Б.ОД

Сангийн сайд Б.Жавхлан вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэх болсныг зарлалаа. Тодруулбал, вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авах бол вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болжээ. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Вакцин сайн дурынх боловч цар тахал дэлхий нийтийг хамарсан тул вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn