Д.ОЮУН

Сонгуулийн жилийг хүлээгсэд хариултаа нэг мөсөн авлаа. 2012 оны сонгуулийн дүн олон хүнийг цочролд оруулж, заримынх нь цөсийг хөөргөөд авав. Сонгуулийн урьдчилсан дүнг дуулаад АН-ынханд мад тавиулсан МАН-ынхан чихэндээ итгээгүй. Итгэхийг ч хүсэхгүй байсан биз. Сүүл сүүлдээ бүгд “шок”-онд оров. МАН-ынхан одоо сэхээ авч цаашдаа яах ийхээ ярих цаг болсон байлтай. Нэрээ сольсноос сонгуулийн санал хуваагдаж хамаг хэрэг мандлаа, АН-ынхны оруулж ирсэн автомат тоологч машин буруутай гэх мэтээр бурууг бусдаас эрэлгүй дотооддоо шинэчлэл хийж бодит байдалтай эвлэрэх цаг хаяанд иржээ.
Намаа ялагдвал хариуцлагыг өөрийн биеэр үүрнэ хэмээн нэгэнт ам алдсан Ухнаагийн хүү хаана цохиж яваа бол, бараа сураг ч алга. Бас намын дарга, Сүхбаатарын хүү ч таг чиг. Сонгуулийн үеэр тэр хоёр шиг камерын өмнө олонтаа инээмсэглэн зогссон хүн ховор шүү.
Сонгогчидтой хийсэн уулзалтууд дээр 90 жилийн түүхтэй МАН, хэдхэн ойтой МАХН-ын ялгааг тайлбарлах гэсээр үнэтэй цагаа барж явсан Сү.Батболд сүүлийн хэд хоног бодолд дарагдаж суугаа болов уу. Тэдний ичих булчирхай ажиллаж байгаа бол хурдхан МАН-ын ээлжит бус бага хурлыг зарлан хуралдуулж орон нутгийн сонгуульд намыг ялалтад хүргэх шинэ удирдлагын бүтцийг хэлэлцэх учиртай гэж ахмад гишүүд нь хүлээлттэй сууна. Нэг хүнийг тахин шүтдэг соц нийгэмд бид амьдраагүй. Тийм учраас УИХ-ын хотын тойргийг Нийслэлийн ИТХ-тай нь тавиад туучихсан Нийслэлийн МАН-ын хорооныхон ч гэсэн банга хүртэх ёстой байх. Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцдог механизм аль ч нам, хүчинд байх ёстой. Улс төрийн ууган хүчин МАН-ын дарга Сү.Батболд ба түүнийг хүрээлсэн дарга нарын арми “Би намын жагсаалтаар орж ирсэн” хэмээн УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд шигдэн дөрвөн жилийг авах гэж байгаа бол МАН ялзарсны шинж гэж үзэх ч хүн байна. Хүн гэдэс дотроосоо эхлээд цэвэрлэгээ хийж эрүүл мэндээ дэмжин урт наслахаа боддог доо. Улс төрийн ууган хүчин МАН дотроо цэвэрлэгээ хийж, хариуцлага тооцон эрүүлжих цаг болжээ.
УИХ-ын хотын тойрог болон НИТХ-ын сонгуулийг МАН тэр чигээр нь АН-д алдсан. 45-уулаа гэж бүлгэрхсээр Үүл баатар цаашдаа хотыг удирдахаар боллоо. Г.Мөнхбаяр даргын сонгуулийн сурталчилгааны үг эсрэгээрээ эргэж “Биологийн багш мэргэжилтэй хүн цахилгаан станцыг удирдах”-тай ижил юм болов. Ингэж бичиж байсан хүн Э.Бат-Үүлийн командад орж ажиллана гэдэг жаахан ичгэвтэр. Тиймээс л хотын дарга өчигдөр болсон шуурхай зөвлөгөөний үеэр хийсэн ажлаа тайлагнаж, бие нь тааруу үед дэмжиж, хамжиж ажилласан хамт олондоо талархаад эрүүл мэндээ хамгаалахыг уриалсан. Энэ нь цаана намын хороогоо эрүүлжүүлэх давхар санаа ч байж болох юм.
Сонгуульд ялагдлаа гэж ялархаж суухаар МАН цээжээ дэлдэн пээдийж байсан дарга нарт хариуцлага тооцож намын бодлого, ажлаа чангалахгүй бол дараагийн сонгууль айсуй.