Б.ОД

Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол заавал эмнэлгийн тусламж авах шаардлагагүй, бусад улсын туршлагаас харахад 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг зөвлөж байгаа гэж ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдэгдлээ.

Тэрээр "Тодорхой хэмжээгээр шинж тэмдэг илрэх буюу халуурвал шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Гэрээр тусгаарлагдаж эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст ЭМЯ-наас багц бэлдсэн. Тэр багцад  халууны шил, халуурвал уух парацетамол, 10 хоногийн турш уух витамин С, Д багтаж байгаа. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүн эмнэлгийн тусламж шаардлагатай бол өрхийн эмнэлэгтээ хандана. Халдвартай нь батлагдсан ч ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол гэртээ өөрийгөө тусгаарлаад дархлаагаа дэмжиж, сайн амрах хэрэгтэй. Түүнчлэн биеийн байдал огцом хүндрэх тохиолдолд хаашаа, хэрхэн холбогдох талаар зөвлөмжийг гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст өгч байгаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn