Б.ТУУЛ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хандан дараах шаардлагыг хүргүүлжээ. Уг шаардлагад “Наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны зургаадугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү” гэжээ. Мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.

Шаардлага хүргүүлэх тухай

Монголын Үндэсний Бөхийн Холбоонд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам-Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн.

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээг авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг нь та бүхэн Үндэсний Бөхийн Салбар Хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна.

АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр татагдаж байсан танай байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөхчүүд үзэж байгаа.

Иймд та бүхэн наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны зургаадугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол бид танай дээд байгууллага Олон Улсын Допингийн Эсрэг байгууллагад (WADA- World Anti Doping Agency) та бүхнийг спортын авлига, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн байгаа болно...гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn