Б.БАЯРЖАВХЛАН

 

Төв Азид орших, нутаг дэвсгэрийн хувьд дэлхийд есдүгээрт ордог, нүүдэлчин ахуй, соёл, байгалийн баялаг, уул уурхай гээд олон талаараа манай улстай төстэй Казахстан бол манай орны албан ёсны найрсаг харилцаатай түнш улс юм.

Хоёр улсын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Манай улсын 4284 иргэн тус улсад түр болон албан ёсоор амьдарч, сурч байна.

Есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Казахстан улсад албан ёсны айлчлал хийж хоёр орны олон жилийн түүхтэй дипломат харилцаан дахь албан хэлэлцээний давтамжийг хадгалж, Монголын парламентын удирдлага 22 жилийн дараа тус улсад айлчилсан явдал нь Ази тив дэх найдвартай, чухал түнш улсуудын харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх чухал алхам боллоо. Монгол, Казахстан улс хооронд шинжлэх ухаан, технологи, сансар судлал, хүний эрх, бизнес, санхүүгийн хөрөнгө оруулалтын салбарт анхдагч шинэ санаачилга, албан хэлэлцээ, ажил хэрэгч уулзалтууд ар араасаа өрнөсөн айлчлал байлаа.

Ингэж хэлэхийн учир нь Казахстан улсын ерөнхийлөгч К.Токаев хоёр орны харилцааг бүх талаар гүнзгийрүүлэхэд бэлэн байна хэмээсэн юм. Тухайлбал,

Айлчлалын хоёр дахь өдөр УИХ-ын даргаД.Амарбаясгалан Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхсан бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч К.Токаев, Монгол Улс бол Ази тив дэх найдвартай, чухал түнш бөгөөд бидний уламжлал, соёл, оюун санааны нийтлэг үнэт зүйлс нь стратегийн түншлэлийн бат бөх суурь болохыг онцлоод, хоёр орны харилцааг бүх талаар гүнзгийрүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн билээ.

Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дагалдан УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Замира, С.Зулпхар, Б.Пунсалмаа, П.Ганзориг, Б.Жаргалан, Ц.Мөнхбат, М.Сарнай, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл багтаж, “Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан”-нд Астана хотноо оролцсон юм. Хоёр улсын баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн тогтоосон хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтран ажиллах Санамж бичиг байгуулан эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх алхмыг тавилаа. Мөн хүний эрхийн үндэсний байгууллагууд анх удаа хамтран ажиллах баримт бичиг үзэглэснээр Казахстан Улс дахь Монгол Улсын 4280 гаруй иргэн, тус улсаас манайд аж төрж байгаа 590 гаруй иргэний эрхийг хангаж, хамгаалах асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой харилцан ойлголцсон явдал байв. Олон жилийн турш хөндөгдсөн хүний эрхийн зөрчлүүдийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Казахстан Улсын Хүний эрхийн Омбудсмен хамтран эрх тэгш зарчмаар арилгах эх үндсийг тавилаа.

 

Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх боломж байна

 

Монгол, Казахстан улсын худалдааны эргэлт 2024 оны дүнгээр 54.1 сая ам.доллар байна. Үүнээс экспорт 6.8 сая, импорт 47.3 сая ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 28.5 хувиар буурчээ. Ерөнхийлөгч К.Токаевыг айлчлах үеэр хоёр улсын харилцааны стратегийн түншлэлийн хүрээнд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, олон талт хамтын ажиллагааны 11 баримт, бичиг үзэглэсэн. Энэхүү айлчлалаас хойш жилийн дараа Монгол Улсын Их хурлын дарга Казахстанд айлчилж буй нь хамтын ажиллагааны дээрх баримт бичгүүдийг хөрсөн дээр нь буулгаж ажил хэрэг болгоход түлхэц өгөхийн тулд төрийн өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалах нь хоёр улсын харилцааны шинэ үе эхэлсний илрэл хэмээн талууд онцолж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Казахстан улсын парламентын доод танхим Мажилисийн дарга Ерлан Жаканович Кошанов угтан авч, уулзсан юм. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Түүх соёлын эртний уламжлалт гүн гүнзгий холбоотой хоёр улсын харилцааны тулгуур нь орчин цагт парламент хоорондын хамтын ажиллагаагаар батжиж байна. Казахстан Улс бол монголчуудын хувьд бүс нутгийн чухал түнш төдийгүй Төв Азитай холбосон бат бөх гүүр юм. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч, улс хоорондын хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэхэд бодлогын хувьд УИХ-аас дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай түншлэл чухал болохыг онцлон тэмдэглэв. Монгол Улс тээвэр логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа УИХ-ын дарга илэрхийлсэн юм.

Харин Казахстан улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошанов парламентын бүлэг хоорондын олон талт харилцааг эрчимжүүлж, хууль тогтоох ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх зэрэгт хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилис хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав. Санамж бичигт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошанов нар гарын үсэг зурлаа. Талууд Байнгын хороо, парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын парламентын Тамгын газар хооронд тогтмол харилцаа тогтоох, хууль тогтоох үйл ажиллагааг харилцан дэмжих, туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэхээр санал нэгдлээ. Мөн энэ удаагийн айлчлалаар Монголын 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл Казахстаны бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтран ажиллах талаар ярилцсан юм.

 

Монголын бизнесүүд Казахстаны зах зээлд гарах боломжтой

 

Казахстан улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй хэд хэдэн компани байгаа бөгөөд түүний нэг нь "Доктор авто сүлжээ" ХХК юм. Тэд 2017 онд “Зиг заг” автомашины суудлын бүрээсний үйлдвэрээ нээж байсан бол 2024 онд “Доктор автосеть” нэртэйгээр автомашины завсар болон сэлбэр, тос тосолгооны материалын дэлгүүрээ нээсэн 99 хувийн Монголын хөрөнгө оруулалттай компани юм. Айлчлалын үеэр тус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн захирал З.Чинзориг “2017 онд анх 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол өнөөдрийг хүртэл 5.2 ам.долларын хөрөнгө оруулалтыг Казахстан улсад хийлээ. Цаашид буюу ойрын 10 жилд 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж 200 компани байгуулах зорилготой. Харин үйл ажиллагааны чиглэлийн хувьд Доктор авто сүлжээний Монгол Улсад үзүүлдэг бүх үйлчилгээг буюу авто дэлгүүр, авто засварын үйлчилгээ үзүүлж байна. Казахстан улсад бизнес эрхлэх нь өрсөлдөөн ихтэй боловч маш том зах зээлтэй. Тиймээс боломж байна шүү гэж бусад аж ахуй нэгжүүдэд хэлмээр байна. Мөн энд ямар нэг үйлчилгээ явуулахад төрийн зүгээс дарамт шахалт үзүүлдэггүй нь таатай санагддаг” гэсэн юм.

Монголын авто засварын салбараас гадаадын зах зээлд анхлан гарч буй “Доктор авто сүлжээ” ХХК нь 1999 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Монгол Улсад 14 салбартай. Жилд 650 мянга орчим үйлчлүүлэгчтэй. Тэгвэл тус компанийн Алмата дахь Доктор авто сүлжээ болон Зиг заг суудлын бүрээсний үйлчилгээ нь 30 гаруй ажилтантай. Тэд орос болон казах хэлтэй иргэдийг Монголоос гэрээгээр авч ажиллуулахаас гадна Казахстан улсад амьдарч буй монгол иргэдээ ажлын байраар ханган үйл ажиллагаа явуулдаг байна.

Тус үйлдвэрт гэрээгээр ажиллаж буй механик инженер С.Нурлан “Би "Доктор авто сүлжээ" ХХК-д найман жил ажиллаж байна. Харин Алматы хотод ажиллаад жил болж байна. Хоёр жилийн ажлын гэрээтэй ирсэн. Казахстан улс нь амьдрах орчин таатай, агаарын бохирдолгүй түгжрэлгүй, цалин өндөртэй. Тиймээс цаашид өөр салбар хариуцан ажиллахаар төлөвлөөд байна. Харин Казахстан улсын хувьд авто машины мотор болон сайлник гэмтэх нь их. Учир нь түгжрэл багатай учир энэ төрлийн гэмтэл их байдаг” гэсэн юм. Харин Б.Билгүүний хувьд "Доктор авто сүлжээ" ХХК-нд тав дахь жилдээ ажиллаж байгаа юм. Казахстан улсад хоёр дахь жилдээ ажиллаж буй туршлагатай ажилтан. Тэрээр “Доктор авто сүлжээ ХХК ямар ч салбарт ажилласан цалин, хангамж сайтай байдаг. Тиймээс гэр бүлээрээ Алматы хотод амьдарч байна. Бид долоо хоног бүр гадуур зугаалдаг. Үзэх газар дуусаагүй л байна” гэсэн юм.

Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын худалдаа болон найрамдалт харилцааг өргөжүүлэх тал дээр харилцан тохиролцож, анхаарч ажиллахаар болсон. Энэ тухай УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Казахстаны парламентын бүлгийн дарга У.Отгонбаяр “Энэ удаагийн айлчлалаар худалдаа, эдийн засгийг эрчимжүүлж худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэхийг зорьж, гэрээ хэлцэл хийлээ. Удахгүй Казахстан улсын доод танхимын тэргүүн Монгол Улсад айлчлах талаар яригдаж байна. Мөн ирэх жил Казахстан улсын ерөнхийлөгч манай улсад айлчилна. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Миний хувьд Монгол Казахстаны бүлгийн тэргүүнээр ажилладаг. Цаашид бүлгээрээ дамжуулан хоёр улсын найрамдалт харилцааг сайжруулах тал дээр анхаарна. Мөн хоёр улсын худалдааны эргэлт дээр анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг хоёр улсын парламентын гишүүд, Казахстан улсын ерөнхийлөгч К.Токаев уулзалтын үеэр онцлон тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл, аль аль талдаа ойлгосон шинэ түүхийн эргэсэн айлчлал болж өндөрлөлөө” гэв.

Айлчлалын үеэр Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо Казахстан Улсын санхүүгийн үйлчилгээний байгууллагатай, Ховд аймаг Дорнод Казахстан мужтай, “СЭЭКЛ” ХХК, “Пладис Казахстан” ХХК, “Мусуби” ХХК, “Meloman Home Video” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 168 (7665)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.