З.Батцэцэг

Өндөр настай Хойд Солонгосын иргэн  өөрийг нь Буриадын хил дээр аваачиж өгөхийг хүсчээ. Хойд Солонгосын иргэн эрх чөлөөнд хүрэх гэж яваад Буриадын хил дээр баригдан шоронд орсон ээдрээт түүхийн талаар Буриадын хүний эрхийг хамгаалагч Юлия Жамбалова шинэ, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.  

Буриадын “Байкал-Daily”-ийн мэдээлснээр Хойд Солонгосын гурван иргэн дарангуйлах дэглэмээс зугтахаар шийджээ. Тэд Монголд Хойд Солонгосын Элчин сайдын яам байдгийг мэдээд, тэндээс тус улсад амьдрах оршин суух эрх авахыг хүссэн байна. 2019 оны гуравдугаар сард тэд Монгол руу явж, хууль бусаар хил нэвтрэхээр шийджээ. Улаан-Үдээс газрын зураг аваад, явах замаа төлөвлөсөн байна. Буриадын Боций тосгоноос хил рүү явган явж байгаад  хилээс 100 м-ийн зайд хилчдэд баригджээ. Тэд эхлээд Улаан-Үдийн урьдчилан хориход байсан. Дараа нь шүүхээс тэднийг шорон руу явуулж, нэг жил найман сар хорих ял оноожээ.

Шоронгоос тэднийг хугацаанаас нь өмнө тэнсэнгээр сулласан байна. Нутаг руу нь буцаасан бол тэднийг цаазаар авах ял хүлээж байсан. Гэхдээ гурван сарын төгсгөлд тэдний олон жилийн мөөрөдөл биелж,  тэд Өмнөд Солонгос руу нисэн, удаан хүсэн хүлээсэн эрх чөлөөгөө олж авсан байна.

Гэхдээ анхнаасаа тэд гурав биш дөрвүүлээ байжээ.

“Анхандаа тэд дөрвүүлээ байсан, эрх чөлөөнд хүрэх замдаа нэг нь эрүүл мэндийн шалтгаанаас болж нас баржээ. Түүний цогцос Жидийн дүүргээс олдсон. Монголын хил рүү явж байх замдаа өндөр настай тэрээр найзууддаа намайг орхиод цаашаа явцгаа гэж хэлсэн” хэмээн хүний эрхийг сахиулагч ярьсан байна. Бусад нь түүний талаар юу ч хэлээгүй. Түүнийг Амурск руу буцаж чадсан хэмээн бодоод, түүнийг Оросоос албадан гаргах байх хэмээн айцгааж, юу ч хэлээгүй байна.

-ОХУ-ын мөрдөн байцаах хорооноос мөрдөн байцаалтын өмнөх шалгалтыг хийж, эрүүгийн хэрэг үүсгэхгүй байхаар шийджээ. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар нутаг нэгтнээ нас барсныг дуулаад тэд уйлсан  хэмээн Жамбалова ярьжээ.

Үйл явдлын тухай

“2019 оны гуравдугаар сарын 26-нд мэдээнээс Хойд Солонгосын иргэд Оросоос Монгол руу явах гэж байгаад хил дээр баригдсан тухай уншихдаа сүүлийн хоёр жил тэдний эрхийг хамгаалан ажиллана гэж төсөөлсөнгүй. Өөрийхөө ажлын хүрээнд гадаадын иргэдийг нутаг руу нь буцааж байхтай тулгарсан. Голдуу Казахстан, Узбекстаны иргэд байдаг. Нутаг руугаа буцаад тэд дахиад ОХУ руу буцаж ирэх эрхгүй болдог. Хойд Солонгос бол хууль чангатай, шийтгэл нь хатуу” гэж Жамбалова ярьж байна.

2019 оны дөрөвдүгээр сард түүнтэй Хүний эрхийн хорооноос холбогдон, эдгээр иргэдэд туслах хүсэлт тавьжээ. 2019 оны тавдугаар сард Юлия Жамбалова эдгээр иргэдтэй шоронд очин уулзсан байна. Тэдний нэг нь архаг өвчтэй байсан ба эрүүл мэндийн тусламж хэрэгтэй байжээ. Мөн тэрбээр тамхи татдаг хүмүүстэй хамт хоригдож байсан нь эрүүл мэндэд нь эсрэг заалттай байсан юм. “Тэдний хоригдож байгаа нөхцөлд би шалгалт хийсний дараа түүнийг тамхи татдаггүй камерт шилжүүлж, мөн түүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх хяналтыг би гартаа авсан” хэмээн Жамбалова өгүүлж байна.

2019 оны наймдугаар сард шүүхээс тэдэнд нэг жил найман сарын ял оноожээ.

-“Эрүүгийн байцаан шийтгэх асуудлын талаар авч үзвэл тэд эрх чөлөөнд гарвал ОХУ-д хууль ёсоор оршин тогтнож байгаа эсэх, тэднийг улсаас албадан гаргах асуудал босч ирнэ. Тэд ангиллаараа хүнд гэмт хэрэгт орно” гэж тэр хэлэв.

Тиймээс хүний эрхийг хамгаалах асуудлаар Европын шүүхэд хандсан. 2019 оны тавдугаар сарын 27-нд Хойд Солонгосын гурван иргэнд яаралтай арга хэмжээ авах тухай шүүх болсон. Европын шүүх тэр даруй шийдвэр гаргасан бөгөөд энэ дагуу Оросын эрх баригчдад эдгээр хүмүүсийг Хойд Солонгос руу албадан гаргаж болохгүй гэсэн зааварчилгаа өгчээ. 

Дараа нь 2020 оны хоёрдугаар сарын 6-нд тэднийг шүүхээс тэнсэнгээр суллахаар шийдвэрлэж, Оросын нутаг дэвсгэр дээр түр оршин суух эрх өгчээ.

-Өмнөд Солонгос руу шилжүүлэхийн тулд Москва дахь Элчин сайдын яаманд ярилцлагад орохоор болов. Буриадын Дотоод хэргийн яамны тусламжтайгаар бэлтгэсэн боловч коронавирус, Москва дахь нөхцөл байдлаас болж энэ аялал цуцлагдсан.

Тэдэнд өмгөөлөгч Улан-Үдэд байр олж өгсөн. Тэд Буриадаас өнгөрсөн жилийн зургадугаар сарын 16-нд явсан.

-Москвад тэдэнтэй хүний эрхийн төлөөлөгчид уулзан, тэдэнд түр орогнол өгсний дараа тэднийг Тамбовд байх Дотоод хэргийн яамны дотоодын нүүлгэн шилжүүлэлт, дүрвэгсдийн түр байрлуулах төвд байрлуулан, дараа нь Өмнөд Солонгос руу илгээжээ. 2021 оны гуравдугаар сарын сүүлчээр тэдний мөрөөдөл биелэн Өмнөд Солонгос руу ниссэн хэмээн Юлия Жамбаловагий ярьсныг www.baikal-daily.ru мэдээлсэн байнаэ.

Эх сурвалж: zms.mn