Б.ДОЛЖИН

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар ирсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (АИХЭГ)-ын ажиглагчид урьдчилсан байдлаарх ажиглалтын дүгнэлтээ тайлагналаа. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч 43, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч, сэтгүүлч 40 хүн бүртгүүлжээ.

Энэ үеэр Тусгай хорооны тэргүүн Лолита Чигане “СЕХ-ын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байсан. Мөн  сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд өндөр хувь нэмэр орууллаа. Харааны, сонсголын бэрхшээлтэй иргэдэд тараах материал түгээхэд СЕХ  сайн ажилласан. Сонгуулийн хуулийн орчинд хангалттай олон зохицуулалт бий. Өнгөрсөн онд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ардчилсан сонгуулийн талаар олон заалт бий ч зарим заалт хуулийн гадуур үлджээ. Парламентад суудалгүй нам болон хувь хүмүүс нэр дэвших боломжгүй байгаа нь сонгогчдын эрхийг ч хязгаарлаж байна. ҮАГ мөрийн хөтөлбөрийг урьдчилан баталдаг нь нэр дэвшигчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож буй хэлбэр юм. Кампанит ажил явуулах журам ихээхэн зааварчилсан шинжтэй. Нэр дэвшигч сонгогчтойгоо ажиллахад энэ нь саад бэрхшээл учруулдаг.Хэдий хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон боловч улс төрийн хүрээний эзэдтэй тул мөрийн хөтөлбөрийг задлан шинжилсэн мэдээ, нэвтрүүлэг цөөн байв. Энэ нь сонгогчид бодит мэдээлэл авах эрхийг хаасан.Оюуны бэрхшээлтэй иргэд одоо ч саналаа өгөх эрхгүй байна. Энэ нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бас нэг тохиолдол боллоо.Сонгуультай холбоотой аливаа зөрчлийг цогцоор нь шийдэх тогтолцоо ажиллаж байгаа, эсэхийг бид шалгасан юм. Ийм тогтолцоо бий ч гомдол шийдвэрлэх хугацаа хэт урт байна” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Филиппин Улсын Сонгуулийн төв комисс), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай хороо, Бодлогод залуусын хяналт ТББ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Словак, Их Британи улсын иргэдийн төлөөлөл, ИБУИНВУ, АНУ, Австрали, Япон улсын Элчин сайдын яамд ажигласан юм.

Эх сурвалж:www.polit.mn