“Хүний махбодыг эцэг эх төрүүлдэг, бүтээх оюун эрдмийг багш төрүүлдэг” гэж Монголын нэрт эрдэмтэн С.Шагж хэлсэн байдаг. Энэ хорвоогийн түмэн бодис, юмс бүхнийг танин мэдэж орчлон ертөнцөд өөрийн өнгө төрх, үйлс бүтээлийг цогцлооход “багш” гэх эрхэм хүмүүний гавьяа оройгүй их ажээ.

ЮНЕСКО-оос жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон 1994 онд зарласан бөгөөд хэдхэн хоногийн дараа дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь өдөр тохиох гэж байна. Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос тэмдэглэж ирсэн. Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулжээ.

Багш нарын баярын өдрийг өдгөө дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл зарим улс орон энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар “Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Бид&Тэд" буландаа онцолж байна.

 

Б.Булгантамир: Сурагчдынхаа талархал, мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрдэг өдөр

Сайн байцгаана уу. Намайг Б.Булгантамир гэдэг. Би НЕБ-ын 161 дүгээр сургуулийн монгол хэл уран зохиолын багшаар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш билээ. Багш нарын баяр мэргэжлийнхээ сайн сайхан, давуу талыг  эцэг эх, сурагчидтайгаа хуваалцаж тэднээсээ хайр, талархал мэдэрдэг онцгой сайхан өдрүүд болж өнгөрдөг. Одоогоос тавхан жилийн өмнө сурагч байх үедээ багш нартайгаа хамт энэ баярыг тэмдэглэж, “Сурагчийн нэг өдөр” хэмээх онцгой өдрийг хүлээдэг байсан. Сурагчид багшийнхаа оронд өөрийгөө тавьж үзэх, багш нарын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг өөрсдийн биеэр мэдэрсний дараа багшийгаа илүү их хайрлаж, анхаардаг юм байна гэдгийг анзаарсан.

Багш мэргэжил бол хүүхдийн суурь хүмүүжил, ирээдүйнх нь амьдралын замыг засдаг онцгой мэргэжил учраас тасралтгүй хөгжих, суралцахаас гадна үргэлж зөв зүйлийг, сайн сайхныг эрдэм мэдлэгтэй хослуулан түгээн дэлгэрүүлэх шаардлагатай болдог. Үүнийгээ энэ өдөр илүү ихээр мэдэрч ухаардаг юм. Мөн уг баярыг тохиолдуулан багш, ажилчдын дунд спортын олон төрөлт тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, хичээлээс гадуурх олон үйл ажиллагаа зохиодог нь бусад багшаасаа суралцах, ур чадвараа солилцоход илүү ойр, дотно болгож байдаг нь талархууштай санагддаг. Эдгээр үйл ажиллагааны дараа багш нар ямар их ур чадвартайг, ямар олон төрлийн авьяастайг, багаар ямар сайн хамтарч ажиллаж чаддагийг их анхаарч  голцуу бусдыг өөртөө татах чадвартай нийтэч зан чанартай хүн багш болдог юм болов уу гэж бодсон. Би энэ сургуульд ажиллаад ахмад багшаасаа туршлагыг нь судлах, ангитайгаа хэрхэн харилцах, ангиа яаж удирдан чиглүүлэхийг, эцэг эх асран хамгаалагчидтайгаа хэрхэн хамтарч ажиллахыг, дунд үеийн багш нараасаа хичээл зүтгэл, идэвхийг нь суралцах, залуу багш нартайгаа багаар хамтарч ажиллах, хоорондоо ур чадвараа,  сурч мэдсэн мэдлэгээ хуваалцах нь чухал юм байна гэдгийг анхаарч мэдэрч байгаа.  Ингэж ажиллахад хамт олон минь надад бүх талаар тусалж дэмждэг учраас би урам зориг дүүрэн ажиллаж байгаа билээ. Бүх багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе!

 

Ц.Ариунаа: Талархдаг багшдаа сэтгэлийн үгтэй ил захидал өгдөг

Сайн уу? Намайг Ц.Ариунаа гэдэг. 2024 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд АНУ-ын Флорида мужийн Орландо хотын “UCP Bailes community academy”-д нэг жил туслах багшаар ажилласан.

Америкт багш нарын баярыг жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт “Teacher’s appreciation day” буюу багш нартаа талархах өдөр хэмээн тэмдэглэдэг. Ингэхдээ нэгдсэн хүлээн авалт, арга хэмжээ хэлбэрээр бус багш нарынхаа хийж буй үйлсэд талархаж буйгаа илэрхийлж ажлын таван өдрийг нь онцгой болгож өнгөрүүлдэг. Миний ажиллаж байсан сургуулийн хувьд, эхний өдөр нь хөнгөн зууш, хоёр дахь өдөр төрөл бүрийн уух зүйл, гурав дахь өдөр амттанаар дайлсан бол дөрөв дэх өдөр багш нар өөрсдөө хүссэн цэцгээ сонгоод баглаа болгон авах боломжтойгоор сургуулийн эцэг эхийн зөвлөл зохион байгуулсан. Тав дахь өдөр нь пицца идэж, хүссэн хүндээ ил захидал, бэлэг өгч өнгөрүүлсэн.

Эдгээр өдрийг хэрхэн өнгөрүүлэх нь сургууль бүрд өөр бөгөөд ангийн багшид заавал бэлэг өгнө гэхгүйгээр хүүхдийнх нь хүмүүжил төлөвшил, сурлагад эерэг нөлөө үзүүлсэн хэмээн талархдаг багшдаа сэтгэлийн үгтэй ил захидал өгдөг. Түүнчлэн энэ өдөр тухайн хотын үйлчилгээний газрууд багш нарт зориулсан урамшуулал, гэнэтийн бэлэг задалдаг. АНУ-ын томоохон брэнд дэлгүүрүүд цэрэг, цагдаа, зэвсэгт хүчнийхэн болон багш нарт хямдралтай худалдан авалт хийх боломжтой байдаг нь энэ мэргэжлийг үнэлэх, хүндлэх мэдрэмж ямар түвшинд байгааг харуулсан юм.

 

Г.Нямсүрэн: Өнгийн цаасаар цэцэг хийн багшдаа бэлэглэдэг

Намайг Г.Нямсүрэн гэдэг. Солонгос улсад Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо мэргэжлээр суралцдаг дөрөвдүгээр курсийн оюутан.

Солонгосоор Багш нарын баярыг “스승의 날” гэж нэрлэдэг бөгөөд 스승 гэдэг багш нарыг хүндэтгэн дууддаг хэллэг билээ. Энэхүү өдрийг манай орноос ялгаатай нь тавдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэдэг. Анх багш нарын баярыг тавдугаар сарын 8-нд тэмдэглэхээр тусгасан ч “Эцэг эхийн баяр” буюу “어버이날”-тай давхацсаны улмаас нэг долоо хоног хойшлуулан тэмдэглэх болсон гэдэг.

Ихэвчлэн ахлах болон дунд ангиудын хичээлүүд дөрөвдүгээр цаг хүртэл ороод үлдсэн цагт өнгийн цаасаар цэцэг хийж багшдаа бэлэглэх, талархлын захидал бичих зэрэг үйл ажиллагаа зохиодог. Гэвч их сургуулийн хувьд сүртэй онцгой тэмдэглэхээс илүү өөрсдийн мэргэжлийн оюутны холбооноос төлөөлөн мэргэжлийн багш болон профессоруудад жижигхэн гарын бэлэг болон цэцэг бэлэглэдэг. Мөн манай сургууль гадаад оюутнуудын дунд өнгийн цаасаар цэцэг хийн багшдаа бэлэглэх, олон улсын оюутнууд өөрсдийн орны багш нарын баярын онцлог, шинж чанарыг хоорондоо солилцон соёлын харилцаа холбоог бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ. Сургууль бол бидний хоёр дахь гэр гэдэг шиг Багш хүн бидний сэтгэлийн гүн дэх эцэг эхээс өөрцгүй билээ.

 

Siobhán Buckley: Энэ өдөр “Баярлалаа, багш аа” гэсэн мэндчилгээний картууд худалдаалагддагаараа алдартай

Намайг Siobhán Buckley гэдэг. Би одоо Ирландын Millstreet дахь Presentation National School-ийн захирлаар ажилладаг. Ирландад жил бүрийн аравдугаар сарын 5-нд Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг. Гэхдээ энэ нь АНУ-ын “Teacher Appreciation Week”, Монголын “Багш нарын баяр”-ын өдөр шиг улс даяар сургууль бүр ижил хөтөлбөрөөр зохион байгуулдаг баяр биш. Харин сургууль, сурагч, эцэг эхээс хамааран багшдаа талархлаа илэрхийлэх хэлбэр нь харилцан адилгүй баярын нэг юм. Сурагчид багшдаа “Thank you” гэсэн энгийн үгтэй мэндчилгээний карт өгөхөөс гадна тухайн багшийн өөрт нь өгсөн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийн талаар сэтгэлийн үг бичиж өгдөг баяр. Тиймээс Ирландад багшид зориулсан талархлын картын төрөл ч олон байдаг бөгөөд “Go raibh maith agat a Mhúinteoir” буюу “Баярлалаа, багш аа” гэсэн ирланд хэл дээрх мэндчилгээ бүхий картууд хүртэл худалдаалагддагаараа алдартай. Мөн хичээлийн жилийн төгсгөлд эцэг эхчүүд хүүхдийнхээ багшид цэцэг, шоколад, аяга, жижиг дурсгалын зүйл зэрэг бэлэг өгөх нь бий. Зарим тохиолдолд нэг ангийн эцэг эхчүүд хамтран бэлэг авч, бүх сурагчдын нэрийн өмнөөс талархлын карт гардуулдаг. Гэхдээ Ирландад багшдаа талархахын тулд заавал үнэтэй бэлэг өгөх шаардлагатай гэсэн ойлголт байдаггүй. Харин хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хэдхэн үгээр ч болов талархсанаа илэрхийлэх нь илүү чухалд тооцогддог. Тиймээс хүүхдийн өөрийн гараар бичсэн захидал, зурсан зураг, ангийн сурагчдын хамтран бичсэн мэндчилгээ нь үнэтэй бэлгээс дутахааргүй утга учиртай санагддаг. Ирландад багшийн хөдөлмөрийг үнэлэх хэлбэр нь нэг өдрийн томоохон баяр, нэгдсэн арга хэмжээнээс илүүтэй багшид “таны хийж буй ажил бидэнд чухал” гэдгийг жижигхэн боловч сэтгэлтэй үйлдлээр илэрхийлэхэд төвлөрдөг. Тиймээс багш нарын баярыг бид тэмдэглэхээс илүүтэй сурагчдынхаа талархалд бялхаж чаддагт энэ баяр оршдог гэж боддог.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 184 (7926)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn