З.БАТЦЭЦЭГ

“Самарканд хүрэх галт тэрэгний цуваа” номын зохиолч, 1920-оод оны өлсгөлөнгийн тухай түүхэн аймшигт үнэнийг орчин үеийн уншигчдад зориулсан хэллэгээр хэрхэн бичсэн талаараа юу гэж ярив. Казаниас 500 хүүхэд авч Самарканд руу явж буй галт тэрэгний тухай романыг зарим шүүмжлэгч дэндүү “зөөлөн” гэж байхад зарим нь Зөвлөлт засгийг харлуулсан гэж үзэж байна. Зарим талаараа уг ном нь Зөвлөлтийн нийгмээс үүдэлтэй сүргийн сэтгэл зүйн гэмтлийн илэрхийлэл юм. “Фонтанка”-д өгсөн ярилцлагадаа Гузель Яхина “ямар хогноос” энэ номыг бүтээсэн, яагаад зарим нэг баримтыг шууд бичилгүй, кодлож нууцалсан, ийм аймшигтай материал дээр ажиллаад өөрөө яаж өөрчлөгдсөн талаараа ярьжээ.

-Та “Самарканд хүрэх галт тэрэгний цуваа” номоо жил бүр зохиодог Non/fiction 2021 үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан. Тэндээс та өөртөө ямар ном харав?

-Өөртөө “Бүх нийтийн цээж бичиг” хамт олны бэлтгэн гаргасан “Хэлний талаар 100 текст” гэж орос хэлний хувьсалын талаарх номыг онцолж харсан. Уран зохиолын ном гэвэл Евгений Водолазкинийн “Аралын зөвтгөл”, Марина Степновын “Цэцэрлэг”. Аль аль нь номын шүүгээнд байх ёстой ном гэж бодож байна. Мөн Валерий Печейкинийн “Ууртай хүү”. Печейкин гайхалтай драматургч, алиа хошин хүн. Түүнтэй танилцах завшаан тохиолдож байлаа. Миний хувьд бас нэг чухал, ядаж л эргүүлж үзмээр байгаа ном бол Леонид Парфёновын 1921-1930 оны тухай “Саяхан” гэх ном. Парфёнов энэ цаг үеийг өөрийн номондоо юу гэж буулгасан нь их сонин байна.

-Орчин үеийн Оросын шилдэг гурван зохиолчийг нэрлэ гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Уншигч бүрт өөрийн дуртай зохиолч байдаг байх. Миний хувьд хамгийн түрүүнд Людмила Улицкая. Тэрбээр миний хувьд их эртнээс орчин үеийн Оросын уран зохиолчид дотроос хамгийн чухал хүн болсон. Мөн Евгений Водолазкин. Түүний зохиол үргэлж сонирхолтой, янз бүр. Гурав дахь нь... Би хоёр хүнийг нэрлэнэ ээ. Бусад зохиолчийн зарим зохиол таалагддаг. Гэхдээ зохиолч нь өөрөө сонирхолтой байх нь ховор.

-Таныг зохиолын хулгайч гэж нэрлэж байгааг хүлээн зөвшөөрч буйн нэг хэлбэр үү?

-Намайг тэгж нэрлэхэд гэнэтийн байсан. Би энэ зохиолыхоо тухай өргөн дэлгэрэнгүй тайлбар бэлдсэн. Сонирхсон бүх хүнд харуулж болно. Түүхэн роман “ямар хогноос” үүсдэг, ямар үг хэллэг, нөхцөл байдал, баримт, тоо, зохиолын эргэлтүүдийг тухайн цаг үеийн ямар бичиг баримтаас авсан нь бүгд бий. Би энэ зохиолыг хэзээнээс эхэлж бичснийг хэлэхэд хэцүү. 2015 онд Татарын үндэсний архивд би орон гэргүй хүүхдүүдийн талаар материал цуглуулж эхэлсэн. “Зөрчилтэй” өсвөр насныхныг коммунд цуглуулж, элсүүлсэн залуугийн талаар уянгат түүх өгүүлэх нь надад сонирхолтой санагдсан. Гэхдээ дараа нь Поволжьегийн өлсгөлөнгийн талаар бичихээр болоод энэ сэдвээ хойшлуулсан. Тэгээд “Самарканд хүрэх галт тэрэгний цуваа”-г бичихэд хоёр жил гаруй хугацааг зарцуулсан. Нэг жил нь материалаа уншсан, жил хагас нь бичсэн. Романы эхний бүлэг нь хүүхдийн комиссар Белый Чуваш руу явж байгаа тухай. Энэ хэсэг Ася Давыдовна Калинина гэх орон гэргүй хүүхдүүд, өлсгөлөнгийн эсрэг мэргэжлийн тэмцэгч бүсгүйн дурсамж дээр тулгуурлан бичсэн. Номын гол дүр комиссар Белая энэ хэсгээс төрсөн. Романы тайлбар 80 хуудсыг би интернэтэд бичсэн байгаа. Минийхээр энэ нь романы эх үүсвэрийг бүрэн нээж өгсөн гэж бодож байна.

-Таны зохиолууд шуугиан дэгдээдэгт та дассан байх. “Зулейха” бол ойлгомжтой. Харин энэ удаа “Самарканд...” яагаад ийм их шуугиан тарив?

-Зөвлөлтийн эрт үеийн тухай роман олны анхаарлыг татна. Учир нь бид өнгөрсөнтэйгөө хэцүү эвлэрдэг улс. Бид одоог хүртэл Зөвлөлтийн үед яаж хандахаа мэддэггүй. Тиймээс хүмүүс кино эсвэл номыг энэ тухай маргалдах сэдэв болгон ашигладаг. Түүнээс биш номын давуу тал, дутагдлыг ярьдаггүй. Миний хувьд энэ романы эргэн тойронд хэлэлцүүлэг хийх нь Зөвлөлтийн цаг үеийн аймшигтай зүйлсийн талаар ямар хэмжээтэй ярьж болох талаар юм.

-Муу зүйлсийн талаар бичиж олон нийтэд ном болгон гаргахад зохиолч хүний хувьд хариуцлагын асуудал байнга яригддаг. Цочирдмоор нарийн мэдээллээр хүмүүсийг айлгахгүйн тулд та ямар хэмжүүр тогтоон бичсэн бэ?

-Би зохиолоо бичихдээ Жонатан Литеелийн “Сайхан сэтгэлт бүсгүй” зохиолын тухай их бодсон. Тэр зохиолд аймшигт баримтыг нууж хаалгүй, их бодитоор бичсэн байдаг. Энэ нь уншигчийг өөртөө бүрэн автуулдаг. Энэ бол зохиолчийн өөрийн сонголт. Би өлсгөлөнгийн сэдвээр архивын материал, зураг, баримтат кино үзээд энэ бол үнэхээр аймшигтай сэдэв гэдгийг ойлгосон. Эрүүл сэтгэхүй үүнийг хүлээж авахад хэцүү. Өлсгөлөнгийн сэдэв бол хүн өөрийгөө үгүйсгэдэг, эцэг эхийн зөн совин алга болдог. Өлсөхийн эрхээр хүн алдаг, хүүхэд алдаг, нэг хүүхэд нөгөөгөө алж иддэг. Ийм түүхэн сэдвийг судлах хэцүү байсан. Сүүлдээ аймшигтай зүйлийг тоохоо больж, дасдаг. Ийм зүйлд дассанаа мэдрэх аймшигтай. Тэгээд энэ бүгдийг шууд бодитоор нь уншигчдад хүргэж болохгүй гэж шийдсэн. Ийм зүйлийг ихэнх уншигч уншихгүй, номоо цааш нь хураачихна. Миний ном хүмүүсийн сэтгэлийг татаасай гэж хүсэж байна. Би Шмелевийн “Үхэгсдийн нар”, Кнут Гамсуны “Өлсгөлөн” номыг хүчээр уншсан. Уншихгүй бол болохгүй гэж бодож дуусгасан. Харин миний хувьд номыг минь дуустал нь уншаасай гэж хүсэж байна. Уншиж дуусчихаад сэтгэл гутралд оролгүй, гэгээлэг бодолтой үлдээсэй гэж хүсэж байна. Тиймээс би хэмжээ хязгаартай бичсэн. Зарим нэг зүйлийг зориуд хассан. Тэгсэн хүмүүс янз бүрээр шүүмжилж байна. Зарим нь дэндүү үлгэр шиг болж гэх. Зарим нь дэндүү аймшигтай байна гэнэ. Хүн бүрийн өвдөлтийн босго өөр өөр байдаг бололтой.

-Та өлсгөлөнгийн сэдвийг өөрийн гараар цензурлэж байгаа мэт санагдахгүй байна уу?

-Үгүй. Миний бодитоор харуулахыг хүсээгүй сэдэв бол хүүхдийн биеэ үнэлэлт, хүүхдийн хар тамхи, архидалт, хүүхдүүдийн дундах бэлгийн замын халдварт өвчин. Энэ бүгдийг зохиолдоо хүүхдийн хоч, үг хэл яриа, гэр бүл болж тоглож байна гээд хоорондоо гэрлэж байгаа талаар илэрхийлсэн байгаа. Гэхдээ би зохиолдоо энэ бүгдийг гэмгүй тоглоом мэт дүрсэлсэн байгаа. Үнэндээ 13-15 настай хүүхдүүд жинхэнээсээ гэр бүлж байсан. Анхааралтай уншигч бол энэ бүгдийг ойлгоно. Би жинхэнэ үнэнийг нууцалж, хайрцаглаж бичсэн байгаа. Хүмүүсийн дурсамж дээр тулгуурлан бодит зүйлийн тухай бичсэн. Нэгэн цагт амьдарч байсан энэ хүүхдүүдийг орчин үеийн уншигчид араатан мэтээр битгий төсөөлөөсэй гэж би хүссэн. Хүүхэд чигээрээ л үлдэг.

-Тэд үнэхээр араатан байсан уу?

-Цаг хугацааны золиос. Хүүхдийг гадаа гудамжинд юм уу, гэрт зуухан дээр үлдээгээд явбал чадлаараа амьд гарах гэж хичээнэ. 1920-оод оны үед 1.5 сая орон гэргүй хүүхэд бэлгийн замын өвчтэй, донтой, харахад хүүхэд боловч амьдрал үзсэн томчууд шиг байсан.

-Орчин үеийн уншигчид тэднийг өршөөхгүй гэж та айгаагүй юу?

-Үгүй. Тэднийг жигших вий гэж айж байсан. Яагаад гэвэл тэдний зураг, баримтат киног харахад хэцүү. Хүмүүс унших хүсэлгүй болох вий гэж эмээж байсан.

-Та их удаан судалж, бичсэн. Энэ хугацаанд та өөрчлөгдсөн үү?

-Амьдралд няхуур хандах болсон. Том болсон. Мэдээж 40 гарчихаад том болсон гэж ярих тэнэг ч, энэ бол үнэн. Ном бичихэд сэдэв чиний нэг хэсэг болдог. “Миний хүүхдүүд” гэх Поволжийн германчууд миний нэг хэсэг болсон. Өлсгөлөн ч бас. Муу зүйлд амархан дасдаг. Аймшигт сэдвийг тоохгүй хүлээж авдаг болсноо мэдрэх их таагүй зүйл. Гэр бүл салалт, эцэг эх нь хүүхдүүдээ гудамжинд үлдээх, асрамжийн газар орхих, хоёр хүүхдийхээ хэн нь илүү амьд үлдэх магадлалтайг нь үлдээх зэрэг аймшигтай явдлууд тухайн цаг үедээ энгийн үзэгдэл. Аймшигтай ядуурал, гудамжинд, галт тэрэгний буудалд өвчтэй, орон гэргүй хүмүүс хэвтэж байх нь энгийн үзэгдэл байсан.

-Сүргийн сэтгэл зүйн гэмтлийг ярилцаж байж гайгүй болгоно гэж та үзэж байна. Орчин үед сүргийн сэтгэл зүйн гэмтэл юугаар илэрч байна вэ?

-Поволжийн өлсгөлөнгийн талаар ярьвал үүний золиос нь амиа алдсан таван сая хүн биш. Энэ бүгд бидний мэддэгээр хоёр жил биш таван жил үргэлжилсэн. Өлсгөлөнгөөс үүдэлтэй өчнөөн өвчин, биеэ үнэлэлтээс болж бүсгүйчүүдийн сэтгэл зүйн хүнд байдал дээрэм. Энэ бүгд тухайн цаг үеийн хүүхдүүдэд нөлөөлсөн. Би үүнийг өөрийн гэр бүлийн жишээ дээр харж байна. Манай эмээ Сибирь рүү цөллөгөнд долоон настай байхдаа гэр бүлтэйгээ 16 жил явсан. Цөллөгийн нөхцөлд өсөж торнисон. Манай эмээ их хатуу чанга хүн байсан. Түүний зан ааш хүүхэд, ач зээ нарт нь нөлөөлсөн гэж хэлж болно. Миний аавын аав 1920-оод онд асрамжийн газар өссөн. Дараа нь өөрөө гурван хүүхэдтэй болчихоод нэгийг нь асрамжийн газар өгч, хүүхдийн өмнө үүрэх хариуцлагаа улстай хамт хуваана гэж үздэг байсан. Дайны дараа хэцүү үе. Дараа нь хүүгээ гэртээ үлдээхээр шийдсэн. Тэр нь миний аав. Энэ чинь миний хувьд бас л сүргийн сэтгэл зүйн гэмтэл.

-Амьдарч байгаа бүсээсээ хамаараад энэ цуурай янз бүр тусдаг?

-Газар зүйн байрлалтай холбоотой сэдэв, сэтгэл зүйн гэмтлүүд бий. Ленинградад амьдарч буй айлд гол сэдэв бол блокад. Өөр газөр амьдардаг хүмүүс үүнийг тэдэн шиг ойлгож, мэдэрч чадахгүй. Поволжийн өлсгөлөн ч мөн ялгаагүй. Ганцхан энэ бүс биш. 35 бүс нутаг өлсгөлөнд автсан байсан.  

-Зөвлөлтийн Засгийн газар тодорохой зүйлийг нэрээр нь нэрлээд, гэмт хэрэг гэж үзэж байсан бол сэтгэл зүйн гэмтлийн эмчилгээнд нөлөөлөх байсан уу?

-Мэдээж. Бид үүнийг тайван ярьдаг цаг үе ирнэ гэж бодож байна. Поволжийн өлсгөлөнг Зөвлөлтийн засгийн гэмт хэрэг гэж нэрлэх цаг үе ирнэ.

-Гэхдээ энэ гэмт хэргийг тодорхой хүмүүс үйлдсэн. Таны зохиолд Деева “өөрийн хүслээс гадуур алуурчин”, зэвсэггүй хүмүүсийг бууддаг байсан. Гэхдээ тэр дараа нь галт тэрэгний цувааны дарга болоод хүүхдүүдийг өлсгөлөнгөөс авардаг. Тухайн цаг үеийн хүмүүст сонголт байсан уу. Алуурчин болох уу, ял гүйцэлдүүлэгч болох уу, шоронгийн харгалзагч болох уу. Бид энэ хүмүүсийг шүүмжлэх эрхтэй юу?

-Эрхгүй гэж бодож байна. Би тэднийг шүүмжилдэггүй, их өрөвддөг. Би Деев гэж хэн бэ. Аврагч уу, алуурчин уу энэ асуултад хариулж чадахгүй. Тэрээр тариаланчдын бослогыг дарах, хүнсний террорын үед алж болох байсан хүмүүсээ цувааны үед авардаг. Тиймээс роман хоёрдмол төгсгөлтэй. Түүн шиг хүн олон байсан. Тэд хувьсгалын үеэр, тоталитар системийн үеэр их аллага үйлдэж байсан ч, дараа нь жинхэнэ гавьяа байгуулсан. Өлсгөлөнгөөс хүүхдүүдийг аварч, дархлаажуулалтаар өөрсдийгөө золиосолж, Дорнын эмэгтэйчүүдийг суллахад оролцож, дэлхийн II дайнд тулалдсан. Зөвлөлтийн бүх түүхэнд ийм хоёрдмол байдал элбэг байсан. Иргэний цуст бослого, бүхэл бүтэн нийгмийн давхаргыг устгасан, ард иргэдийг цөллөсөн, ер нь хүчирхийлэл их байсан. Үүнтэй зэрэгцэн Зөвлөлтийн засгаас бүх нийтийн боловсролд анхаарсан, эмэгтэйчүүдийн чөлөөлөлт, шинжлэх ухааны үзэл бодлыг нэвтрүүлсэн. Гэхдээ энэ бүгд гэмт хэргийг нь үгүйсгэхгүй. -Сүүлд гарсан шинэ хууль болох олон нийтийн дунд нацизмыг өмөөрөх, дэлхийн II дайны талаар Зөвлөлтийн үйлдлийг худлаа буруутгах, ахмад дайчдын нэр хүндийг гутаан доромжлох, тэдний талаар ташаа мэдээлэл түгээх үйлдэл гаргавал торгоно гэж байгаа. Тэдний зүгээс дарамт мэдрэгдэж байна уу?

-Одоогоор үгүй. Одоог хүртэл миний зохиолыг цензурдээгүй байна. Миний романыг худлаа буруутгах үйлдэл байсан. Харин хорих хязгаарлах зүйл байгаагүй. Би хуулийн зүгээс дарамт мэдрэхгүй байгаа ч одоо зохиолын эргэн тойрон дахь яриа дарамт болж байна. Нийгэмд өнгөрсөнд хандах хандлага төлөвшөөгүйгээс болж ийм дарамт үүсэж байна.

 

Эх сурвалж: www.polit.mn