Т.БАТСАЙХАН

 

МАХН татан буугдах хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт Дээд шүүхэд хүргүүллээ.  Энэ сарын 16-нд болсон намын Их хурлаараа намаа татан буулгаж, МАН-тай нийлэх тогтоолыг нийт гишүүдийнхээ саналаар баталсан байдаг. Улмаар Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж МАХН-ыг татан буулгах болон МАХН, МАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцэх товтой  байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр Дээд шүүхэд материалаа хүргүүлсний дараа мэдээлэл хийлээ Тэрбээр "Өнөөдөр бид Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслэж, МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаа бичгээ Улсын дээд шүүхэд албан ёсоор гардуулсан. Улсын дээд шүүх бидний өгсөн бичгийг үндэслэж, хуулийн дагуу шийдвэрээ гаргах байх. Энэ бол улс төрийн намуудын түүхэнд болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, эрмэлзлэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх шатны байгууллагаас санал авах, онлайн хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн. Мөн бид МАН-тай нэгдэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан. Бид угаас нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтай болсон учраас  салсан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үр дүнгээ өгсөн. Тухайлбал, МАНАН гэдэг улс төрийн үзэгдлийн эсрэг тэмцэл. Энэ үзэгдлийн хор уршгийг МАН-ын удирдлагууд сайн мэдэрч, МАНАН-гийн эсрэг тэмцэх тэмцэлд орж байсан удаатай. Хэдхэн жилийн өвлийн хүйтэнд энэ үзэгдлийн эсрэг жагссан. Мөн бидний олон жил ярьсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага, Ерөнхий сайд ойлгож, энэ талаар алхмууд хийж эхэлсэн. Бидний сүүлийн 10 жилийн хугацаанд ярьж, хэлж, асуудал дэвшүүлж ирсэн  асуудлуудад өнөөгийн МАН-ын удирдлагууд санал нэгдэж байгаа. Мөн Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой.  Мөн Эрдэнэтийн 49 хувийг луйвар булхай болсон гэдгийг ярьж хэлж хамтын хүчээр шийдэж чадсан. Мөн хууль шүүхийн байгууллагын завхрал гаж тогтолцоог засахын төлөө явсан.  Улмаар Шударга бусын хонгилыг арилгахын төлөө явсан. Бид нэг үзэл бодолтой, асуудлуудад адилхан байр суурьтай байгаа, хоёр намын 100 жилийн ой зэргийг хүндэтГэж, үйл ажиллагаагаа нэгтгэж байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шийдвэрээ гаргаж байна" гэлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэж байгааг хүмүүс улстөржүүлж харж байна. Яагаад заавал сонгуулийн өмнө нэгдэв. МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатар гишүүн та бүхний саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өнгөрөгч 2020 оны гуравдугаар сарын 1-нд 100 жилийн ойн үеэр нэгдэх асуудал яригдаж байсан ч цар тахлаас үүдэж намынхаа бүх гишүүн, анхан шатны байгууллагын саналыг авахын тулд цаг алдаж, удаан явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэх саналтай байгаа. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч учраас бид үүнийг бэлгэдэж, өөрсдөөсөө эв нэгдлийг эхлүүлж, үлгэрлэж нэгдэж байгаа. С.Ганбаатар гишүүн намын дэд даргаар ажиллаж байхад нь дэлгэрэнгүй ярилцаж, зөвлөлдөж байсан. Мөн манай намын гишүүдийн 90 гаруй хувь нь хоёр нам нэгдэх саналыг дэмжсэн. С.Ганбаатар "МАХН-д ороход тодорхой асуудал байна. Та бидний эвсэлдээ үлдэх нь зүйтэй гэж бодож байна. Намынхантайгаа ярилцая" гээд бид удаан хугацаанд ярилцаж, түүнийг хүндэтгэж ярилцсан. Би тэр үед С.Ганбаатар гишүүнд нэг, хоёр хүнийг муулахгүй тогтолцоог засч ажиллая, нэг ордын тухай ярих биш нийт байгалийн баялгийн тухай ярилцая гэж санал тавьсан. Харамсалтай нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүний үгэнд орж, түүний талд С.Ганбаатар гишүүн байсан.

-Таныг МАН-тай нэгдэж байгаа шалтгаан нь 2021 оны нөхөн сонгуульд хүүгээ нэр дэвшүүлэх зорилготой гэж тайлбарлаад буй?

-Нөхөн сонгуульд хэн дэвшихийг би мэдэхгүй байна. Нөхөн сонгууль болох үед МАН-ын гишүүнтэй ярилцаж, хамгийн өндөр ялах магадлалтай хүмүүсийг дэмжиж ажиллана. Миний хүү орох эсэх талаар арын хаалга, тодорхой яриа хэлцэх хийхгүй. Хэн ч нэр дэвшсэн бид дэмжээд явна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.24 ДАВАА № 105 (6582)