С.САРУУЛ

Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “ 26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр эмэгтэйчүүд өчигдрөөс вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. 26 мянган эхээс 11109 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд нэрсийн жагсаалтыг гарган, зохион байгуулалтад оруулж байна. Ойрын үед бороотой, хүйтэн байгаа тул жирэмсэн эхчүүдэд дараалал үүсгэхгүйн тулд цахим хэлбэрээр цаг авч, товлосон хугацаанд нь Файзер вакциныг хийхээр дүүрэг бүрд нь зохион байгуулалт хийн, ажиллаж байгаа. 13-34 долоо хоногтой жирэмсний хугацаанд вакцинжуулалтыг хийх ёстой. Хэрвээ 34-өөс дээш долоо хоногтой жирэмсэн бол төрснийхөө дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм. Жирэмсэн эх ковидын халдвар авсан тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагад ажиллаж байгаа Үндэсний их сургуулийн тусгаарлах байранд хэвтүүлэн, мэргэжлийн эмч, сувилагч нарын хяналтад авч байна. Эмнэл зүйн шинж тэмдэг гүнзгийрч, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүссэн нөхцөлд Яармагт байрлах Эх, нярайн үндэсний төвд мэргэжлийн эмч нар эмчилгээг нь үргэлжлүүлэх зохион байгуулалттай ажиллаж байгаа. Эх, нярайн үндэсний төвд 300 ор дэлгэсэн бөгөөд нийтдээ 500 орыг ажиллуулж буй.

119 дугаар руу иргэд хандах ёстой. Мөн нийслэлийн төвлөрсөн лавлах 1800-1200 утсанд нийт 14 шугамыг нэмээд, дүүрэг болгон дээр хуваарилсан. Нэмэлтээр эмч нарыг суулган, иргэдэд утсаар зөвлөгөө өгөх, шаардлагатай бол хариу арга хэмжээний багтай холбож өгөх ажлуудыг хийж байна” гэлээ

Эх сурвалж: www.polit.mn