Б.УРАН

Эх, хүүхдийн халуун амь зэрэг эрсэджээ. Дөнгөж төрсөн нярай хүүхдийг буцлам халуун усанд түлжээ. Төрөөд сар гаруйхан болсон бяцхан хүү ханиад хүрээд эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ. Ойрын өдрүүдэд хэвлэлийн хуудаснаас ийм мэдээлэл уншиж суугаадаа өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрнө.
Эрдэнэт хүн, тэр дундаа эвий бяцхан үрсийн амь эмнэлэг, эмнэлгийн ажилтан, дарга нарын хүн чанаргүй зан, хүнд суртлын золиос болж буйд туйлаас эмзэглэнэ. Эрүүл мэндийн салбарт бугшсан идээ, бээр үүрэндээ багтахаа болиод сад тавьж эхэлсний тод жишээ ойрын өдрүүдэд даанч олон гарлаа. Оны өмнөхөн Баянхонгор аймагт дөнгөж төрсөн нярай хүүхдийг сувилагчийн хариуцлагагүй, хайнга байдлаас болж халуун усанд түлсэн хэрэг гарсан. Бяцхан охиныг өнөөдөр ЭХЭМТ-д эмчилж байна. Бяцхан үрийг буцлам халуун усанд тал биеийг нь түлж хаячихаад бүтэн гурван цагийн турш эмнэлгийн үйлчилгээ үзүүлээгүй байсан. Хүүхдийг түлсэн сувилагч, эмнэлгийн дарга, тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Алагаа гээд хэн нь ч өнөөдөр буруугаа хүлээгээгүй мэлзсээр байна. Баянхонгор аймагт мөн л амаржих дөхсөн эмэгтэй гэртээ төрөх гэж байгаад амиа алдсан хэрэг саяхан гарчээ. Сумынхаа төвөөс ердөө 5-хан километрийн зайд байсан жирэмсэн эмэгтэй эмнэлгийн тусламж ирээгүйн улмаас гэртээ амаржихад хүрч, хүндрэлээ дийлэлгүй хүүхэдтэйгээ хамт амиа алдсан байна. Харин энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Алагаагаас асуухад “Төрөх гэж байсан эх эндсэн юм байхгүй. Гэртээ төрсөн нэг эх л нас барсан. Тэгээд ч утсаар олон зүйл яримааргүй байна” гэж хариулсан байх юм. Амиа алдсан эмэгтэй өмнө нь хүндрэлтэй төрж байжээ. Хэрэв энэ удаад эмнэлгийн хяналтад байлгасан бол эх үр хоёр эсэн мэнд хоёр яс салж болох л байсан. Гэвч цасан шуурганд дуудлага өгөх гээд явсан хажуу айлынх нь иргэнийг удсан гэсэн шалтгаанаар буруутгасан байх юм.
Ерөөс хүний алтан амь хэнд ч хэрэггүй болоо юу. Хүний амь аврах үүрэгтэй тангараг өргөсөн эмч нар, эмнэлгийн ажилтнууд яагаад албан тушаалын хойноос ингэтлээ үхэн хатан зүтгэж, хүн чанарыг уландаа гишгэсэн үйлдэл гаргана вэ. Өнгөрсөн найман жилд эрүүл мэндийн салбарын бүх шатанд хариуцлага алдагдаж, мэргэжлийн бус удирдлагууд улиран сонгогдсоор байсны томоос том гор нь энэ. Хүний алтан амьтай холбоотой амин чухал салбарт хүртэл улстөржилт хэтэрхий их байлаа. Увс аймгийн Зүүнхангай сумын малчин С.Гэрэлт-Одынх мөн л шинэ оны өмнөхөн төрөөд сар гаруйхан болсон бяцхан хүүгээ алджээ. Ханиад хүрсэн хүүгээ үзүүлэхээр сумын их эмч Л.Мянганбаярт дуудлага өгсөн боловч “Намынхаа дарга н.Батаад үзүүл” гэж хэл амаар доромжилж. ИТХ-ын сонгуульд ялагдсан уураа энгийн нэгэн иргэнд гаргасан нь тэр. Хүүгийнх нь бие улам муудсаар байсан тул аав нь сумын эмнэлэгт очиж нөгөө л Л.Мянганбаяр эмчийг дахин царайчилжээ. Эмч чих нь өвдсөн байна гэсэн онош тавьж, чихнийх нь хонхорт тариа хийгээд явуулж. Ингээд хүү шөнөжин уйлсаар маргааш өглөө нь хорвоог орхисон байх юм. Хамгийн аймшигтай нь 1998 онд энэ айлын том хүү төрөөд хоёрхон сартайдаа яг ийм шалтгаанаар, нөгөө л Л.Мянганбаяр эмчээр тариа хийлгээд, маргааш нь аав, ээжийгээ үүрд орхиж байж. Хоёр хүүхдээ нэг эмчийн хүнд суртал, буруутай үйлдлээс болж алдсан энэ гэр бүлийнхний сэтгэл санаа ямар байдалтай байгааг уншигч та төсөөл дөө. Орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд ямархуу байдалтай хүртэж байгааг энэ явдлууд хангалттай харуулж байна.
Ганцхан аймгийн, жижигхэн сумын нэг эмч ийм их хүнд суртал, улстөржилтөд автагдсан байгаа юм чинь дээд шатных нь байгууллагууд болох аймаг, нийслэлийн эмнэлэг, эрүүл мэндийн газруудад ямар хүмүүс ажиллаж байгаа нь тун ч ойлгомжтой. Эрүүл мэндийн яамны шинэ удирдлагууд энэ салбарт бугшсан элдэв хууль бус үйлдэл, хүнд суртал, хариуцлагагүй байдал, улстөржилт гээд бүх зүйлд өөрчлөлт хийж, шинэчлэнэ гэдгээ хэлж байсан. Тэгвэл тэр шинэчлэлийг энэ салбарын эд, эс бүхэнд үнэн бодитоор хүргээрэй гэж эгэл жирийн иргэдийн өмнөөс дахин дахин захих байна.