Б.ТУУЛ

“Зууны мэдээ” сонины 2021.4.12-ны ДАВАА гаригийн № 73 (6550) дугаарт үүдэл эсийн мэргэжилтэн АШУҮИС-ийн багш, “HFS” Үүдэл эсийн клиникийн үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор Б.Хонгорзул нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагандаа “Үүдэл эс бол бидний биед орших бичил эмч нар” гэдгийг онцлоод,  “Хүний биеийн эрхтэн тус бүрт өөрийн гэсэн үүрэг, бүтцэд тохирсон үүдэл эс байдаг. Эдгээр эсүүд нь бидний биед байнга явагдаж байдаг олон шаттай үйл ажиллагааны явцад гэмтсэн, хөгширсөн эсүүдийн оронд шинэ залуу, эрүүл эсүүдийг үүсгэх байдлаар биологийн байнгын процесст оролцож байдаг. Жишээ нь: Арьс гуужиж дахин шинэ арьс нөхөн төлжих. Хэрэв энэ үйл ажиллагаа алдагдвал биед төрөл бүрийн өвчин эмгэг үүсдэг. Үүдэл эс бол бидний биед орших бичил эмч нар гэсэн үг” гэжээ.    
Үүдэл эсийг биеийн хөгжлийн аль үед байгаагаас нь хамаарч үр хөврөлийн үе, нас бие гүйцсэн үе гэж хоёр ангилдаг байна. Тухайлбал, эр эм бэлгийн эс нийлж үр тогтсон өндгөн эс бий болж, хүн бүрэлдэх цагаас эхлэн үхэн үхтэл хүнд үүдэл эс гэж байдаг аж. Эдгээр нь бие махбодын бүх эд эрхтэнг бүрэлдүүлдэг юм байна. Тэхээр нэг л эсээс бүх эс, эд, эрхтэн бий болж байдаг учраас үүдэл эсийг нэг ёсондоо "Эсийн эх уурхай” гэж хэлж болно гэжээ. 

Эх сурвалж: www.polit.mn