С.УЯНГА

 

Эгнээнээсээ арван баатар төрүүлсэн бахархам гавьяатай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Зангилгааны инженер, ахлах дэслэгч Б.Мэнд-Амарыг “Монгол Улсын төлөө” буланд онцолж байна.  Ахлах дэслэгч Б.Мэнд-Амар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат. 2008 онд сумынхаа арван жилийг төгсч Батлан хамгаалах их сургуулийн Удирдлага технологийн сургуульд элсч орсон нь түүний мөрдэс зүүх мөрөөдлийн эхлэл байв. Харин 2011 онд сонгон шалгаруулалтад орж тэнцээд  оюутан солилцоогоор БНСУ-ын Агаарын цэргийн сургуулийг зорьсон нь түүнд дахин шинэ хаалга нээсэн талаар  Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Зангилгааны инженер Б.Мэнд-Амартай цөөн хором хөөрөлдсөнөө толилуулж байна.

-Хилийн цаана өнгөрүүлсэн өдөр хоногуудыг эргэн дурсвал юу бодогдож байна вэ. Мэдээж олон орны цэргүүдтэй мөр зэрэгцэн суралцана гэдэг том боломж, шинэ сорилт  байв уу?

-Би Солонгост хэлний курстайгаа 4.5 жил сурч 2016 онд сургуулиа төгсч ирсэн. Эргээд бодоход хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь цэргийн хүн илүү их эх орноо үгүйлдгийг, хилийн цаана эх орноо гэсэн сэтгэл илүү батаждаг гэдгийг л бие сэтгэлээрээ мэдэрсэн дээ.

Солонгост анх наймдугаар сард очиход Монголтой харьцуулахад цаг агаар нь хамаагүй дулаахан байсан. Таван орны сонсогчтой хамт гадаад хэлнийх нь төв дээр солонгос хэл заалгахад нэг зүйлийг ажигласан нь Монголоос очсон сонсогч офицерүүд хэл сурахдаа арай илүү хурдан. Орчиндоо маш хурдан дасан зохицдог. Монголоос курсдаа нэг монгол сонсогч буюу дөрвөн курст дөрвөн сонсогч л байсан. Агаарын цэргийн сургуульд Вьетнам, Тайландын сонсогчидтой хамт суралцсан. Ер нь монгол офицер, сонсогчид бие бялдар, сэтгэлзүйн хувьд тэсвэр хатуужил сайтай. Миний хувьд Монголоос агаарын цэргийн сургуулийн хоёр дахь төгсөгч байлаа. Агаарын цэргийн сургууль гэдэг утгаараа нисэхийн инженерүүд бэлтгэдэг. Харин би мэдээлэл технологи, компьютер программ, олон улсын харилцааны чиглэлээр буюу  Компьютер мэдээлэл технологиор суралцаж төгссөн. 

-Нэгтгэлд томилогдож ирээд сурсан мэдсэнээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ. Ялангуяа, цар тахлын үед мэдээллийн технологийн мэргэжил хамгийн эрэлттэй байна шүү дээ?

-2016 оны хавар тавдугаар сард нэгтгэлд цахилгааны инженерээр томилогдож ирээд холбооны чиглэлээр түлхүү ажиллаж байна. Анх ирэхэд холбоо дандаа оросын техниктэй байсан учраас надаас арай “хол” юм шиг санагдсан. Явцын дунд бие даан судалж холбоог хэрхэн зохион байгуулах зэргээр ажлаа ч өөрийгөө ч давхар хөгжүүлж байна. Цар тахалтай холбоотойгоор нэгтгэлийн онлайн хурал, сургалт зөвлөгөөн хийхэд голчлон анхаарч ажиллалаа. Зангилгааны инженер  нэгтгэлийн тайван цагийн орон тоонд байгаа техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийж станц дээр дадлага сургуулилалт хийлгэх үүрэгтэй.

-“Монгол Улсын төлөө зүтгэе” гэдэг үгийн утга, үнэ цэнийг хэрхэн ойлгодог вэ?

-Цэрэг хүн бие бялдар сэтгэлзүйн болоод цэргийн эрдэмд шамдан суралцахаас гадна бусад техник технологийн дэвшил шинжлэх ухааныг судлах зэргээр олон талын мэдлэг чадвар, авьяастай байх ёстой. Мөн зарчим, шударга зангаа хэзээ ч гээж болохгүй.

Солонгос руу сургуульд яваад бүтэн жилийн дараа эх орондоо ирсэн. Тэр үед аав, ээж, ах, дүү найз нөхдөөсөө илүү эх орноо хамгийн их санаснаа мэдэрсэн. Эрх чөлөө, туурга тусгаар улс гэдэг ямар үнэ цэнэтэй, эх орон ямар бахархалтайг зүрхэндээ илүү ойр мэдэрч, энэ бодлоо цээжиндээ нандигнасан он жилүүд байлаа. Энэ үед л арвин баялаг түүх, дайчин уламжлалаа улам их сурч судлах сэдэл төрдөг юм билээ. Цаашид мэргэжил мэдлэгээ улам ахиулахыг хичээнэ. Боломж хэзээд байдаг. Тиймээс салбартаа, нэгтгэлдээ шинийг санаачилж илүү бүтээлч ажиллах юм сан гэж зорьж байна. Үүний эхлэл нь нэгтгэлээ бүрэн дотоод сүлжээнд хамруулах ажлыг төлөвлөсөн. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.27 ПҮРЭВ № 107 (6584)