Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан “экстремист” үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон байгууллагуудыг хориглох шинэ хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан  Путины гол “дайсан”, Кремлийг шүүмжлэгч, Сөрөг хүчний удирдагч мөнгө угаасан хэргээр шоронд хоригдож байгаа Алексей Навальныйтэй холбоотой улс төрийн байгууллага тэр дундаа Авлигийн эсрэг санг /FBK/ “экстремист” ангилалд оруулж, үйл ажиллагааг нь хориглож байгаагаа Моксвагийн шүүх лхагва гаригт зарлажээ. Ингэснээр тус байгууллагууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, Навальныйг дэмжих юм бол шоронд хоригдох хүртэл эрсдэлтэй болж байгаа юм. Мөн төрийн албанд ажилладаг хүн Навальныйг дэмжвэл ажлаасаа халагдаж болзошгүй нөхцөл үүслээ.

Энэ талаар прокурорын хэвлэлийн төлөөлөгч Алексей Жафяров “Эдгээр байгууллага төрийн албан тушаалтнуудыг иргэдээр үзэн ядуулах зорилготой, дайсагнасан, өдөөн турхирсан мэдээлэл тараахаас гадна хэт туйлширсан “экстремист” үйлдэл гаргасан нь тогтоогдсон” гэж ярьжээ. Харин Навальныйгийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдэв.

Шүүхийн шийдвэрийн дараа Навальный “Бид хаашаа ч явахгүй. Одоогийн энэ байдлыг засаж сайжруулж, өөрчилж, хөгжүүлнэ. Тохирсон арга хэмжээг хэрэгжүүлнэ. Бид зорилго, санаа бодлоосоо урвахгүй. Энэ бол бидний улс. Бидэнд өөр орон байхгүй” гэж инстаграммдаа бичжээ.Ийн Навальныйн байгуулсан Авлигийн эсрэг санг “эксремист” ангилалд оруулснаар Алексей Навальныйн дэмжигчид болон түүний улс төрийн үйл ажиллагаанд маш ноцтой үр дагавар учрах юм. Тиймээс Навальныйг дэмжигчид үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхөд хүрлээ.

"ОХУ-д Сөрөг хүчин  орших боломжийг санаатай хаасан үйлдэл боллоо”

ОХУ-ын парламентын сонгууль ирэх есдүгээр сард болно. Гэвч санал асуулга эрх баригч намын нэр хүнд улам унаж байгааг харуулсаар байна. Тиймээс Навальныйн зарим дэмжигч сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байсантай холбоотойгоор дээрх хоригийг тавьсан хэмээн үзэж байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Кремлийг шүүмжлэгч Дмитрий Гудков эрх баригчдын дарамт шахалтнаас үүдэн эх орноосоо явсан билээ. Энэ бүхнийг ирэх сонгуульд сөрөг хүчнийг оролцуулахаас урьдчилан сэргийлсэн эрх баригчдын үйлдэл хэмээн дүгнэж байна.

Хэргийг эргэн сануулвал Алексей Навальный өнгөрсөн наймдугаар сард Сибир руу явж байхдаа хорлогод орон Германд эмчилгээ хийлгэсэн билээ. Ийн нэгдүгээр сард эх орондоо ирсэн ч удалгүй баривчлагдан улмаар шоронд орсон юм. Түүнийг хордуулж, амийг нь егүүтгэх шахсан хэрэгт тэрбээр Ерөнхийлөгч Путинг буруутгасан. Гэвч Кремль эсэргүүцсээр ирсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Путин нарын энэ сарын 16-нд хийх дээд хэмжээний уулзалтын сэдэв нь Навальный байх болно хэмээн тэрбээр таамаглаж байгаа аж. Учир нь АНУ, Их Британи зэрэг улс орон Москвагийн шүүхийн шийдвэрийг буруутгасан мэдэгдэл гаргасан юм. Тухайлбал, Их Британийн Гадаад харилцааны сайд Доминик Рааб “Энэ бол авлигатай тэмцэж, нээлттэй нийгэм байгуулахыг зорьж буй хүмүүсийн эсрэг үйлдсэн халдлага юм.  ОХУ-д Сөрөг хүчин жинхэнэ утгаараа оршин тогтнох боломжийг санаатай хаасан үйлдэл боллоо” гэж мэдэгджээ.

Эх сурвалж:BBC