С.САРУУЛ

 

Гадаадаас Монголд суугаа Элчин сайд нарын дунд эртнээс манай улстай ойр дотно явж ирсэн өвөрмөц эмэгтэй Элчин сайд байдаг нь Унгарыг манайд төлөөлж буй Др.Обрущанский Борбала Анна. Тэрээр монгол судлаач, босоо бичигтэй. Энэ тухайгаа тэрбээр “Зууны мэдээ” сонины “Элчин сайд ярьж байна” буландаа ярилцлага өгөхдөө “Миний хувьд бага наснаасаа Монголын тухай ном уншиж, судалж өссөн. Ингэж шимтэн суралцахдаа манай өвөг дээдэс хүннүчүүдийн төв Ази гаралтай гэдгийг олж мэдсэн. Мөн Монгол маш сонин, гоё газар байдаг гэж Монголд ажиллаж, амьдарч байсан унгар хүмүүсээс олон удаа сонсоод очиж үзэхийг их хүсч байлаа. Тухайн үед есөн настай байсан санагдаж байна. Ингээд 1993 онд анх удаа Монголд ирснээс хойш байнга ирдэг болж Монголтой холбогдсон.

 

Харин уйгаржин монгол бичгийн тухайд 1990-ээд оны эхэн үед Унгарын Элтэ их сургуулийн Монгол хэлний тэнхимд суралцаж байхдаа та бүхний сайн мэдэх Хар Дорж /Б.Ринчен гуайн хүргэн/ багшид шавь орж анх заалгаж байсан. Түүний дараа 1995 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд суралцаж байхдаа илүү хичээж, эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан “Алтан товч”, “Эрдэнийн товч” гэсэн алдартай бүтээлүүдийг уйгаржин бичгээр уншсан. Нэг сонирхолтой гэмээр үйл явдал болсон нь нэг удаа Өвөрмонголд судалгааны ажлаар явж байгаад төөрчихлөө. Хөдөө явах автобусны билет авах учраа олохгүй байж байснаа цаасан дээр явах газрынхаа нэрийг хятадаар, хажууд нь уйгаржин бичгээр бичээд зогсов. Тэгтэл нэг өвөрмонгол залуу уншаад надад тусалсан. Тухайн үед би их баярлаж, “Эрдмийг хураавал далай” гэдэг монгол ардын зүйр цэцэн үг санаанд орж билээ.

 

Монгол, Унгар хэлэнд төстэй үгнүүд бий. Тухайлбал, “Алтан товч”-ийг уншиж орчуулж байхад бэтэги-бэтэг гэсэн адилхан үг нэлээн хэд байсан. Мөн газар усны адилхан нэр тааралдаж байсан нь Улаанбаатараас ойрхон эртний дурсгал бүхий газар байдаг бол манай Унгарт бас Бэл гэдэг эртний тахилгын газар байдаг. Манай хоёр ард түмний эрт дээр үеийн угсаатны зүйн зан үйл мөн төстэй гэж хэлж болно. Жишээлбэл, нарны тахилга, анд бололцох ёсны зан үйл “Монголын нууц товчоо”-нд нэлээд дурдагддаг бол манай “Gesta Hungarorum” түүхэн баримт бичигт ч иймэрхүү ижил төстэй зан үйлийн талаар бичиж үлдээсэн нь бий. Үүнийг үндэслэж хоёр ард түмний төстэй зан үйлийн судалгаа хийхээр төлөвлөж байгаа.

 

Тамганууд бас их сонин санагддаг. Рашаан хадны тамгануудыг Унгарын дундад зууны үеийн тамгатай харьцуулсан судалгаа хийхэд хоорондоо нэлээн төстэй үр дүн гарсан. Би өнгөрсөн аравдугаар сард Говь-Алтай аймгийн Цээл сумын Цагаан гол гэдэг газар дахь хадны зургуудыг очиж үзсэн. Тэнд тэмдэглэгдсэн тамгануудын дотор Хүннү тамга байсан нь Кавказ, Унгар тамга мөн гэж үзэж байна. Мөн миний ажигласнаар манай хоёр ард түмний эртний түүх, ёс заншил, бөөгийн зан үйлд төстэй зүйл нэлээн байгаа учир нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй. Үүнээс гадна Унгар улс монголчуудтай хамаатан, нэг угсаатан гэж хэлж болно. Цаашдаа Монгол, Унгар хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд судлаачдыг урьж, илүү нарийн судалгаа хийлгэхээр Унгарын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ярилцаж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: www.polit.mn