Д.БОЛОР

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх нь зөв, буруу гэх мэтгэлцээн түшээдийн дунд өрнөж байна. Зөв гэсэн үзэлтэй гишүүд “Гэмт хэрэг үйлдснээ нуун дарагдуулах, хамгаалалт авахын тулд бизнесийн бүлэглэлийнхэн улс төрд орж ирж байна. Ийм тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх нь зүйтэй” гэнэ. Харин нөгөө хэсэг нь “Шүүх шударга бус ажилладаг, улс төрийн захиалга биелүүлдэг энэ үед УИХ-ын бүрэн эрх халдашгүй байх ёстой” хэмээн бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх заалтыг авч хаяхыг хүсч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай заалтынталаар ямар саналтай байгаа вэ?
-Шүүх засаглал нь өөрөө хангалттай шударга биш энэ үед УИХ-ын гишүүний эрх халдашгүй байх ёстой. Яагаад гэвэл улс төрийн захиалгаар эсвэл өрсөлдөгчөө гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэлмэгдүүлэх магадлал Монголын өнөөгийн шүүхийн төвшинд байсаар байгаа. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүний онцгой эрх байх нь зүйтэй. АНУ-д онцгой эрх байдаггүй юм билээ. Учир нь шүүх засаглал нь шударга учраас санаа зовоох асуудалгүй. АНУ-ын ардчилал өнөөгийн төвшинд хүрэхэд 200 жил зарцуулсан байдаг юм билээ. 100 жилийн өмнө гэхэд олигархын засаглал тогтсон, улстөрчид нь эдийн засгийн бүлэглэлд хамаарч байсан үе. Харин одоо бол АНУ энэ бүхнээс татгалзаж ардчилалд жинхэнэ утгаар шилжиж УИХ-ын гишүүний эрх халдашгүй байх шаардлагагүй болжээ. Шүүх нь шударга учраас тэр.
-УИХ-ын гишүүд халдашгүй эрхтэй байх ёстой гэсэн үг үү?
-Шүүх нь өөрөө шударга биш, улс төрийн захиалга гүйцэтгэж байгаа энэ үед УИХ-ын гишүүдийг бие биенээс нь хамгаалах шаардлагатай.
-Далд гэмт хэрэг биш юм гэхэд олон нийтийн өмнө гэмт хэрэг үйлдсэн байвал яах вэ?
-Тэрийг бол хэн ч хаана ч хамгаалж чадахгүй. Ийм тохиолдолд зохих хариуцлагаа хүлээх нь зүйтэй. Харин батлагдах нь мэдэгдэхгүй гүтгэлэг эсвэл сонгуулийн өмнө элдвээр гутаан доромжлохын эсрэг энэ заалт байх ёстой. Улс төрийн нам, хэн нэгний хүсэлтээр дөрвөн жил байцаачихаад “Гэмт хэрэг үйлдээгүй байжээ” гээд суллавал хэцүү шүү дээ.
-Бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх саналаа тавих хүртлээ мөрдөн байцаагч нь хангалттай нотлох баримт цуглуулна гээд байгаа шүү дээ?
-Мөрдөн байцаагч хангалттай баримт цуглуулсан ч шүүх дээр очихоор нотлох баримт хангахгүй байна гэж үзэх нь бий. Тэр тусмаа улс төрийн хүнийг улс төрийн шалтгаанаар зо риуд буруутгах үзэгдэл байгаа учраас одоохондоо шаардлагагүй юм. Хожим болох байх аа.