“Шүгэл үлээгч” сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй

0
хуваалцах
186
үзсэн

С.УЯНГА

 

Монгол Улс хаврын чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ингэснээр Ази тивдээ анх удаа “шүгэл үлээгч”-ийг эрх зүйн зохицуулалтаар хамгаалсан, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллага, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хамгаалах төрийн зохицуулалттай улс болж байна. Хэдийгээр хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээ, конвенцуудад нэгдээд 30 жил болсон ч бодит байдал дээр хүний эрхийн хамгаалагчдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, амь насанд нь халдсан тохиолдол гарсаар байгаа. Тиймээс хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ хамгаалах шаардлага бий болоод байсан юм.

Хуульд “хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсвэл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, хүчирхийллийн бус арга замаар хүний эрхэм чанар, олон улсын эрх зүйн нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, хамгаалахад оролцож байгаа хүнийг нэрлэнэ гэж заажээ. Хуультай болсноор хүний эрх хамгаалагчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд хуваарилах юм. Мөн хүний эрх хамгаалагчийг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Хүний эрх хамгаалагчийн хороотой болж байна. Хороо нь хүний эрх хамгаалагчид халдсан мэдээлэл, гомдлын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлэх, бичгээр хариу авах, эрсдлийн үнэлгээ хийх, хүний эрх хамгаалагчийг хамгаалах шаардлагыг үнэлж дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлах юм. Харин хороо ашгийн бус хуулийн этгээдээс нэр дэвшин сонгогдсон дөрвөн гишүүн, ХЭҮК-ын гишүүн, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байхаар хуульд тусгажээ. Хорооны дарга, гишүүд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэх бөгөөд үйл ажиллагааны санхүүжилтийг комиссын төсөвт тусгах юм.

 

Тэгвэл хуулийн онцлох өөрчлөлтийн нэг нь “Шүгэл үлээгч” сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй байхаар заажээ. Хүний эрхийг хамгаалагч дараах эрх, үүрэгтэй байхаар хуульчиллаа.

  • Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалахад оролцох хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор тайван жагсаал, цуглаан санаачлах, зохион байгуулах, оролцох, мэдээллийг түгээх
  • Үндэсний, гадаад улсын, бүс нутаг, олон улсын байгууллага, эвсэл, сүлжээтэй харилцах, хамтран ажиллах.
  • Хуулиар хориглосноос бусад арга замаар санхүүгийн нөөц, эх үүсвэрийг хайх, хүлээн авах, захиран зарцуулах.
  • Төрийн болон бусад байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг хүлээж авах, эрж хайх, олох, мэдэх, хэвлэн нийтлэх, хадгалах, хуваалцах;
  • -Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явцад олсон мэдээллийн эх сурвалжийг тухайн хүний эрхийн зөрчил шүүх хуралдаан, нийтийн сонсголд ажиглалт хийх, төрийн байр сууриа илэрхийлэх.
  • Хүний эрх хамгаалагчийн хувиар явуулсан үйл ажиллагааны үед халдлагаас хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, сэтгэл санааны болон бодит хохирлоо барагдуулах, нөхөн төлбөр авах.
  • Цахим мэдээллийг нууцалсан хэлбэрээр солилцох, халдахаас хамгаалуулах;
  • Хүчирхийллийн арга, тайван бус замаар үйл ажиллагаа явуулах, явуулахыг уриалахыг хориглоно.
  • Хүний эрх хамгаалагчийн алдар хүнд, нэр төрийг хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: ХЭҮК-ын бүрэлдэхүүнд хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнийг шинээр томилно

 

-Манай ул­сын эрх зүйн тогтол­цоонд, тэр дундаа хүний эрхийг хам­гаалах систе­мийн хүрээнд нэг шинэ алхам хийгдлээ. “Хүний эрхийг хамгаалагч” гэх ухагдахуун, цоо шинэ ойлголт манай эрх зүйн тогтолцоонд орж ирж байгаа гэдэг утгаараа цар хүрээгээ тэлж байгаа юм. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, шинэчлэгдэж байх ёстой юм. Хүний эрхийг хамгаална гэдэг зөвхөн төр, ХЭҮК-ын ажил биш. Хүний эрхийг хамгаална гэдэг заяамал, иргэн бүрийн эрхийн асуудал учраас бүгд нийтээрээ хамгаалж байх ёстой. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд дуугарч байгаа цөөн хүнийг дуугарах эрхийг нь урамшуулж, хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоотой болгох нь чухал байдаг. Ингэснээр нийгэм өөрийгөө хамгаалах чадвар бэхжинэ. Цаашид хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийг хамгаалах шинэ тогтолцоог бий болгоход төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон учраас иргэний нийгмийн нэгдлүүд хүчтэй дуугарч, дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй. Иргэн бүрийн эрх хамгаалагдах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.9 БААСАН № 72 (6549)