Онцлох сурвалжлага: Нийтийн эрх зөрчсөн 1700 гаруй граж, чингэлгийг буулгана

0
хуваалцах
144
үзсэн

З.ОЮУН-ЭРДЭНЭ

 Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлмйн талбайд  зөвшөөрөлгүй баригдсан тоосгон граж, чингэлгүүдийг буулгаж эхэллээ. Төвийн зургаан дүүргийн хувьд 12 километр орчим газарт хашаа, хайс, шон мөн нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан 1700 гаруй тоосгон граж, төмөр чингэлэг байгаа аж. Эдгээрийг үе шаттайгаар, системтэйгээр шийдвэрлэж байгааг албаныхан хэллээ.

М.Нэргүй: ТООСГОН ГРАЖУУДЫГ БУУЛГАЖ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ БОЛГОЖ ТОХИЖУУЛНА  

Энэ дагуу өнөөдөр /2021.06.17/ Улаанбаатар Буян компанийн ойролцоох 11 тоосгон граж, нэг төмөр чингэлэгийг буулгаж талбайг чөлөөллөө. Эдгээр гражууд 2000 оны үед баригдсан. 20 гаруй жил болсон байна.  Бид энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч М.Нэргүйтэй уулзаж тодруулахад “Өнөөдрийн хувьд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хорооллын дунд баригдсан нийтдээ 11 тоосгон граж, нэг төмөр чингэлэгийг буулгаж газрыг нь чөлөөлж, нийтийн эзэмшилд шилжүүлэхээр зөрчил арилгах арга хэмжээ хийгдэж байна.

Гражуудын хаалгыг онгойлгоход нийт замын хагас нь хаагдаж, зорчих хэсгийн тал хувийг эзлэх жишээтэй. Тоосгон гражууд зөвшөөрөл байхгүй. Шууд л барьчихсан. Энэ орон сууцны хорооллын дунд хүүхдийн тоглох талбай, хүүхдэд зориулагдсан талбай байхгүй. Мөн нялх хүүхдээ нарлуулах, өндөр настнууд агаарлаад суухад зориулагдсан талбай байхгүй.  Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны хувьд 5000 гаруй хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүдэд тоглох талбай хомс байна. Оршин суугчид бас  санал хүслээ хэлсэн. Энд зөрчлийн хуулийн дагуу олон нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлнө үү гэсэн шаардах хуудсыг хоёроос гурван удаа наасан. Иргэд ч эдгээрийг буулгах саналыг хүлээн зөвшөөрч граж доторх эд зүйлсээ авч чөлөөлсөн. Чөлөөлсний дараа барилга байшин  барихгүй. Олон нийтийн эзэмшлийн талбай болгон тохижилт хийгдэнэ” гэлээ.

 5000 ХҮҮХЭД ТОГЛОХ ТАЛБАЙГҮЙ  

Харин Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны тавдугаар хэсгийн оршин суугч “Энэ хэсэгт барилга байгууламжууд маш шигүү баригдсан байдаг. Ерөнхийдөө 5000 оршин суугчийн эрх ашиг буюу явах, зорчих хөдөлгөөнд тодорхой хэмжээнд хязгаарлалт үүсдэг. Бид удаа дараа санал хүсэлт хүргүүлсэн. Нийслэлийн газрын алба маш шуурхай арга хэмжээ аваад зөвшөөрөлгүй гражийг буулгаж байгаад баяртай байна. Гэхдээ асуулал дуусаагүй. Зөвшөөрөлгүй хоёр барилгын газрын асуудал байна. Мөн олимпын гүүртэй холбоотой зорчих асуудал бас ий. Энэ талаар ч мөн нийслэлд хандсан. Эхнээсээ шийдэгдэж байна гэж ойлгож байгаа.  Дээрээс нь тоглоомын талбай маш том асуудал болдог. Манай энэ хавийн 5000 орчим хүүхдэд тоглох талбай байхгүй. Хотхоны гадаа жаахан цомхон талбайтай. Хүүхдүүд сагс хөлбөмбөг гэх мэт гүйж харайж тоглохыг хүсдэг. Гэвч талбай нь хангалттай алга” гэлээ.

Ийнхүү цаашид газар зохион байгуулалтын албаны алба хаагчид нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан барилга, граж, хайс шон зэргийг үе шаттайгаар шийдвэрлэж чөлөөлөх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn