Вакцин хойшлуулсантай холбоотой ГУРВАН талын байр суур

0
хуваалцах
242
үзсэн

С.САРУУЛ

Хатуу хөл хорионы өдрүүдэд вакцины хурдыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж Засгийн газраас мэдэгдээд байсан ч баасан гаригийн шөнө гэнэт 15 хоног хойшлуулах мэдэгдэл гаргасан нь олон нийтийг бухимдуулаад байна. Улмаар вакцин хоорондын тунгийн чанар, үйлчлэлд өөрчлөлт орох эсэхэд эргэлзэж эсэргүүцэл илэрхийлээд байгаа юм. Тэгвэл энэ талаар албаныхан юу гэж тайлбарласныг нэгтгэн хүргэе.

Шадар сайд С.Амарсайхан:

-УОК, Засгийн газар шийдвэр гаргаж, 15 хоногийн хатуу хөл хорионд өнөөдрөөс шилжсэн. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх гэж байна. ХӨСҮТ, ЭМЯ-наас холбогдох эрдэмтдийн зөвлөл цаг үеийн эрсдэлийн үнэлгээг хийж, хатуу хөл хорио тогтоох саналаа УОК, Засгийн газраар хэд хэдэн удаа хэлэлцүүлж, шийдвэрээ өнгөрсөн дөрөв дэх өдөр гаргасан. Энэ хүрээнд халдвар хамгааллын дэглэм, вакцинжуулалттай холбоотой асуудлаар тодруулга өгөх гэж байна.Тархалт эрчимжиж, тохиолдлын тоо нэмэгдэж, эрсдэл бий болсон учраас хатуу хөл хорио тавьсан. Халдварын тархалтыг бууруулах, вакцинжуулалтын ажлын үр дүнг бууруулахгүй байх, хөл хорио тогтсоноос хойш дахин халдварын дэгдэлт бий болгохгүй байх тал дээр бүхий л бололцоог хангах зорилгоор хатуу хөл хорио тогтоож байгаа.15 хоногийн хугацаанд аль болох хатуу хөл хориог үр дүнтэй өнгөрөөхийг та бүхнээс хүсэж байна. Хөл хорионы үед вакцинжуулалтын ажлыг давхар явуулж болохгүй гэсэн ЭМЯ, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг бид дагаж байгаа. Вакцины нөөц тасраагүй.Өнөөдрийн байдлаар 192 мянган вакцины нөөц байна. 19 аймагт халдвар бүртгэгдсэн. Вакцинжуулалтыг хатуу хөл хорионы үеэр давхар явуулах нь дэгдэлтийг нэмэгдүүлэх, багадаа 100-150 мянган вакцинд хамрагдах, хөл хөдөлгөөн гээд үүсэх нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорионы ач холбогдол үгүй болохоор байна. Вакцинжуулалтаа 4 дүгээр сарын 25-ны өдрөөс дахин эрчимжүүлнэ. Вакцины хувьд өнөөдрийн байдлаар тодорхой нөөц байгаа ч гэсэн 4 дүгээр сарын 9-нд орж ирэх 300 мянган тун, 4 дүгээр сарын 12-нд ирэх 300 мянган тун вакцины татан авалт тээвэрлэлтийн хугацаа тодорхой хугацаагаар хойшилсон. Бид иргэдээсээ мэдээлэл нууж байгаа асуудал байхгүй.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-15 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэмд шилсэн. Энэ хугацаанд вакцинжуулалтыг түр хугацаанд хойшлуулсан. Учир нь дөрөвдүгээр сарын 10, 12-нд тус бүр 300 мянган тун коронавирусийн эсрэг вакцин манай улсад ирэх байсан боловч хойшилсон. Энэ биднээс шалтгаалаагүй. Дэлхий нийтээр вакцин хомстсон энэ үед манай улс вакцин үйлдвэрлэгч орон биш гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины тээвэрлэлт хойшилсон юм.Анх Синофарм үйлдвэрийн вакцины тун хоорондын зай 28 хоног байна гэх зөвлөмжийг өгсөн тул энэ хугацаанд вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх болсон иргэн олон бий.

Үүнтэй холбоотойгоор бид Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины талаарх албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс авсан. Ингэхэд Синофарм вакцины Вероселл вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд дархлаа тогтцод өөрчлөлт гарахгүй гэж мэдээлсэн.

Сангийн сайд Б.Жавхлан:

-ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас хойш буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл 14.1 сая вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5.6 сая тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3.1 сая нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8.5 сая тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 хүн амд нийт 4.2 сая тун вакцин шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ.Гэрээ хэлэлцээр хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна. Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Үүн дээр зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр явж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт хоёр сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг ГХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа.Цаг хугацааны хувьд томоохон хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй. тав дугаар сарын эхний долоо хоног гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэддээ эхний болон тодорхой хэмжээний хоёр дахь тунг хийгээд эхэлсэн байна. Зургаа дугаар сарын эхээр гэхэд нийт хүн амынхаа 60 хувьд вакцины хоёр дахь тунг хийж дуусгаад, долоо дугаар сарын эхээр иргэд 2 дахь тунгаа хийлгэн бүрэн дархлаажих юм. Одоогийн байдлаар 192,137 вакцины үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00:00 цагийн байдлаар 608,103 хүн нэг дүгээр тун болон тодорхой хэмжээнд хоёр дугаар тун хийлгэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn