Банкуудыг “хашаандаа мөнгө ургуулья” аяныг дэмжихийг хүслээ

0
хуваалцах
322
үзсэн

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгээс “Хашаандаа мөнгө ургуулъя” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян нь өвлийн хүлэмжийн фермерийн аж ахуйг хөгжүүлж өрхийн брэндийг хөгжүүлэх зорилготой аж. Энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн тус аянд одоогоор 600-гаад хүн  хамрагдаад байгаа юм байна

Нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт “Манай нийгэмлэгийн гол зорилго бол өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх. Монгол орон эрс тэс уур амьсгалтай, ургамал тариалах боломжтой сар нь хавар, зуны хэдхэн сар л байдаг. Гэсэн хэдий ч  бид жилийн дөрвөн улиралд бүх төрлийн жимс, нарийн ногоогоо өөрсдөө тариалах бүрэн боломжтой.  Гэтэл монголчууд гарал үүсэл нь тодорхойгүй, хаана ямар аргаар ургуулсан нь мэдэгдэхгүй жимс, нарийн ногоог импортоор оруулж ирж зах зээлд нийлүүлж байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал, цаашлаад монгол хүний эрүүл мэнд, амь насанд сөргөөр нөлөөлж болзошгүй учир өөрсдөө эрүүл хүнс тариалан хэрэглэх цаг болсон” гэж онцлов.


“Аянд хамрагдсан хүмүүсээс нэг нь ч зээл авч чадаагүй байна”

 “Хашаандаа мөнгө ургуулъя” аяныхан мэргэжлийн байгууллагаар 0.7 га газарт тохирох бага оврын дулаан хучлагатай хүлэмжийн загварыг боловсруулан бэлэн болгожээ. Тус хүлэмж нь долоон метрийн өргөн, 10 метрийн урттай, 70 мкв талбайтай, гурван тал нь тоосгон ханатай, урд болон дээд тал нь нийлэг хальсан материалтай, дулаан хадгалах хучлагатай байна. Манай улс эрс тэс уур амьсгалтай хэдий ч жилийн 300 гаруй хоног нар гардаг нарлаг орон. Тийм учраас аяны хүрээнд баригдах өвлийн хүлэмж нь өдрийн нартай үед нарны гэрэл, дулааныг шингээж орой зориулалтын хучлагаар хучсанаар дулаанаа хөрс болон тоосгон ханандаа шингээх юм. Энэ загварын хүлэмжинд жилийн дөрвөн улиралд нэмэлт галлагаа, зуух ашиглахгүйгээр жимс, нарийн ногоо тариалах боломжтой гэв.

Өвлийн 70 мкв хүлэмж нь 35-38 сая төгрөгийн өртөгтэй баригдах юм байна. Хүлэмж бариулах санхүүгийн боломжгүй иргэдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төгрөгийн цогц төлөвлөгөөнд тусгагдсан ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл болон бусад төрлийн зээлд хамрагдах боломж бий. Гэвч аян хамрагдсан гишүүд зээлийн материалаа бүрдүүлэн зээлээ хөөцөлдөж байгаа ч одоогийн байдлаар нэг ч хүн зээл авч чадаагүй байгааг тэд хэлэв. “Нийгмийн хариуцлагын хүрээнд манай нийгэмлэг төслөө Ерөнхий сайд, ХХААХҮЯ, Сангийн яаманд танилцуулж албан бичиг хүргүүлсэн ч аль алинаас нь хариу ирээгүй. Тийм учраас бид “Ногоон зээл” олгодог арилжааны банкуудад хүсэлт тавьсан. Энэ долоо хоногтоо эцсийн шийдвэрүүд гарвал ирэх долоо хоногоос манай гишүүд жилийн найман хувийн хүүтэй ногоон зээлд хамрагдах боломж бүрдэнэ” гэж тэргүүн Х.Алтанцацралт хэллээ. “Хашаандаа мөнгө ургуулъя” аянд хамрагдах гишүүдийн хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл ирэх тавдугаар сараас хүлэмжээ барьж наймдугаар сард эхний ургацаа хураан авах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ аян таван жил үргэлжилнэ гэв.

 

“Хашаандаа” нэрийн барааны дэлгүүрийг байгуулна

МХФХН аянд хамрагдаж буй иргэдэд технологийн сургалтанд суух, хөнгөлөлттэй үрээр хангагдах, бизнесийн төсөл бэлтгэх, өөрсдийн бүтээгдэхүүнийг худалдаалах боломжоор хангах  зэрэг олон талаар дэмжлэг үзүүлнэ. “Хашаандаа мөнгө ургуулъя” аян өөрсдийн тарьсан ургацаараа “Хашаандаа” брэнд үүсгэн нэрийн барааны дэлгүүртэй болох зорилготой. Ямар технологиор, аль хашаанд, хэн ургуулсан гээд бүх мэдээллийг багтаасан шошготой баталгаатай, эрүүл хүнсийг нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Нэг өрх өөрсдийн тариалсан ургацыг худалдаалахын тулд зайлшгүй шошго, бар код, зөвшөөрлийн бичигтэй байх зэрэг шаардлагууд нь өрхийн аж ахуй эрхлэгчдэд хүндрэлтэй гол асуудал болдог. Тийм учраас нийгэмлэгээс өрх бүрд хүссэн тоогоор нь нэгдсэн шошго, зөвшөөрөл гаргаж өөрсдийн бүтээгдэхүүнийг “Хашаандаа” нэрийн барааны дэлгүүртээ худалдаалах боломжоор хангах юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.9 БААСАН № 72 (6549)