Гурван өнгийн саваар хогны асуудлаа шийдсэн

0
хуваалцах
346
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

АНУ-ын Вашингтон хотын  Сиатл мужийн хогийн сав бүхэн тус хотын өмч гэнэ.  Айл бүрээс ялгарах хогны хэмжээ, ангиллын төрлөөр нь том, бага хэмжээтэй гурван өнгийн савыг тухайн айлын захиалгын дагуу долоо хоногийн хугацаатай гэрийнх нь  ойролцоо  байрлуулдаг байна. Энэ нь тухайн айл ямар төрлийн хог ихээр ялгаруулдагаас хамаарч саваа захилна түүний дагуу төлбөрөө төлнө. Том сав захиалж их хог гарвал их төлбөр, бага хог тарьж бага сав захиалбал бага төлбөр төлдөг зарчимтай. Үүнийг бусад мужууд хамгийн шудрага менежмент гэж үзэж нэвтрүүлсэн байна.  Хогны хамгийн энгийн мөртлөө шударга менежментийг та бүхэнд  хүргэе.

Зураг нэг дээр үзүүлсэн энэ айлын хогны  хөх сав нь том, хар сав нь жижиг байгаа нь долоо хоногийн хог нь бага харин долоо хоногт гаргадаг дахивар нь их гэсэн үг. Дахиварыг үнэгүй цуглуулдаг тул дахин ашиглагдах зүйлсийг хог руу хийхгүй  байх нь ашигтай байдаг аж. Тэгэхээр айл бүхэн ямар төрлийн хог их, бага гаргана тэр чинээгээр хогны саваа ангиллын дагуу том, жижгээс нь захиалдаг. Захилгыг  долоо хоногоор хийнэ.  Хогтой савыг ачиж оронд нь  цэвэрлэсэн шинэ савыг захиалгын дагуу үлдээнэ. Энэ  менежмент  шударга байдаг тухай оршин суугчид нь манай эх сурвалжид ярьжээ. Тус муж хогны хар, хөх, ногоон гэсэн савыг өрх бүрдээ тэдний хүсэлтийн  дагуу  гэрийнх нь гадаа байрлуулдаг. 

Өмнө нь хар, хөх гэсэн  хоёр сав байрлуулдаг байсан бол 1988 оноос эхлэн айл бүрт  ногоон сав нэмж тарааснаар  мод, навч, органик бордоо болох боломжтой хогийг ялгаж авдаг болжээ. Ногоон савны хогны төлбөр  хар савныхаас хамаагүй хямд  гарна. Хөх савны дахивар төлбөргүй. Түүнчлэн 2016 оны нэгдүгээр  сарын 1-нээс эхлэн хөх, хар савандаа хоолны үлдэгдлээ хийсэн байх юм бол ачилт бүрт нэг ам.долларын нэмэлт төлбөр авахаар хууль гарчээ. Иймд бүх хүмүүс хоолны хаягдлаа ногоон савандаа хийдэг болсон байна.  Ингэснээр хотын хогны хэмжээ эрс багассан ажээ.

Сиатл хотод өглөөний  6:00-8:30 цагаас  хогны машинууд хогоо цуглуулж  эхэлдэг байна. Хэрэв айлуудын хогонд буруу зүйл, буруу сав руугаа орсон байх юм бол наадаг сануулга  нааж анхааруулдаг аж. Хэрэв дахин, дахин давтагдвал торгууль тавих жишээтэй.

Тухайлбал, зураг 4 дээр энэ айлыг хог их гаргадаг айл гэдгийг савны өнгө, хэмжээ зэргийг хараад танина.  Хар сав  гурван янзын хэмжээтэй байдаг.  Гэтэл энэ айл хамгийн том хэмжээтэйг нь хэрэглэдэг захиалагч аж. Энэ нь хамгийн их хогны мөнгө төлдөг гэсэн үг. Зарим айл жижиг саванд хогоо хийхдээ хахсан ихээр овоолоод байвал хотын зүгээс хогийн савыг нь ийм том саваар сольж, төлбөрийг нь шинэ саванд нь нийцүүлж нэмдэг гэнэ. Долоо хоногт нэг удаа ирдэг хогны машинд тушаадаг хогны хэмжээ ямар байгааг харж байна. Ерөнхийдөө энэ менежментийг хэрэгжүүлснээс хойш нэг өрхөөс гарах хог эрс багассан ажээ. Гэтэл манайд өглөө бүр хогны машин байрны гадна байрлах хогны савнуудаас машин, машинаар нь ачиж байдаг билээ. 

Зураг 5 дээр үзүүлснээр  өрх, жижиг аж ахуйн нэгж байгууллагаас гардаг олон төрлийн хортой, аюултай хог хаягдлыг хүлээж авдаг төв. Тус төвийг Сиатл хотын захиргаа санхүүжүүлдэг.  Дөрвөн хүний орон тоотой. Үүнд нэг  химич доктор,  нэг биологийн доктор, хоёр зохион байгуулагч, ялгагчийн хамт  ажиллаж хотын жижиг сажиг бүх хортой зүйлсийг авч, ялгаж, устгалд илгээхийг нь илгээж, ашигтай хэсгийг нь үйлдвэрлэл рүү илгээдэг байна. Тус төвд  өрхүүд бол хүссэн үедээ хүссэн хэмжээгээрээ хортой хаягдлаа тушааж болно. Харин компани, байгууллагууд жилд дөрвөөс илүүгүй удаа, нэг удаадаа овроороо нэг  поошигоос илүүгүй, жингээрээ 200 кг-аас илүүгүй хэмжээтэй хаягдал авчирч өгөх эрхтэй байдаг юм байна. Хэрэв хэт их хаягдал гаргаад байвал тэр компани тусгай зөвшөөрөл авч, хортой хог хаягдлаа ялгуулах, устгуулах үйлчилгээг хийлгэх ёстой гэнэ.

Түүнчлэн энэ залуу машины ашигласан масло голдуу, хэдэн батерейны хамт үнэ төлбөргүй авчирч өгөөд, хоёр улаан канистраа султгахыг түр хүлээгээд аваад явж байгаа нь. Хог хаягдал авчирч өгснөө бүртгүүлэхээс өөр ямар нэг цаас бичиг баримт үйлдэхгүй. Харин  хүлээн авч буй тал  авсан хог хаягдал бүрийг жинлэж, нэр, төрлөөр нь салгаж бичиж авдаг аж.

Хогны машин ирэх хуваарьт өдрүүдтэй. Урд орой нь юм уу, ирэх өглөө нь гэрийнхээ гадаа хогоо гаргаад тавьчихдаг юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.23 БААСАН № 82 (6559)