С.САРУУЛ

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч асан, хошууч генерал Чимэддоржийн Амарболдын цолыг өнөөдөр Ерөнхийлөгч сэргээн олголоо.  

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж 2018 оны дөрөвдүгээр сард цолыг нь хасахаар шийдвэрлээд байсан юм. Харин сэнтийгээсээ буухын өмнө Ерөнхийлөгч шийдвэрээ эргэн харж, 2008 оны долдугаар сарын 1-ний гэх хэрэгт ял шийтгүүлсний дараа дахин цолыг нь хураах шийтгэл оноосон нь буруу гэж үзсэн байна. Ерөнхийлөгч “ Чимэддоржийн Амарболдод 1996 оны наймдугаар сард олгосон генерал цолыг сэргээж байна.  Монголын төр тусгай албан хаагчдаа үүрэг өгч, даалгавар өгчихөөд дараа нь үүрэг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй юм. Дээд албан тушаалтнуудынхаа өгсөн тушаалыг гүйцэтгэснийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээсэн дээр нь генерал цолыг хурааж давхар шийтгэсэн нь зохимжгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Зүй нь тушаал өгсөн дээд албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээх ёстой.  

Төрийн тусгай даалгавар, онцгой үүргийг үг дуугүй биелүүлэх тангарагтай тусгай албан хаагчдыг хамгаалах, ажиллах нөхцөл боломжоор хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг нь төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn