Цар тахлын үеийн цагаан “алт”-ны төсөөлөл

0
хуваалцах
1101
үзсэн

С.УЯНГА

 

Цар тахлын сүүдэр ноос ноолуурын салбарт багагүй “туссан.” Эдийн засгийн уналт, хилийн хоригоос болоод гадны түншүүд гэрээгээ зогсоосноос өнгөрсөн жилийн өдийд ноос ноолуур үйлдвэрлэгчид хэцүүхэн сорилттой тулгарч байв. Нэг талаас үйлдвэрлэгчдэд хүнд тусч байгаа мэт боловч цаад хохирогчид нь малчид юм. Өөрөөр хэлбэл, ноолуурын ченжүүд нөхцөл байдалтай уялдуулсан нэрийдлээр малчдаас ноолуурыг хямдхан авдаг сэтгэлгээг COVID-19 улам хөөргөв.  

Өнгөрсөн жил Засгийн газраас малчдын амьжиргааг дэмжинэ хэмээн ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг олгосон. Тухайн үед 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд үндэслэн “Монгол ямааны үүлдэр, омог Ерөнхий шаардлага” стандартаар нэг 300 грамм хэмээн тооцож кг ноолуур тутамд 20000 төгрөгийн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан 10243 малчинд 12.9 тэрбум төгрөг олголоо гэж байв. Энэ нь өнгөрсөн жилүүдийн ноолуурын орлоготой дүйцэхүйц бодит дэмжлэг болж чадаагүй. Төр, малчин аль аль талдаа нэгдсэн ойлголтод хүрээгүй. Ченжүүдийн нөлөөллөөс болоод бодит дэмжлэг, бүрэн урамшуулал болж чадаагүй юм. Тэгвэл цар тахлын аюул жил тойрсоор мөн л хаврын ажилтай зэрэгцлээ. Өнгөрсөн жилийг бодоход ноос, ноолуурын холбоо таг чиг. Ямар нэг гарц шийдэл хайж, малчдын амьжиргааг дэмжих талаар ч асуудал ярихгүй бололтой. Харин цар тахлын дараах цагаан “алт”-ны төсөөллийг харвал Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жил малчдад бэлэн мөнгө тараасан бол энэ жил үйлдвэрүүдэд зээл олгож эхлэх нь.

 

ЗҮҮН АЙМГУУДАД КГ НООЛУУР 150 МЯНГААС ЭХЭЛЖЭЭ

 

Зүүн аймгууд өдийд ямаагаа самначихсан байдаг үе. Сүхбаатар аймаг гэхэд л 400 гаруй тонн ноолуур бэлтгэж, 60 гаруй тэрбум төгрөгийг малчид болон аймаг орон нутагт төвлөрүүлэхээр тооцсон байна. Ноолуурын үнэ 150 мянган төгрөгөөс эхэлсэн бол энэ дүн бага зэрэг буурч, одоогоор 120-125 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Малчдын 80 орчим хувь нь ямаагаа самнаж, ноолуураа тушаагаад байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ган-Очир “Төллөхөөс нь өмнө самнаад эхэлчихдэг учир бараг дуусах шатандаа явж байна. Зүүн аймгууд өвөлжилт сайхан, ноолуурын гарц, чанар сайн байгаатай холбоотойгоор үнэ ч өндөр байлаа. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэмтэй байгаа учир ноолуурын борлуулалтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үүнээс өмнө бэлтгээд нөөцөлсөн байсан ноолуурыг Улаанбаатар хот руу ачуулсан. Хорио тавигдахаар малчид үлдсэн ноолуураа тухайн үеийнх нь ханшаар борлуулах боломжтой” гэсэн байна.

Харин салбарын яамны мэдэгдэж буйгаар энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ. Үүнд тулгуурлан үйлдвэрүүд 2.5-300 тонн ноолуур бэлтгэх юм. Энэ жил төрөөс ноолуурын салбарыг дэмжихийн тулд үйлдвэрүүдэд түүхий эд худалдан авахад зориулж  200 тэрбум төгрөг олгохоор болсон байна. Харин экспортын хувьд Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр 10 орчим хувийг эзэлж байна. Мөн ноолуурын эцсийн бүтээгдэхүүний дотоодын борлуулалт гадны жуулчдын худалдан авалт их нөлөөлдөг. Дээр нь өдийд ноолуурын үнэ 150 мянган төгрөг гэсэн ханш нь өндөр мэт боловч хэдхэн хоногт 120 болж буурсан. Бусад аймгуудын ноолуур ид гарч эхлэх үед хоёр дахин буурдаг. Өнгөрсөн жилийн жишгийг харсан ч энэ жил аажимдаа 50-60 мянгаас хэтрэхгүй байж мэднэ гэдгийг ноолуурын ченжүүд хэлж байна. Тиймээс цагаан “алт”-ны ирээдүйд тийм ч таатай төсөөлөл харагдахгүй байна. Ядаж л цар тахлын дараах энэ үед Монгол ноолуурын  онцлог шинж чанарыг дэлхийн зах зээлд таниулан сурталчлах, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж байгаа аж. 

Гаалийн ерөнхий газрын мэдээнээс үзэхэд манай улс 2019 онд угаасан ноолуураа БНХАУ руу 100 хувь экспортолжээ. Харин самнасан ноолуураа Итали, Их британи багахан хувийг БНСУ руу экспортолдог. Өнгөрсөн жилийн эцэст гарсан мэдээллийг харвал ноолуурын экспортын хэмжээ 243.5 сая ам.доллар байгаагаас 76 хувийг угаасан, долоон хувийг боловсруулсан, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

М.Дондогдорж: Угаасан ноолуурын экспортыг багасгана

/ ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

 

-Энэ жил түүхий эдийн үнэ харьцангуй өдөр байгаагаас ноолуур үнэтэй гарлаа. Нөгөө талаас дотоод болон гадаад зах зээлд  самнасан ноолуур өсөлттэй байгаа. Гэвч сүүлийн долоо хоногт үнэ буурах хандлага ажиглагдаж байна. Харин Төв болон баруун тийш ноолуурын чанараас хамаарч үнэ буурдаг. 

Ноолуурын үйлдвэрүүдэд түүхий эд худалдан авахад зориулж  200 тэрбум төгрөг олгохоор Сангийн яам, Монголбанктай хамтарч ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын дунд үеэс эхэлнэ. Засгийн газраас угаасан ноолуурын экспортыг багасгах, зогсоох, цаашлаад самнасан болон нэмүү өртөг шингэсэн байдлаар гаргах бодлого баримталж байна.

Самнасан ноолуурыг экспортлоход чанарын асуудал ярих ёстой. Хэрэглэгч ямар бүтээгдэхүүн хүсч байгааг үйлдвэрлэж байж экспортоо нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортоо нэмэгдүүлэхийн тулд Монголын гарал үүсэл бүхий онцлог ширхэгтүүдийн давуу чанарыг тодорхойлсон, хэрэглээний шалгуур үзүүлэлтүүдийн стандартыг хангасан, түүхий эд бэлтгэлээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх шат дамжлага бүр чанарын хяналтын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлага хангасан. Мөн байгальд ээлтэй, малын тавлаг байдлыг хангасан,тогтвортой ноос ноолуурын үйлдвэрлэлийн зарчмыг нэвтрүүлснийг баталгаажуулж гэрчлэх замаар эцсийн хэрэглэгчид бүтээгдэхүүний баталгаа өгөх, дэлхийн зах зээлд монголын ноос ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, баталгаажуулах зорилгоор “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийг бий болгосон. Томоохон худалдан авагчид зөвхөн бүтээгдэхүүн биш мал аж ахуй боловсруулалт, тогтвортой байдлыг хүсдэг учраас чанарыг эцсийн бүтээгдэхүүн биш мал аж ахуйдаа цогц хэлбэрээр анхаарч байна. Энэ дагуу Ноос ноолуурын холбооны дэргэд Чанарын баталгаажуулалтын алба байгуулаад ажиллаж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.15 ПҮРЭВ № 76 (6553)