С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамны уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл COVID-19-ийн эмчилгээтэй холбоотой тайлбар хийлээ. Хүний гавьяат эмч, хамба лам Д.Нацагдорж “Бид цар тахлын үеийн эмчилгээний заавраа хоёр дахь удаагаа шинэчилсэн. Сая сайдын тушаал гарлаа. Бие хэл сэтгэлээ хамгаалах гүрэм засал, тарнийн эмчилгээ байдаг. Онолын түвшинд судрын болоод тарнийн арга аргалчлалыг хүмүүс амьдралдаа хэрэгжүүлэх нь халдвар өвчнөөс сэргийлэх, эмчлэхэд тустай гэж айлдсан. Амьдрал практик дээр буддын засал ном, онол ухаан батлагддаг. Шинжлэх ухаантай яг цав нийлдэг. Уламжлалт анагаах ухааныг улстөржүүлэх нь явуургүй асуудал. Бид эмнэлэг рүү ороод олон хүнд өвчтэй хүмүүсийг өндөр түвшинд эдгээсэн. Үр дүн нь гарсан. Энэ талаар судалгааны ажил хийж, удахгүй ард иргэддээ дэлгэрэнгүй тайлбарлах болно. Хүмүүс өдөр тутмынхаа явдал мөрийг цэгцтэй байлгах нь халдвар өвчнийг эмчлэхэд үр дүнтэй . Уушги нь хүндэрсэн хэд хэдэн хүмүүст дөрвөн хоног эм цагаар өгөөд тав дахь өдөр нь рентгенээр харахад шимэгдчихсэн байсан” гэлээ.

Харин анагаах ухааны доктор, академич Д.Цэрэндагва “COVID-19-ийн эсрэг хэрэглэж буй уламжлалт анагаахын эмүүд нь олон зуун жилийн онол практикаар батлагдсан. Өнөөдрийн улаан бүст хэрэглэж буй эмүүдийн 20-30 хувь нь орчин үеийн судалгаагаар судлагдчихсан. Жишээлбэл, цус шингэлдэг, уушгины үрэвслийг намжаадаг, халуун бууруулдаг гэх мэтийн үйлдлүүд нь батлагдсан. COVID-19 нь хөнгөн хэлбэрээс хүнд хэлбэр рүү шилжихдээ уушгины хатгаа болж хүндэрч байна. Уушгины хатгааны үед хэрэглэдэг уламжлалт анагаахын үрэвсэл намжаадаг эмүүд бий. Уушгины хатгаа хүндэрвэл тромпоз буюу цусанд блю үүсдэг. Уламжлалтын цус шингэлдэг маш олон эмүүд байна. Уламжлалтын эмүүд нь бүгд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдчихсэн. Жишээлбэл, цус шингэлдэг гурван үрийн тан, тагтүг гүнсэл, уушгины өвчний үед уудаг жугана-25, зову-8 зэрэг эм танг хэрэглэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn