Т.САЙХАН

АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр /05.10/ Сүхбаатарын талбайд хурлаа хийжээ. Тус хуралдаанаар Засгийн газрын 100 хоногийн үр дүнг хэлэлцсэн байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн суулт зургаа дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: 

-АН-ын бүлгийн ээлжит хурал Төв талбайд хийлээ. Манай намын бүлгийн гишүүд өнөөдөр нэг намын дарангуйлал, нэг хүний дарангуйлал, хуулийг дээдлэхгүй энэ үйл ажиллагааны эсрэг зохих шаардлагыг тавьж, бүлгийн гишүүд зургаа дахь хоног дээрээ өлсгөлөн зарлаж байна. Энэ бүх үйл явдлыг Монголын ард түмэн ажиглаж байгаа байх. Цар тахалтай хүнд хэцүү нөхцөлд  ард түмнийг хоёр жил хорьчихоод, бидний үг хэлэх эрх чөлөөг  хааж, боож байна. Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт УИХ-ын чуулган хуралддаг. Өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганд манай бүлгийн гишүүд орж үг хэлэхэд яаж хандаж, харьцсаныг харсан байх. Үг хэлүүлэхгүй бүх микрафоныг хаасан. Бид чуулган дээр ярьж чадахаа больсон. Баасан гаригт Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл өгөх байсан. Гэвч чуулганыг хуралдуулаагүй, Ерөнхий сайд мэдээлэл өгөөгүй. Чуулган дээр ч Ерөнхий сайд нь орж ирэхээ больсон Өнөөдөр аргагүй эрхэнд Төв талбай дээрээ хуралдлаа. Зохих шаардлагыг тавьж байна. Нэгд, хууль бус зүйлүүдээ зогсоогооч ээ. Нэг нам, нэг хүний дарангуйллаа зогсоо. Монголын иргэд 28 хоног гэртээ хоригдож, олон  ажилгүй орлогогүй болж байна.

УИХ- ын гишүүн Ц.Туваан:

-Нэг намын дарангуйллын эсрэг бид тэмцэж байгаа. Дан ганц Ерөнхийлөгчийн сонгуулийн эсрэг биш юм. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг батламжилсан. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээгүй байж нэр дэвшигчдийг бүртгэсэн нь хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "Сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэсэн заалтыг өнөөдөр холбогдох хуулиудаас авчихсан байна. Нэг намын дарангуйллыг таслан зогсоох хүртлээ бид суултаа үргэлжлүүлнэ гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn