Б.ТУУЛ

Жил болгон зохион байгуулагддаг “Үндэсний номын баяр” энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Эдгээр өдрүүдэд номын хорхойтнууд уншиж амжаагүй, зун унших номоо “базаадаг” билээ. Тэгвэл энэ баярын өдрүүдэд онцолж авах зургаан номыг танилцуулж байна.

1.  Мари Кондо-“Баяр баясал авчрах ажлын эмх цэгц”

Бид ажил ихтэй, өдөр хоногийн завгүй өнгөрөөх тусам ажлын цагтаа баригдаж, зорилгоо мартдаг тал бий. Шахуу хуваарьт баригдаж, нэг л мэдэхэд дуртай ажлаасаа ч таашаал авахаа болих үе бий. Эмх цэгц гэдэг зөвхөн ширээгээ цэгцлэх бус ажлынхаа цагийн хуваарь, шийдвэр гаргалт, хүрээлэл гээд олон зүйлсээ эмх цэгцтэй болгосноор ажилдаа илүү дуртай, баяр баясалтай болох талаар өгүүлнэ.

2. Жорж Оруэлл-“1984”

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” бүтээл шинээр орчуулагдан гарлаа. “Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг шиг бид нийгмээс хамааралтай учир улс төр гэх зүйлийн талаар заавал мэдлэгтэй байх хэрэгтэй болдог. Эл бүтээл энэхүү санааг уран зөгнөлт хэдий ч бодитоор тусгаж чадсанаараа онцлог бүтээл билээ. 

3. Сабахаттин Али- “Бидний доторх чөтгөр”

Амьдралдаа гурван роман бичсэн нь гурвуулаа амжилтад хүрсэн Туркийн орчин үеийн уран зохиолын сод төлөөлөгч Сабахаттин Алигийн “Бидний доторх чөтгөр”, “Арьсан хүрэмтэй Мадонна” зэрэг бүтээл Монголчуудын хүртээл болоод байна. Энэхүү номонд “чөтгөр” гэдэг үгийг бидний мэдэх хэвшмэл ойлголтоор бус бид бүгдийн дотор чөтгөр бий хэмээх санааг тусгаж, хүний сэтгэл зүйн асуудлыг нэвт шувт гаргаж чадсанаараа нэн онцлог. Эл зохиолч “Арьсан хүрэмтэй Мадонна” номоороо аль хэдийн Монголчуудын танил болоод буй бөгөөд шинэхэн хөрвүүлэгдсэн бүтээл нь ч мөн танд таалагдана хэмээн итгэж байна.

4. Хомэр- “Илиада”, “Одиссей”

Барууны утга зохиолын дээж “Илиада”, “Одиссей” хэмээх их хөлгөн туульс Монгол хэлнээ хөрвүүлэгдээд буй. Одооноос 26 зууны өмнө бичигдсэн гэгддэг энэхүү хөлгөн туульсыг энэ цаг үед уншсан ч шинэлэг хийгээд уран яруу хэвээр байна. Энэхүү суут бүтээлийг бүтэн эхээр нь эх хэл дээр бичигдсэн мэт яруу тансаг орчуулгаар хүлээн авч уншаарай.

5.  Юдит Шаланский- “Алдагдсан зүйлсийн жагсаалт”

Бидний өдөр тутмын амьдралд зарим зүйлс алга болж, зарим зүйлсийг шинээр нээсээр байдаг. Алдагдсан, ахиж уулзахгүй гэх ямарваа зүйл бидний сэтгэлд гунигтай эсвэл харамсмаар ч юм шиг мэдрэмжийг төрүүлдэг билээ. Эл бүтээл дэлхий ертөнцөөс алдагдсан 12 зүйлсийн жагсаалтыг гаргажээ. Түүхэн талаасаа судалгаатай хийгээд мөн уран зохиолын хэв маягаар бичсэн нь нэн шинэлэг тус бүтээлийг онцолж байна.

Нэмэлт: “Монсудар” хэвлэлийн газраас “Монголоос алдагдсан зүйлсийн жагсаалт” хэмээн зохиолын уралдаан зарлаад буй билээ. Бичих хүсэлтэй хэн бүхэнд энэхүү номоос сэдэвлэн зарлагдаж буй тус уралдаанд идэвхтэй оролцохыг уриалжээ.

6.  Албер Камю- “Тахал”

Францын философич Албер Камюгийн “Тахал” романыг санал болгож байна. Цар тахал гарахаас өмнө бид “Тахал” гэх энэ үгний утгыг тэр бүр анзаардаггүй байсан мэт. Энэхүү хэцүү цаг үед дэлхий нийтийн унших номын тоонд зүй ёсоор “Тахал” бүтээл нэрлэгдээд буй байна. 

Эх сурвалж: www.polit.mn