С.ЭНХДӨЛГӨӨН

 

Хан-Уул дүүргийн 17-р хороо Хан хиллс орчмын буюу Туул голын эрэг дагуух 19 ААН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл өглөө. Энэ талаар НГЗБА-ны дэд дарга Г.Батзориг “Анх 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга газар дээр нь очиж, танилцсаны дагуу газар эзэмшлийг цуцлах  чиглэлийг манай албанд өгсөн. Үүний дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 15, 29-ны өдөр иргэн, аж ахуйн нэгжийг сонсох үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Ингэснээр энэ сарын  2-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А-406-аас А-415 хүртэлх захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан” гэлээ.  Дээрх газруудыг цуцлах үндэслэлээ Газрын болон Ойн тухайн хууль, Усны  хууль, Нийслэлийн иргэдийн хурлын А-50 дугаар тогтоолд тусгасан хамгаалалтын бүст орсон  гэж тайлбарлалаа.

Нийт 22 аж ахуйн нэгжийн газар эзэмших судалгаа байгаагаас гурван компанийн газарт барилга баригдсан учраас эхний ээлжинд хоосон 19 газрыг хүчингүй болгосон байна. Харин шүүхэд гомдол гаргахаар бол мэдэгдэл хүргүүлснээр эрх нь нээгдэх юм байна. Газрын эрхээ цуцлуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд нөхөн олговор олгох бөгөөд газрын болон  дуудлага худалдааны төлбөр төлөгдсөн бол ямар хэмжээний зардлаар авсан зэргийг харгалзан харилцан тохиролцооны түвшинд яригдана гэдгийг Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал хэллээ.

Хуульд зааснаар нөхөн сэргээлтийн асуудлыг газар эзэмшиж байсан иргэн, ААН хариуцдаг. Гэхдээ тухайн газрын нөхөн сэргээлт, элэгдэлтэй  холбоотой асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагын газар, Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргах юм байна.

Эрхийг нь цуцалсан газруудын ихэнх нь орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд 15 жилээр олгосон байжээ. Газрын эрх нь хүчингүй болсон 19 аж ахуйн нэгж нийт 141269 мкв га газар эзэмшиж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.16 ЛХАГВА № 120 (6597)