 онд 8966 малчин өрхийн 2 сая гаруй толгой малыг өвөлжиж, хаваржуулах тооцоолол гарсан” гэж Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар мэдээлсэн байна.

Дорнод аймагт зуншлага бүр ч аятайхан байжээ.

Харин Засгийн газар, Улсын онцгой комисст “Зуншлага тааруу өнгөрсөн аймаг, бүсүүдийг өвс тэжээлээр хэрхэн хангах, өвөлдөө тэднийг отрын бүс нутгуудад яаж шингээх вэ” гэдэг толгойны өвчин болжээ. ХХААХҮЯ-наас “Энэ жил Баруун бүсийн дөрвөн аймаг, Төвийн бүсийн аймгуудад нэлээд өндөр эрсдэлтэй байх тооцоо судалгаа гарсан. Байгалийн хадлангийн нөөц бэлтгэх боломжтой аймаг, орон нутгуудын судалгаа гаргаж байна. Салбарын яамнаас 3.0 сая орчим га талбайд отор нүүдлийг зохион байгуулна. Улсын чанартай есөн отрын бүс нутагт 1.0 сая орчим малыг өвөлжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна” гэдэг мэдээлэл өгчээ. Тиймээс гантай аймгуудын малчдад “…Энэ жил улсын хэмжээнд 13 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага гарлаа” гэдэг мэдээллийг хүргүүлж буй аж. Эдийн засгийн эргэлтэд оруулах гэдгийг утга ойлгомжтой.

Мөн, гантай аймгуудын малчдаас өвөлдөө отроор нутаглах саналыг салбарын яам нь цахимаар авсан байна.

Тэгэхээр, гантай аймгуудын малчид өвөл отрын бүс нутаг бараадах нь тодорхой болж байна. Улсын хэмжээний отрын есөн бүсээс хоёр нь зүүн бүсийн аймгуудад хамаарна. Эдгээр бүсэд салбарын яам “…1.0 сая орчим малыг өвөлжүүлнэ” гэсэн ч Засгийн газар, Улсын онцгой комисс “… Отрын бүс нутагт 653 мянган толгой мал өвөлжинө” гэж мэдээлэв. Харин Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн 192. мянган га талбайд 250 мянган толгой мал, Дорнод аймгийн Чойбалсан суманд байрлах 124.4 мянган га талбайд 104 орчим мянган толгой мал өвөлжих боломжтой юм байна. 1.0 сая малын 230 орчим мянгыг нь зүүн бүсийн баймгууд өвөлжүүлэх тооцоо гараад байна. Гэхдээ, отрын бүс нутгаас гадна аймаг, сумдын нутагт очиж бэлчээр хувааж өвөлжих малчид ч цөөнгүй дуулдаж байгаа юм. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө, учраа олоод өвөлжицгөөх биз ээ. Эндээс үзвэл, зүүн аймгууд өнөөдөр өвсөө “экспортолж” өвөлдөө оторчдыг “импортолно” гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 167 (7664)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.