Б.ДОЛЖИНЖАВ

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Монголд хип хопын урлагийг хөгжүүлж, дуугаараа олон эерэг өөрчлөлтийг нийгэмд авчирч байгаа реппер, продюсер Big Gee болон АНУ-ын шилдэг репперүүдийн нэг Lil Wayne нарыг онцоллоо.

Big Gee: Алдаа өвтгөдөг учраас ахиж өвдөхгүйн тулд түүнээсээ суралцах ёстой

Саяхныг хүртэл хип хоп дуулдаг гэхээр зодоон хийдэг, архи тамхи хэрэглэж, болох бүтэхгүй зүйлтэй орооцолддог муу нөхдүүд гэсэн хандлага Монголын нийгмийн “хөрсөнд” гүн шингээд байв. Харин өнөөдрийн байдлаар урлагийн салбарт хамгийн олон сонсогчтой, залуу үеийнхний үзэл бодол, оюун санаанд хамгийн их нөлөөлж, уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч байгаа нь репперүүд л  байна. Нийгмийн тулгамдсан асуудлыг гаргаж ирэн,  олны анхаарлыг төвлөрүүлдэг сэтгүүлчийн үүргээ  уран бүтээлээрээ дамжуулан хэрэгжүүлж байгаа Монголын урлагийн салбарын том төлөөлөл, тод гэрэлтэх “од” бол реппер, продюсер Big Gee юм.

Түүний өвөө Цэрэндагвын Шагдар хэмээх сэтгүүлч мэргэжилтэй хүн байжээ.  Ач хүүгийнхээ хүсэл сонирхол, үг бичих авьяасыг өвөө нь  хөгжүүлсний ачаар Gee хоёрдугаар ангиасаа л шүлэг бичиж эхэлсэн түүхтэй. Ийн 2005 онд РТДС-ийг сэтгүүлч, зураглаач мэргэжлээр төгсөж, тэр үеэс уран бүтээлээ эрчимтэй хийж эхэлсэн юм.

Англи гаралтай гэрэл зурагчин Alex de Mora 2019 оны аравдугаар сард Монголын хип хоп урлагийн өнөө цагийн төлөөллүүдийг баримтжуулахаар "Straight Outta Ulaanbaatar" хэмээх гэрэл зургаас бүтсэн ном болон баримтат киног бүтээсэн билээ.

Гэрэл зурагчин Alex de Mora-гийн баримтат кино Монголын хамгийн алдартай реппэрүүдийн нэг өдгөө 37 настай Big Gee-гийн дүрс, өгүүллээр эхлэх агаад энэ бүтээлийг CNN агентлаг онцолсон байна.

 Дуулахаас гадна тэрээр “Микроны босс”, “Приусны босс”, “Боссын босс” гэсэн гурван цуврал кино,  “Алтан ус”, “Зангараг” “Нарны жим” кинонд дүр бүтээсэн. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 05-нд нээлтээ хийсэн “Гангстер” киноны дуугаа “Born to Rap” нэртэйгээр реппер Desant, DJ Zaya-тай хамтран олны хүртээл болгоод байна.

Мөн өнгөрсөн сард  “Street Dreams” буюу “Гудамжны мөрөөдөл” цомгоо гаргасан тэрээр хийж байгаа цомог, тоглолт бүрээ амьдралынхаа нэг хуудас гэж боддог аж.  Түүний фэйсбүүк хуудас 683 мянган дагагчтай. Дагагчийнхаа тоогоороо Монголдоо нэгт ордог Big Gee “Эргээд бодоход хийсэн алдаануудаасаа л ихийг сурдаг юм билээ. Алдаа өвтгөдөг учраас ахиж өвдөхгүйн тулд түүнээсээ суралцах ёстой шүү дээ” гэв.

Lil Wayne: Би бол дуу хөгжим

Бүх цаг үеийн шилдэг, өөрийнхөө үеийн хамгийн их нөлөө бүхий хип хоп артист гэгддэг АНУ-ын реппер, жүжигчин, бизнесмен Lil Wayne 1982 оны есдүгээр сарын 27-нд төржээ. Анхны дууныхаа үгийг найман настайдаа бичсэн түүний уран бүтээлийн гараа 12 настай байхад нь буюу 1995 онд эхэлсэн. Тэрээр 1991 оны зун “Cash Money Records”-ийн үүсгэн байгуулагч, реппер Birdman-тай уулзснаар хип хопд гүн дурлах болжээ. 

Дараагаар нь 1997 нд “Hot Boys” хамтлагийн хамгийн залуу гишүүнээр элсэж байв. Тус хамтлагийн гаргасан цомог болон дуунууд нь шилдгийн  жагсаалтыг үргэлж тэргүүлсээр ирсэн. Түүний жинхэнэ нэр нь Dwayne Michael Carter юм.

Ийн Lil Wayne-ий 2008 онд гаргасан зургаа дахь цомог “Tha Carter III” нь эхний долоо хоногтоо Америк даяар нэг сая гаруй хувь борлуулагдаж, хөгжмийн салбар дахь түүний нэр хүндийг өсгөсөн юм. Тэрээр Грэмми Авардсын шагналыг таван удаа авснаас “Tha Carter III”-аараа шилдэг реп цомгийн шагналыг авч байв.

Хамгийн сүүлд өнгөрсөн онд 13 дахь цомгоо “Funeral” буюу “Оршуулга” нэртэйгээр гаргасан нь АНУ-ын хамгийн шилдгээр шалгарсан тав дахь цомог нь болж,  шүүмжлэгчдээс эерэг сэтгэгдлийг хүлээн авсан. Түүний цомог дэлхий дахинаа 120 сая хувь зарагдсан бөгөөд дэлхийн хамгийн олон сая хувь цомог нь борлуулагдсан уран бүтээлчдийн нэг юм.

Одоо тэрээр өөрийн үүсгэн байгуулсан “Young Money Entertainment” продакшныхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.  2020 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн өөрийн “Young Money Radio” гэсэн дуу хөгжим, спорт, хошин шог гэсэн бүх зүйлийн талаар ярилцдаг радио шоутай болсон.

Нүүр болон биедээ олон тооны шивээстэй репперийн 14 настайдаа хийлгэсэн анхны шивээс нь аавынх нь нэр байжээ. Мөн тэр духан дээрээ “Би бол дуу хөгжим” гэсэн шивээстэй.  Тэрээр Rikers арал дээр өнгөрүүлсэн дурсамжийнхаа тухай “Gone Til' November: A Journal of Rikers Island “ номоо 2016 онд бичиж байв. Түүний цахим хуудас 48 сая дагагчтай.

Эх сурвалж: www.polit.mn