Т.САЙХАН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзоригт дэслэгч генерал цол, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмд хошууч генерал цол, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Т.Лодойдамбад бригадын генерал цол тус тус хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол гардуулах үеэр хэлсэн үгэндээ "Орчин цагийн зэвсэгт хүчний 100 жилийн ойн жил цэргийн дээд цол генерал цол хүртсэнд зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. 

“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний анги салбаруудыг зохион байгуулж, өгөгдсөн үүрэг даалгаврыг богино хугацаанд амжилттай биелүүлж, Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замыг барьж дуусгахад бие бүрэлдэхүүнээ манлайлан ажилласан Зэвсэгт хүчний тусгай хүчний цэргийн штабын дарга Л.Гансэлэмд хошууч генерал, Жанжин штабын дарга Д.Ганзоригт дэслэгч генерал цол олголоо. Монгол Улсын түүхэн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний оролцоог маш сайн хангаж, дотоодын нөөц боломжийг тодорхойгоор илтгэн харуулсанд тань талархал дэвшүүлье. 

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд өнөөдөр генерал цол хүртэгсдийн дунд цолоо  сэргээн авч байгаа хүн бий. Чимэддоржийн Амарболдод 1996 оны наймдугаар сард олгосон генерал цолыг сэргээж байна. 

Монголын төр тусгай албан хаагчдаа үүрэг өгч, даалгавар өгчихөөд дараа нь үүрэг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй юм. Дээд албан тушаалтнуудынхаа өгсөн тушаалыг гүйцэтгэснийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээсэн дээр нь генерал цолыг хурааж давхар шийтгэсэн нь зохимжгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Зүй нь тушаал өгсөн дээд албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээх ёстой.   

Төрийн тусгай даалгавар, онцгой үүргийг үг дуугүй биелүүлэх тангарагтай тусгай албан хаагчдыг хамгаалах, ажиллах нөхцөл боломжоор хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг нь төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн алдар бадартугай" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn