Ө.ХҮҮ

 

Он солигдож,  цаг тоол­лын хуудас эргэсэн ч  уламж­лалдаа суурилсан улс төр үргэлжилж  байна. Энэ онд болох, болж  мэ­дэх үйл явдлуудын талаар хэвлэлүүд өөр өөрсдийн  өнцгөөс эхний дугаараа­саа эхлэн тоймлож буй юм. Өнгөрсөн УИХ-ын  сонгуулиар гарсан үр дүн улс төрийг улам сонирхол­той болгож МАН сөрөг хүчний байр сууриас тог­лолт хийх болсон нь чухал үйл явдал байсан гэж  болох билээ. Одоогоор  МАН, АН, МАХН, МҮАН, ИЗН гэсэн таван субьект улс төрийн зур­гийг зурж байгаа.  Мэдээж МАН, АН, МАХН гол дүрд байж нөгөө  хоёр нь богино зайн  тоглолт хийсэн шиг  бусдаасаа  хамааралтай байх нь нэг их өөрч­лөг­дөхгүй дүр зураг болов уу.

Ерөнхийдөө  шинэ  оны улс төрийг Ерөн­хий­лөгч  эхлүүлж  орхилоо.  Тэрээр Цэцээ  гүний  ор­гилд  гарч, сүлд хийморио даатгасан нь 2013 оны онцлох үйл явдлын нэгээр зайлшгүй тодрох Ерөн­хий­лөгчийн сонгууль  угтсан PR-ийнх нь  эхлэл  байсан гэж болно. Өнгөр­сөн хоёр шатны сонгуу­лийн маргаан дуусаагүй байхад шинэ он дөнгөж гараад л  шинэ сон­гуулийн чимээ залга­лаа. Намууд хэнийгээ Ерөн­­хий­лөгчид сойх, хэрхэн тохиролцох зэргээ одоо­ноос ярилцаж эхэл­сэн. АН бүх болом­жийг гартаа атгаж байгаа­гийн хувьд Ерөнхийлөг­чийн сонгуу­лийг алдах­гүйн тулд янз бүрийн аргаар ажиллаж таарна. Ц.Элбэгдорж  албан тушаалаа үргэлж­лүүлэ­хийн төлөө өөрийн­хөө нэрийг дэвшүүлэх нь тодорхой. Харин нийг­мийн масс түүнд хэрхэн хандаж буй, тэрээр өнгөр­сөн дөрвөн  жилд юу хий­сэн бэ гэх мэт асуудлаас  болж  Ерөн­хийлөг­чид нэр дэвшигчийг тодруулах ҮЗХ-ны хурал нэ­лээд ши­рүүн болох  нь гарцаа­гүй байх. АН-ын хувьд на­мынх­наа албан тушаалд томилох ажилд гаршиж буй энэ үед фракцуудынх нь зөрчил хурцдаж буй. Тэгээд ч энэ субьектээс  Ерөнхий­лөг­чид  нэр  дэв­ших санаагаа  цухалзуул­даг  хүмүүс  Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Ж.Амар­жар­гал  гэх мэтээр  цөөн  биш. Л.Гүндалай ч  тоглолт хийж  гарч ирэх нь асуултгүй. Энэ байдал  юунд хүргэх вэ гэхээр намдаа гомдсон хүмүүс бие даагч болж гарч ирэх магад­лал өндөр юм. Ийм бол­гох­гүйн тулд намын дарга болоод Ерөнхий  сайд хэрхэн ажиллах нь харин одооноос таавар­лаш­гүй, мөн сонирхол татах нь зүйн хэрэг.

2013 оны Ерөнхий­лөг­чийн сон­гуульд хамаг байд­­гаа зориулахаас арга­гүй нам бол яах аргагүй МАН. Олон жил Засгийн эрхийг ат­гаж суусан тэд өнөөг хүр­тэл хар дарсан зүүднээсээ бүрэн салаагүй л  явна. Тиймээс Ардын намынх­ны хувьд энэ удаад яалт байхгүй ялагдах эрхгүй сонгууль. Хэрэв  энэ удаад  тэд тойргийн  гадна хо­цор­вол нэг хэсэгтээ  байр суурин­даа  очих гэж зовох болно. Энэ намаас хэнийг Ерөн­хий­лөгчид нэр дэв­шүүлэх вэ гэдэгт намын дарга  Ө.Энхтүвшингээс эхлээд М.Энхболд нарын нэлээд хэдэн лидерийнх нь нэр дуулддаг. Харин намын­хаа үнэнч хамгаа­лагч У.Хүрэлсүх ирэх сон­гуулиар хэр сайн  менежер гэдгээ харуу­лахаар шийд­сэн тухай зарим эх сурв­алж өгүүл­ж байна. Тэгэ­хээр 2013 оны улс төрд МАН илүү хариуцлага­тай, алдаагүй тоглолт хийх шаардлага тулгарч байгаа  гэсэн үг. Иймээс эв  нэгд­лээ сахиж нэр дэвшүүлэх  асуудалд нэг их чимээ, шуугиан гаргалгүй, их хурлаа ч намдуухан хийх болов уу. 

МАХН-ын 2013 оны улс төр АН,МАН-аас ялгаагүй адармаатай бас сонирхолтой байх дүр зураг байна. Намын дарга Н.Энхбаяр Ерөнхий­лөгчид нэр дэвшигч байх нь гарцаагүй. Харин нөх­цөл  байдал одоо бай­гаагаасаа  дээрдэхгүйгээр, Н.Энхбаяр нэр дэвших  боломжгүйгээрээ үлдвэл  намаас нь жагсаалтын дээгүүр байгаа хүмүүс өрсөлдөх байх  гэж  улс төр судлаачид  таамаглаж буй  юм билээ. Улс төрд  урдаа туг барьж яваа дээрх гурван намаас гадна МҮАН, ИЗН УИХ, Зас­гийн газарт оролцоо­той байгаа боловч тэднээс  бие  даасан лидер гарч мара­фонд ялах магадлал  бараг үгүй тул тэд тохиролцооны системээр ажиллах бо­лов уу. Ингэхээр яалт байх­гүй 2013 он Ерөн­хий­лөгчийн сонгууль хэмээх дуулиант үйл явдалтай, үүнийгээ дагасан сонир­холтой, лоббитой, цадиг­гүй улс  төрийн тоглолттой өнгөрөх  ажээ.